Б.НАНДИН

Морин уралдааны Лексус Мельбурн цомын энэ жилийн тоглолт өнгөрсөн лхагва гарагт шинэ аварга төрүүлсэн амжилттайгаар өндөрлөсөн байна. Уралдааны тамирчин Марк Захрагийн унаж уралдуулсан “Without a Fight” буюу “Тэмцэлгүй” нэрт хүлэг барианд тэргүүлжээ. Тэргүүн байрт шалгарсан долоон настай Ирланд гаралтай адууг Австралийн Флемингтон хотын иргэн Энтони, Сэм Фридман нар уяж дасгалжуулдаг бөгөөд эзэддээ анхны аваргын цомыг авчирсан нь энэ. Морин уралдааны хамгийн томоохонд тооцогддог, 3.2 км зайд уралддаг тус тэмцээний энэ удаагийн шагналын сан 8.4 сая ам.доллар байв.

“Without a fight” Лексус Мельбурн цомын нэгдүгээр хэсэгт түрүүлснээр, карьерын орлого нь 9.4 сая ам.долларт хүрч, уралдааны элит морьдын ангилалд багтах болжээ.

Харин тус морийг унаж уралдуулсан Марк Захра ч өөрийн хувийн амжилтаа эвдсэн байна. Тэрбээр өнгөрсөн жил болсон Лексус Мельбурн цомын тэмцээний үеэр “Golden Trip” хүлгийг унаж мөн тэргүүлж байсан юм. Энэхүү цомын тэмцээнд дөнгөж хоёр удаа оролцсон ч хоёуланд нь унасан морио түрүүлүүлж чадсан түүний амжилт морин спортын дээд амжилтыг эзэмшдэг Харри Уайтын араас бичигдэж байна.

Австралийн Викториа морин спорт клубээс зохион байгуулдаг энэхүү уралдааныг “Тоёота”-гийн алдарт  “Лексус” брэнд ивээн тэтгэдэг учир ийн нэрлэжээ.

Лексус Мельбурн цомын үеэр зөвхөн морин спортын тэмцээн болдоггүй. Австралийн Мельбурн хотноо уламжлал болон зохион байгуулагддаг энэхүү уралдааны үеэр дэлхийн өнцөг булан бүрээс спорт сонирхогчдоос гадна урлаг соёл, бизнесийн олон алдартнууд цугларсан томоохон фестиваль болдог уламжлал тогтжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 10. БААСАН ГАРАГ. № 225 (7210)