Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

Монголчуудын  байлдан дагуулалт, их түүхийн эхлэл. Цаг хугацааны шуурганд элэгдэж, балраагүй Монголын түүх. Хаан байх, эцэг байх, хүн байхын утга учир Арчуг хаан. Энэ түүхийг тэртээ 1998 онд Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн бидэнд “Тамгагүй төр” жүжгээр бичиглэж үлдээсэн юм. Монголын театрыг эзэгнэж, найруулагчдын чансаа, ур ухааныг сорьж ирсэн энэхүү бүтээлийг хамгийн сүүлд буюу өнгөрсөн онд “Херо” энтертайнмент, Б.Баатар найруулагч шинэчлэн тавьсан билээ. Тэгвэл энэхүү бүтээл маргааш дэлхийн урлагийн охь болсон АНУ-ын Лондон мужийн  "Колизей" театрт "The Mongol Khan" нэртэйгээр олон улсын үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ.

 

Эхний хоёр өдрийн тасалбар дууссан

Монголчууд үнэн түүхтэй ард түмэн. Морин дээрээсээ дэлхийн талыг эзэгнэж, их эзэнт гүрэн, хүчирхэг армийг байгуулж, дэлхийд ноёрхлоо тогтоож явсан тэртээх он жилүүдийн байлдан дагуулалт, сүр хүч үргэлжилсээр байгаа билээ. Тиймээс ч түүхийн хуудсанд мөнхөрч үлдсэн суу алдрыг “Тамгагүй төр” Монголын театрын тайзнаа авчирсан бол өдгөө тэд мориныхоо хурдаар дөрөө нийлүүлэн дэлхийд Монголын түүхийг тамгалахаар ийнхүү Лондонд очоод байна. "The Mongol Khan" жүжгийн уран бүтээлчид өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт Лондон хотод болсон "The Lord Mayor's" шоунд оролцсоноор олон улсын хэвлэлийн анхаарлын төвд орсон юм. Манай уран бүтээлчид “Өв” брэндийн монгол дээлээр гоёж, төв гудамжаар морьтой явахад тааралдсан хүн бүр баяр хүргэж, зургаа авахуулж, талархал илэрхийлж байсан нь бахархмаар. Энэ бол Монголын театрын урлагийн ертөнцөд тод томруунаар бичигдэж үлдэх чухал үйл явдал билээ. Учир нь манай театрын уран бүтээлчид 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр дэлхийн театрт жүжиг тоглож байсан удаагүй. Тиймээс ч онцгой ач холбогдол өгч байгаа нь дамжиггүй. Жүжиг маргааш нээлтээ хийж, 15 өдрийн турш тоглогдох юм. Тэгвэл одроогийн байдлаар жүжгийн эхний хоёр өдрийн тасалбар дууссан гэж цахим борлуулалт хариуцаж буй https://londoncoliseum.org/ хуудсанд мэдээлжээ. Тэгвэл Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжгийн тухай Английн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ямар мэдээлэл гарч буй тухай тоймлон хүргэе.

 

"Монгол Хаан"-д тавтай морил

Өдөр бүр 1.1 сая хувь хэвлэгддэг "London Evening Standard" сонинд Их Британийн "Колизей" театрт энэ сарын 17-нд нээлтээ хийх "The Mongol Khan" жүжгийн тухай нийтлэлч Вики Жэссоп ийнхүү бичжээ. Тэрбээр Монголд ирж, "Тамгагүй төр" буюу олон улсад "The Mongol Khan" нэрээр гарч буй шилдэг бүтээлийг үзэж сонирхсон байна.

