Өдрийн сурвалжлага
Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА
Аз жаргал хаана байдгийг өөрөөсөө асуумаар, гал халуунаар дурлалцаж явсан сэтгэл хаана хүрээд хөрдгийг, анх танилцахдаа үзэсгэлэн гоо байсан тэр эмэгтэй, хамгийн сайхан залуу гэж хайрлаж явсан тэр эрэгтэйгээ бид амьдралын альхан үед гээчихсэнээ эргүүлж нэг тунгаамаар. Тийм хөндүүр, гунигтай бодлыг Оросын нэрт зохиолч В.И.Красногоровын “Би ч гэсэн жаргамаар байна” жүжиг бидэнд өгсөн юм.
Эхлэл: Хайр дуусдаг юмуу?
Хүний амьдралын 20 жил гэдэг урт хугацаа. Ялангуяа хосын амьдралд. 20 жилийн өмнөх тэр халуухан дурлал, гуниггүй харц, итгэл найдвар өнөөдөр хааччихсан юм бэ. Яг л энэ хэвээр хайрлана гэж хэлсэн амлалт он цагийн эрхэнд хуучирч, элэгдээд мартагджээ. Тэд уг нь өөрсдийн зүрх сэтгэл, хувь тавилангаар учирсан хосууд. Гэвч хэн нэгэн хүчээр уячихсан юм шиг нэг л хүйтэн хөндий. Амраг хоёр 20 жил хамт амьдраад ингэтлээ нэгнээсээ залхдаг гэжүү... Үсээ хоёр тийш нь мөлчийтөл хуваагаад, харааны шил зүүж, навсгар хантааз өмссөн нэг нөхөр. Яагаад ч юм залуудаа ямар байсан бол гэх бодол төрөх. Харин загвар нь хуучирсан цагаан даашинз өмсөж, гартаа боксын бээлий өмссөн түүний эхнэр. Тэрбээр ч 17 насандаа хөөрхөн л эмэгтэй байсан байх. Гэвч тэдний нэгнээ гэх сэтгэлд цав суужээ. Өнөөдөр тэдний хуримын 20 жилийн ой. Уг нь энэ өдөр аль аль нь аз жаргалдаа умбаж, хайрлаж, хайрлуулсныхаа төлөө хундага тулгаж, нэгэн оройг романтик өнгөрүүлэх ёстой. Гэтэл эсрэгээрээ. Энэ өдөр тэд нэг нэгэндээ салах тухай хэлэхээр төлөвлөжээ...
Хэдийгээр хуримын ой юм шиг хэн хэн нь баяртай байгаа мэт жүжиглэвч үнэн хэрэгтээ шаналж байсан юм. Салах гэж байгаа шалтгаанаа хоёулаа “Тэр надад хайргүй” гэж тайлбарлана. Гэхдээ хэзээ ч бие биенээсээ “Чи надад хайртай юу” гэж асуугаагүй мөртлөө шүү. Нөхөр нь эхнэрээ “Шулам”, эхнэр нь нөхрөө “Төмс” хэмээн үзэн ядна. Хэн хэн нь өмнөх шигээ нэгнээ хайрлаж, харилцаагаа халуун байлгах, аз жаргалаа бүтэн авч үлдэхийн төлөө хичээгээгүй мөртлөө, “Би ч гэсэн жаргамаар байна” гэж шаналах нь гаслантай. Тэд өөр хэн нэгнээс хайр хүсэх ажээ. 20 жил хайрласан хайр үнэхээр нэг л мэдэхэд дуусчихдаг юм болов уу. Үгүй дээ хайр дуусдаггүй, зөвхөн хөрдөг
Өрнөл: Гэнэтийн зочид
