Баатарын НЯМСҮРЭН

“Зууны мэдээ” сонин “Өөр зочин” буландаа “Bee” театрын найруулагч, жүжигчин Б.Баттулгыг урьж ярилцлаа.

 

-Хоёулаа ярилцлагаа таны бага наснаас эхэлье. Урлагийнхан ихэвчлэн багаасаа л ирээдүйгээ бодож мөрөөдсөн байх нь бий?

-Миний бага нас Говь-Алтай аймгийн Жаргалант суманд өнгөрсөн. Аав ээж минь малчин хүмүүс. Тиймээс  малын бэлчээрт дуулж өссөн дурсамж бий. Аавын талд сайхан дуулдаг хүн олон. Тиймээс би урлагт дуртай, дуучин болно гэж дотроо боддог байж билээ. Ингээд 2006 онд Жаргалант сумын ЕБС-д элссэн. Сургуулийн урлагийн үзлэг, аймгийн хэмжээний  тэмцээнд оролцож байсан нь өнөөдрийн замналын эхлэл байжээ. Сумандаа есдүгээр анги хүртлээ сурсан. Ингээд Завхан аймгийн Хөгжим бүжгийн коллежид ардын хөгжмийн ангид элсэж байлаа. Оюутан болох үед өөртэйгөө их ажилласан. Би ямар хүн билээ, цаашид юу хийх тухайгаа бодож шийдвэр гаргасан даа. Тухайн үед СУИС-ийн Театр урлагийн их сургуулийн дэд профессор Д.Батсайхан, урлагийн гавьяат  зүтгэлтэн Н.Ганхуяг багш нар элсэлт авч явсан. Багш нар жүжигчнээр сурах сонирхолтой хүүхэд шалгаруулж авч байгааг сонссон. Жүжигчин мэргэжил надад их сонирхолтой санагдаж байлаа. Ур чадварын шалгалт өгч жүжигчин мэргэжлийг эзэмшихээр СУИС-ийг зорьсон нь энэ.

-Та 2022 онд СУИС-ийг төгссөн. Урлагийн уурхай болсон сургуулиас ихийг сурсан нь лавтай?

-Ардын жүжигчин С.Сарантуяа багшийн удирдлага дор сурсан. Сурсан хугацаагаа хүний амьдралтай зүйрлэвэл эхний жил нь мөлхөж хөлд орсон үе. Дараа нь учраа олж хэлд орсон байна. Дараа нь мэргэжлийнхээ ур чадварыг сурна. Сүүлийн жил нь мэргэжлийнхээ үнэ цэнийг ойлгоод төгсдөг юм билээ. Багш минь анх оюутан болсон үеэс мэргэжлийн талаар  зааж зөвлөж байлаа. Мөн жүжигчин хүн ямар байх ёстой, театр урлагийн талаар таниулсанд нь талархаж явдаг даа.

-Сургуулиа төгсөөд дэлгэцийн урлагийг бус театрыг сонгосон. Сайн уран бүтээлч болъё гэж бодсон нь энэ алхам байх?

-Театрын бүтээлийн өдөр бүрийн тоглолт, үзвэр нь үнэ цэнтэй. Жүжигчин үзэгч уулзаж цэнгэл эдэлдэг газар бол театр. Тоглолт бүр өөр мэдрэмж өгч, дахин давтагдашгүй шинэлэг байдаг. Сургуулиа төгсөөд ажилласан анхны жүжгээрээ  том шагнал авсан минь сайхан санагдаж байгаа. Шилдгүүдтэй өрсөлдөж шагнал авсан минь цаашид илүү хичээх сэдэл өгсөн. “Гэгээн муза”-гаас шагнал хүртсэн П.Мөнхдэлгэр, М.Бат-Эрдэнэ хоёр “Хунгийн дуу” жүжигт ажиллая гээд намайг найруулагчаар нь ажиллах санал тавьсан. Би мэргэжлийн найруулагч биш болохоор чадахгүй байх гэж бодсон. Гэтэл хоёр найз минь урам өгч байлаа. Тиймээс Bee теарын захирал Д.Мэндсайхан эгчтэй очиж уулзсан. Бид гурав жүжиг тавих  тухайгаа хэлсэн юм. Биднийг сайхан хүлээж аваад тусалж дэмжсэн дээ. Үүний дараа “Bee” театртаа жүжигчинээр ажиллаж эхэлсэн.  Энэ жилийн “Гэгээн муза”-гийн үеэр гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг ах “Театрт ажиллаж үзээгүй хүнийг ямар жүжигчин гэдэг юм. Театраас л жинхэнэ жүжигчин төрнө” гэж хэлж байсан. Энэ нь их үнэн  санагдаж, урам авсан шүү.

-Та хоёр хүний жүжиг болох “Хунгийн дуу” жүжгээрээ “Гэгээн муза” наадмын шилдэг найруулагчийн шагналыг хүртсэн. Залуу уран бүтээлчид олон улсын наадмын шагнал урам өгсөн байх даа?

-“Хунгийн дуу” жүжиг “Гэгээн муза” наадмаас шагнал хүртсэн. Цаашид ихийг хийх ташуур болж урам өгсөн. Хоёр хүний жүжгийн төрөлд монголоос цөөхөн бүтээл өрсөлдсөн. Гадны уран бүтээлчдийн жүжгүүд байлаа. Эхний шатандаа тэнцсэний дараа хоёр найзтай шагнал авахгүй байсан ч хамаагүй. Дараагийн тэмцээнүүдэд сайн оролцоно гэж ярилцаж байлаа. Өрсөлдөж буй жүжгүүдийг үзэхэд бидний жүжиг шалгарах юм шиг найдлага төрсөн. Хоёрдугаар шатанд зургаан бүтээл өрсөлдсөнөөс хоёр бүтээлийн найруулагч нь тодорхой шалтгаанаас ирж амжаагүй. Тиймээс дөрвөн бүтээлээс “Хунгийн дуу” жүжиг шалгарсан байгаа.

