Бат-Эрдэнийн Дэмбэрэлням
Хэдхэн хоногийн өмнө олимпийн бус спортын төрлүүдийн дундах олимп гэж нэрлэгддэг “Дэлхийн тулааны их наадам-2023” тэмцээний мөнгөн медалийг эх орондоо авчирсан “Thunder BJJ” академийн тамирчин, дасгалжуулагч Б.Хуланг энэ удаагийн зочноор урилаа. Дэлхийн тулааны их наадам”-д жин тус бүртээ дэлхийн чансааг тэргүүлсэн найман тамирчин оролцдог билээ. Тэгвэл Б.Хулан энэ оны ДАШТ-ээс хүрэл медаль, Ази тивийн аваргаас мөнгөн медаль хүртсэнээр жюү жицүгийн эмэгтэйчүүдийн -70 кг-д дэлхийн чансааны дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж, тус наадмыг зорих эрхтэй болжээ.
-Дэлхийн тулааны их наадмаас яриагаа эхэлье. Мөнгөн медаль авахын тулд бие, сэтгэлээ хэрхэн бэлдэв?
-Дэлхийн тулааны их наадамд найман тамирчин оролцдог ч тойргийн журмаар барилддаг. Тэгэхээр би дөрвөн удаа барилдсан гэсэн үг. Хэрэв нугалааны журмаар сугалаагаар барилдвал зарим шилдгүүдтэй оноолт таардаггүй. Харин энэ удаад зөвхөн шилдгүүдтэй хүч үзсэн. Хоёр ялаад хэсгээсээ нэгээр гарч, медалийн төлөөх барилдаанаа нөгөө хэсгээсээ хоёроор гарсан бөхтэй хийхээр болсон юм. Тухайн тамирчныг ялснаар мөнгөн медалийн болзол хангасан.
-Аваргын төлөөх барилдаанаа Германы тамирчинтай хийсэн. Уг нь та түүнийг хэсгийн аваргын төлөө ялсан. Гэтэл алтан медалийн төлөөх барилдааны үеэр ямар алдаа гаргасан бэ?
-Барилдаан эхнээсээ тактикийн дагуу явж би илүүрхэж байсан. Харин сүүлийн үеийн төгсгөлд алдаа гаргаж ялагдсан. Жюү жицүг дэвжээн дээрх шатар гэж ойлгож болно. Шатар тоглох үедээ нэг л буруу нүүвэл хожигддог шүү дээ. Түүнтэй яг адил. Тактикийн алдаанаас болж байрлалын давуу талаа алдсан.
-Мөнгөн медалийн болзол хангасан мэдрэмж ямар байсан бэ?
-Дэлхийн шилдэг наймхан тамирчин өрсөлддөг, тулааны олимп гэж нэрлэгддэг. Энэ төрлийн хамгийн том наадмаас мөнгөн медаль аваад, төрийн далбаагаа мандуулах үгээр хэлэмгүй сайхан мэдрэмж байлаа. Хоёр жилийн дараа аварга болж "Төрийн дуулал"-аа эгшиглүүлэхийг зорино. Энэхүү мөнгөн медаль надад аварга болох итгэл, урам хайрласан.
-Монголын жюү жицүчид дөрвүүлээ оролцож, багц медаль хүртсэн. Багийн амжилт юутай холбоотой гэж харж байна?
-Манай жюү жицүгийн холбоо хэдий цөөхүүлээ ч дотоод зөрчил байхгүй эрүүл хамт олон. Бид нэгнийгээ гэсэн сэтгэлтэй. Тамирчин дасгалжуулагч, дарга гэлтгүй бүгд нэг баг болж ажилладаг. Тиймээс бидний энэхүү амжилтаа эв нэгдэлтэй холбоотой.
-Та анх жүдогоор спортын гараагаа эхэлсэн. Анх тамирчин болсон түүхээсээ хуваалцаач?