Гэрт зочид ирлээ. Хос хоёрын хамгийн сайн найзууд гэх. Тэд хуримын ойд нь гэнэтийн бэлэгтэй ирнэ. Гэрийн эзнийн найз гэх залуу яг л өөрийнх нь 20 жилийн өмнөх дүр зураг гэлтэй. Өндөр, царайлаг, хөгжилтэй. Тэрбээр гэргийд нь санаа тавина. Нөхрийнх нь өгч чадаагүй хайр энхрийллийг амлана. Найз гэх нэрээр итгэлийг нь олж аваад, 20 жил ханилсан эхнэрт нь үгийн сайхныг урсгах ажээ. Нөхрөөсөө салаад түүнтэй гэрлэдэг ч юм бил үү. Харин эхнэрийнх нь найз гэх тайрмал үс, богинохон даашинзаар гангарсан хээнцэр эмэгтэй. Урин тачаангуй төрхөөрөө нөхрийнх нь толгойг эргүүлжээ. Гэрийн эзэн түүнийг “Мойлхон” гэж эрхлүүлнэ. Эхнэрээсээ салаад түүнтэй гэрлэдэг ч юм бил үү. Хүсэл хяслын хооронд дөрвөн дүр зөрчилдөнө. Хүсэж тэмүүлдэг хайр нь гэргий, нөхөр нь ч биш зөвхөн гэнэтийн хоёр зочин мэтээр аяглана. Гал халуунаар дурлалцаж, шинэ амьдрал эхлүүлэхээр яарна. Хайрлахад залуу нас, сайхан төрх тийм чухал юм уу. Ангаж цангасан сэтгэлийг итгэл сэтгэлээр дэвтээх нь илүү юм уу. Гэхдээ энэ үнэхээр чин сэтгэлийн хайр мөн гэж үү. 20 жил ханилсан ханиас нь илүү байж чадах болов уу. Тэд “Өнөөдөр л биш бол хэзээ ч үгүй” гэсэн шаардлагыг нэг нэгэндээ тавих ажээ. 20 жилийн амьдралдаа цэг тавих өдөр нь заавал хуримын ой нь байх гэж үү.
Төгсгөл: Хайрын үнэ цэн
Загварыг нь өөрөө өөрчилж оёод өмсчихдөг цагаан даашинз. 10 жил өмссөн хос туфель. Залуухан хархүүгээс цэцэг аваад баярлах тэр догдлол... Халуухан бүсгүйн эрх танхил, уярам зөөлөн байдалд татагдах тэр хүсэл. Хайр хүсэж, ганцаардах гунигтай мэдрэмж. Энэ бүхэн эхнэр нөхөр хоёрыг галзууруулах ажээ. Зохиолч В.И.Красногоровын “Би ч гэсэн жаргамаар байна” жүжгийг эхлэхээс нь дуусах хүртэл үзэж суухдаа 20 жилийн дараах өөрийн амьдралыг тунгаан бодмоор. Хүний амьдралын үнэт зүйл юу юм бэ. Энэ орчлонд ирсэн утга учир нь чухамхүү юунд оршиж байгаа юм бол. Хосын харилцаа, хамтын амьдралаа шинэхэн хэвээр нь авч үлдэхийн төлөө бид одооноос юуг анхаарах ёстой юм бол. 20 жилийн дараа тэрхүү эхнэр нөхөр хоёр шиг бүхнийг шийдэх гаргалгаа нь “салалт” гээд сууж байх уу. Магадгүй энэ бүхнийг эргэцүүлж, бодох шалтгааныг “Би ч гэсэн жаргамаар байна” жүжгийн зохиолч В.И.Красногоров болон найруулагч Н.Наранбаатар бидэнд өгсөн нь энэ байх. Эцсийн эцэст зөвхөн “Би ч гэсэн жаргамаар байна” гэж хашгирахын оронд хайртай хүндээ цаг гаргадаг, сэтгэл гаргадаг, хайрлаж, халамжилж, ярилцаж чаддаг хосууд л 20 битгий хэл 60 жилийг ч хамт туулж, гэр бүлээ бүтэн хэвээр нь авч үлддэг ажээ.
Жүжгийн төгсгөлд эхнээс нь дуустал бодлыг минь чилээсэн “Салъя” гэдэг үг хоёр жүжигчний амнаас гарч чадаагүй юм. Тэгэхээр намайг жаргаах эцсийн зогсоол зөвхөн чи минь ажээ...
Эх сурвалж: zms.mn