-Олон дүрд ажиллах тусам илүү туршлага суудаг. Анх ямар дүрээр тайзнаа гарч байв?

-Анх нэгдүгээр дамжаанд байхдаа тарваганы дүр бүтээж байлаа. Дөрөвдүгээр  курст байхдаа “Шидэт алчуур” жүжигт эсрэг дүрд ажилласан. Диплом хамгаалахдаа Д.Батбаярын “Гэгээ” жүжигт Хошуу ноён гүн Сономравдангийн дүр дээр ажилласан түүхтэй. Мөн инээдмийн бүтээл болох “Байцаагч түшмэл” жүжгийн дүрд ажиллаж, асент найруулагч хийсэн.

-Урлаг хатуу гэдэг.  Танд шантарч байсан удаа бий юу?

-Би ажлаа дурлаж хийдэг, хэцүү үедээ ч жаргалтай байж чаддаг. Магадгүй би мэргэжилдээ дуртай болохоор тэр байх. Оройтож ажиллах, ачаалалтай үед ч шантарч байсан удаагүй. Театрын уран бүтээлч байх нь хариуцлагатай. Тайзнаа гараад дүрд ажиллахад алдах эрх байхгүй. Тоглолтын үеэр ямар нэгэн зүйл гарч ирэхэд алдаагүй ажиллах хэрэгтэй.

-Урлагийн мэргэжил эзэмшсэн хүн бүр уран бүтээлч болдоггүй.  Тэгэхээр их шалгуур өндөртэй байх?

-Жүжигчин хүнд мэдээж ур чадвар чухал. Гэхдээ аливаад хандах хандлага чухал нөлөөтэй. Сэтгэлтэй хүмүүс хөдөлмөрч байдаг. Урлаг хүнд тэвчээр суулгана. Мөн   цаг хугацаа, санхүү шаардана. Одоогийн нийгэм, цаг үед жүжигчний мэргэжлээр амьдрах амаргүй. Урлагийн сургуулийг жүжигчнээр төгссөн, авьяастай байлаа ч тодорхой шалтгаанаас болоод мэргэжлээ орхисон хүмүүс бий. Гэхдээ эдгээр хүмүүс урлагийг ойлгож, хувь нэмрээ оруулж байгаа нь харагддаг.

-Сүүлийн үед театрын урлаг их хөгжиж байна. Магадгүй энэ нь сайн бүтээл төрөхийн дохио байж болох юм? 

-Одоо үед театрын урлаг сайн хөгжиж байгаа. Өмнө нь нийслэлд УДЭТ, бусад театрууд орон нутагт байсан. Харин одоо олон театрууд үүсгэн байгуулагдаж хүч түрэн ирсээр.Тухайлбал, Хүн, Pro, Орфей, Bee гээд бий. Театр олон болох нь давуу талтай. Эндээс олон бүтээл төрж, өрсөлдөөн үүсэж, уран бүтээлүүд чанартай болно гэж хардаг. Мэдээж олон театр байхын хэрээр чанаргүй бүтээл төрөхийг үгүйсгэхгүй. Гэхдээ үзэгчид үүнийг үнэлж дүгнэнэ.

-Уран бүтээлчид цаг үргэлж хийж бүтээхийн хүсэлд хөтлөгдөж явдаг шүү дээ. Танай театрын одоо ажиллаж буй бүтээл сонирхол татаж байна?

-Би найруулагч болохын төлөө суралцаад явж байна. Жүжгээ агуулгаар нь хардаг. Дүрүүдийн хоорондын харьцаа чухал. Манай уран бүтээлчид зохиолоо олсны дараа зөвлөлийн хурлаар оруулж дэмжигдвэл бүтээл болгохоор ажилладаг. Нийгэмд хөндөгдөж байгаа тодорхой нэг сэдвийг сонгож авна. Уран бүтээл бүр ямар нэгэн санаа агуулж, хүмүүст зөв үзэл санаа түгээх ёстой шүү дээ. Бид орон нутгаар энэ сард төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байна. “Эдип хаан” жүжгийг ЕБС-ийн сурагчдын хичээлд заавал судлах жүжиг гэж тусгасан байдаг. Энэ бүтээлийн аялан тоглолтоор явна.

-Таныг ойр тойрны хүмүүс нь  хөдөлмөрч уран бүтээлч гэж үнэлдэг юм билээ?

-Би театрын үе үеийн уран бүтээлчдээс суралцдаг. Мэргэжлийн ур чадвараас гадна, хувь хүний зан чанараас нь өөртөө шингээхийг бодож байгаа. Би ирээдүйгээ бодож үзсэн. Миний зорилго бол одоогийн байгаагаасаа сайжрах. Яг тийм болно, амжилтад хүрнэ гэсэн зорилгогүй. Уран бүтээлч хүн ханаж цаддаггүй, үргэлж хийж бүтээхийн төлөө явах хэрэгтэй. Үргэлж шинийг хайх нь хөгжихийн үндэс.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 10. БААСАН ГАРАГ. № 225 (7210)