-Бусадтай харьцуулахад би харьцангуй орой спортоор хичээллэж эхэлсэн. Анх гавьяат дасгалжуулагч Г.Энхтүвшин, Ш.Цэвэлмаа багш нартаа шавь орж байлаа. Тухайн үед Г.Энхтүвшин багш намайг сайн тамирчин болно гэж үнэлээгүй. “Ээ дээ энэ хүүхэд барилдах болов уу даа” гэж хэлж байлаа. Гэхдээ би түүнд ач холбогдол нэг их өгөөгүй, бэлтгэлээ хийсээр байсан.
-Хэзээнээс өөртөө бөх болж, амжилт гаргаж чадах юм байна гэсэн итгэл төрөв. Мөн багш нар нь хэзээнээс үнэлж эхэлсэн бэ?
-Намайг бэлтгэл хийж эхлээд удаагүй байтал манай клуб хээрийн бэлтгэлд гарсан юм. Тамирчдыг уул руу их гүйлгэнэ. Уулын кросс гэдэг нь 10 гаруй километр өгсүүр замаар гүйдэг чанга бэлтгэл. Нэг удаагийн гүйлтэд би хоёр цаг гаруй яваад хамгийн сүүлд орж ирлээ. Гэтэл багш зэмлээд дахиад нөгөө замаараа ганцаараа гүйхээр шийтгэсэн. Удаан гүйвэл багш дахиад зэмлэх байх гээд их хичээсэн. Хоёр дахь гүйлт дээрээ замаа цаг гаруй туулаад орж ирсэн. Энэ үед би өөртөө хичээвэл ямар их нөөц бололцоо байдгийг олж харсан юм. Тэр шийтгэл миний хичээх итгэл болсон. Бэлтгэл хийж эхэлснээс зургаан сарын дараа өсвөрийн тэмцээнд жингийнхээ шилдгүүдтэй их сайн барилдсан. Багш тэр үед надад хувиасаа “Өсөх ирээдүйтэй тамирчин” гэдэг шагнал өгч байлаа.
-Хэдэн оноос жүдог орхиж, жюү жицүгийн спорт руу оров. Ямар шалтгаанаар энэ шийдвэрийг гаргаж байв?
-Анх жүдогийн хэвтээ барилдаанд жюү жицүгийн техникүүд эерэг нөлөө үзүүлдэг учраас хичээллэж эхэлсэн. Би жюү жицүгээр хичээллээд удаагүй байхдаа жүдогийн бэлтгэлийн үеэр мөрөө бэртээсэн юм. Хэдийгээр эмчилгээ хийлгэсэн ч жүдо барилдахад хүндрэлтэй болсон. Ингээд спортыг орхиж чадахгүй учраас үргэлжлүүлэн жюү жицүгээр барилдах шийдвэр гаргаж байлаа. Энэ төрөл жүдог бодвол бэртэх эрсдэл багатай спорт. Мөн мөрөө хавчиж барилддаг учраас миний бэртэл барилдахад нөлөөлөөгүй. Дараагийн жюү жицүг сонгосон нэг шалтгаан нь хамт олны уур амьсгал. Сайхан хамт олонтой бэлтгэл хийх надад аз жаргал өгдөг.
-Жюү жицүгийн бусад бөхийн төрлийн спортуудаасаа ялгарах онцлог нь юу вэ?