-Акробатчид, хөөмийчид болон Шекспир... Лондонд ирсэн хамгийн галзуу хийгээд цоо шинэ бүтээл болох "Монгол Хаан"-д тавтай морил. Монголын хамгийн том театрын тоос шороотой шаланд яг л ид шид оршин буй мэт. Ил гарсан утаснаас эхлээд хуучирсныг нь илтгэх театрын даруухан барилга дотор гайхалтай сүрлэг хувцасласан жүжигчид ээлжээ хүлээн зогсох бөгөөд гялалзсан даавуугаар чимэглэсэн хувцас бүхий эмэгтэй толгойдоо титэм мэт малгай өмсөн, камерын өмнө инээмсэглэн зогсоно. Түүний ойролцоо өлгүүрт үзэсгэлэнд л ашиглагдахаар гоёмсог хувцас өлгөөтэй байх аж. Монголын тал нутгаас Лондоны "Колизей" театрыг зорин ирж, хоёр долоо хоногийн турш тоглох болсон "Монгол хаан" жүжгийг үзэхээр зорьж очсон надад жүжигчдийн бие халаалтаас эхлээд бүх үзүүлбэр нь сэтгэл татам, түүнд автам байв.  Акробатчид биеэ гайхалтай хэлбэрт оруулж, цамхаг мэт давхралдан, сэтгэл хөдлөлийг дүрслэн үзүүлэв. Нэгэн чинээлэг, нөмрөгтэй эр тайзан дээр гартаа хутга барин гарч ирлээ. Тэр яг л цуст өшөө авахад бэлэн алхана...  Жүжиг бүхэлдээ "Араатны хаан арслан"-г "Лир хаан"-тай хослуулсан мэт сэтгэгдэл төрүүлж байлаа. Тус жүжгийн найруулагч Херо Б.Баатар бидэнд  "Энэ жүжиг бодит амьдрал дээр болсон үйл явдал биш, зохиомол түүх. Тус жүжиг харьцангуй сонгодог төрөлд тооцогдох бөгөөд олон хүмүүс энэ гайхалтай бүтээлийг Монголын Шекспир гэж нэрлэдэг" хэмээн хэлэв... гэж жүжиг үзсэн сэтгэгдлээ нийтэлжээ.

Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжиг алс холын Лондоныг зорихоосоо өмнө эх орондоо 150 удаа тоглож, рекорт тогтоогоод байгаа билээ. Жүжиг Арчуг хаан хоёр хатантай байх бөгөөд  хатад нь нэгэн зэрэг түүнд хүү төрүүлж өгчээ. Энэ зуурт бусармаг этгээдүүд хөвгүүдийг хооронд нь солих бөгөөд үүнээс үүдсэн урвалт, ан цав үүсэж, эзэнт гүрний ирээдүйн төлөөх тэмцэл өрнөдөг билээ. Найруулагч Б.Баатар  жүжгээ "Үндэсний онцлогоо хадгалж үлдэх, дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх, дэлхийд юу санал болгож чадахаа харуулах гэсэн бидний анхны оролдлого" гэж тодотгосон нь бий.

 

Тасалбар 60-230 мянган төгрөгийн үнэтэй

Харин Лондонгийн урлагийн тухай мэдээлэл түгээдэг https://www.standard.co.uk сайтад “Монгол хаан” жүжгийн тухай мэдээлэл нийтэлжээ.

“Монгол бол Орос Хятад гэх хоёр том гүрний дунд байдаг жижиг улс. Театрын хөгжлийн хувьд олон жилийн түүх байхгүй. Гэвч “Монгол хаан” жүжиг нь үндэсний онцлогийг шингээсэн гайхалтай бүтээл. Тус жүжигт хоёр мянга гаруй жилийн өмнөх Монголын эзэнт гүрний түүхийг өгүүлэх юм. Энэхүү бүтээлийг монголчуудын Хүннү гүрний уламжлалт нүүдэлчин соёлоос сэдэвлэсэн гэдгээрээ онцлог. Жүжгийг бүжиг болон гоёмсог хувцас хэрэглэлээр амилуулжээ. “Монгол хаан” жүжгийг үзсэнээр Монголын эзэнт гүрний түүхийг илүү мэдэж болно.Тус жүжгийн найруулагч нь Б.Баатар. Тэрбээр энэхүү жүжигт урлагийн бүхий л төрөл багтсан гэж онцолсон. Монголын театрын уран бүтээлчид ийнхүү анх удаа Лондонд 70 хүний бүрэлдэхүүнтэй иржээ” хэмээн нийтэлжээ. “Монгол хаан” жүжгийн тасалбарын үнэ суудлын зэрэглэлээсээ хамаараад монгол мөнгөөр 60-230 мянган төгрөгийн хооронд байгаа аж. Сонирхуулахад, Өвөр Монголд "The Mongol Khan" жүжгийг гаргахыг хориглосон тул цаашид тус жүжгийг Монголд болон Лондонд үзэхээр ирсэн өвөрмонголчуудад уран бүтээлчдийн зүгээс 20 хувийн хөнгөлөлт олгохоор болжээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 16. ПҮРЭВ ГАРАГ. № 229 (7214)