-Жүдо бол хөл нь хөлтэй, гар нь гартайгаа барилддаг спорт. Харин жюү жицү бол бөхийн төрлүүдийг нэгтгээд, дээрээс нь тулааны зарим техникийн нийлбэр юм. Жүдод далаар нь унагаад ялалт, чөлөөт бөхөд гурван секунд дараад ялдаг бол жюү жицү хоёр оноо л авдаг. Голдуу хэвтээгээс барьц байрлал дээр тэмцэлддэг учраас сэтгэх хурд шаарддаг онцлогтой. Тэгэхээр ухааны спорт гэж хэлж болно. Мөн илүү зөөлөн спорт юм шиг санагддаг. Манай спортод хүчтэй савах, нисэлттэй унах нь бага байдаг. Тиймээс би анх энэ спортоор хичээллэж эхэлж байгаа бага насны хүүхдүүдэд жюү жицүгээр хичээллэхийг зөвлөдөг юм. Учир нь хүүхэд бүрийн сэтгэл зүй өөр учраас хүчтэй унаснаараа халшрах, спортоо орхихвий гэж боддог. Тэгэхээр жюү жицү бол яг тохирсон зөөлөн спорт.
-Та тамирчнаас гадна “Thunder BJJ” академийн дасгалжуулагч. Өөрөө ид хүчтэй байгаа үедээ дасгалжуулагч хийх ямар байдаг вэ?
-Хүүхэдтэй ажиллана гэдэг сайхан мэдрэмж. Заасан мэх, техникийг зөв хийгээд өрсөлдөгчөө ялж, баярлаж байгаа шавь нараа харах аз жаргал шүү дээ. Заримдаа хүүхдүүдэд зааж байхдаа өөрөө энэ мэхийг ингэж хийвэл илүү гүйцэтгэлтэй юм байна гээд өөрийгөө ч хөгжүүлчихдэг. Жюү жицүд хариу мэх их чухал. Сэргэлэн хүүхдүүд заримдаа миний мэдэхгүй хариу мэхийг мэдрэмжээрээ хийхийг нь харах сайхан санагддаг юм.
-Эмэгтэй хүн тулааны тамирчин байх ямар бол. Тэвчээр эцэстээ хүрэх үетэй тулж байв уу?
-Хэцүү үе олон байгаа. Шантраад уйлах үе ч бий. Дасгалжуулагч болоод хүмүүс эрэгтэй тамирчдыг илүүд үзэх тохиолдол байдаг. Мөн ивээн тэтгэх компани олдох нь эрэгтэй хүнээс харьцангуй бага. Ер нь их л том амжилт гаргахгүй бол олддоггүй. Эмэгтэй тамирчдын хувьд хамгийн том хүндрэл нь төрөх шүү дээ. Төрснөөр хэдэн жилээр амжилт хойшилдог. Тамирчны замналаа бодоод амжилтын төлөө явъя гэхээр амьдрал хоцрох гээд байдаг зэргийг тоочвол эмэгтэй тамирчин байна гэдэг амаргүй зам. Мэдээж уян зөөлөн, гоё байхыг хүсдэггүй эмэгтэй хүн гэж байхгүй. Гэтэл тулаан бол тулаан шүү дээ.
-Хэцүү үед гэр бүлийн дэмжлэг чухал байдаг байх. Танай гэр бүлийн хүн тамирчин. Тиймээс илүүтэй ойлгодог байх даа?
-Тийм ээ. Шантарсан, хэцүү үед хань минь хамт байж асуудлыг минь хамтдаа туулдаг. Мөн зарим мэх техник, алдаа дутагдлыг хэлж өгдөг. Ялангуяа хүчний бэлтгэлд их сайн багш болж чаддаг шүү.
-Таны тамирчин, дасгалжуулагч гээд спортын замнал дуусахад спорт сонирхогчид хэрхэн дурсаасай гэж хүсдэг вэ?
-Жүдо гэхээр хүмүүс Н.Түвшинбаяр аварга эсвэл М.Уранцэцэг гавьяатаар төсөөлдөг шүү дээ. Түүн шиг жюү жицү гэхэд хүмүүсийн тархинд Б.Хулан гэж төсөөлөгддөг байгаасай гэж хүсдэг. Би Монголын жюү жицүгийн түүхэн дэх хамгийн том амжилтыг гаргамаар байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 7. МЯГМАР ГАРАГ. № 222 (7207)