Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

 

УДБЭТ-ын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Карасногоровын “Би ч гэсэн жаргамаар байна” уянгын драмын жүжгийг тоглож байна. Энэхүү жүжиг анх 2010 онд үзэгчдийн хүртээл болж байв. Түүнээс хойш хэд хэдэн удаагийн тоглолтыг хийж байсан юм. Жүжигт хос хоёрын хайр сэтгэл болоод гэр бүлийн үнэ цэнийн тухай өгүүлдэг билээ. Тус бүтээлийн энэ удаагийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.

 

Нөхөрт  С.Болд-Эрдэнэ

“Би ч гэсэн жаргамаар байна” жүжгийн гол дүр болох нөхөрт гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ тоглох ажээ. Тэрбээр урлагийн гэр бүлийн удам дамжсан жүжигчин. Түүний аав нь нэрт найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сугар билээ. С.Болд-Эрдэнийн хувьд анх жүжигчин болно гэж бодож байсангүй. Харин ч олон улсын харилцаагаар сурах хүсэлтэй байсан гэдэг. Гэвч хувь тавилан байсан уу, нэг л өдөр тэрбээр аавынхаа удирдлага дор жүжигчин мэргэжлийг эзэмшээд УДЭТ-ын хаалгыг татсан гэдэг. Энэ цагаас хойш туслах дүрээс томорсоор өдгөө театрын сор жүжигчдийн эгнээнд  багтжээ. Тэрбээр өөрийн авъяас билэг, ур чадварыг “Гамлет” жүжгээр тамгалж, Монголын театрын ханхүү хэмээн өргөмжлөгдсөн билээ.

 

Эхнэрт Ж.Оюундарь

Тус жүжгийн эхнэрийн дүрийг гавьяат жүжигчин Ж.Оюундарь бүтээх юм. Түүний хувьд мөн л урлагийн гэр бүлд өссөн, удам дамжсан жүжигчин билээ. Ардын жүжигчин Л.Жамсранжав гуай Монголын театрын урлагийн нэгэн тод өнгө байсан бол түүний охин Ж.Оюундарь өдгөө аавынхаа үргэлжлэл болж УДЭТ-таа ажилласаар буй юм. Тэрбээр СУИС-ийг Л.Лхасүрэнгийн удирдлага дор төгсжээ. Ингээд 1993 оноос өнөөдрийг хүртэл драмын урлагтаа үнэнч явна. Ж.Оюундарь “Ричард ван” жүжгийн Анна, “Ромео Жултетта” жүжгийн зарц, “Ээдрээ” жүжгийн Жавзан гээд олон дүрийг үзэгчдийн сэтгэлд мөнхөлсөн бол хамгийн сүүлд театрын тайзан дээр “Би эндээс явахгүй” жүжгийн Должингийн дүрээр уулзсан билээ.

 

Нөхрийн найзад  Г.Ганбат 

Жүжгийн зангилаа болсон нөхрийн найзын дүрийг тус театрын залуу жүжигчин Г.Ганбат бүтээх юм. Өнгөрсөн жил театрын албан ёсны жүжигчин болсон түүний хувьд ийнхүү хоёр гавьяатын хамт тайзнаа тоглох хариуцлагатай үүргийг хүлээгээд байна. Жүжигчин Г.Ганбат жүжгийнхээ тухай “Энэ жүжиг анх 2010 онд үзэгчдийн хүртээл болж байсан юм билээ. Тухайн үед би дунд сургуулийн сурагч байсан. Тэр үед миний ажиллаж буй дүрд Фантастик продакшны Б.Тамир ах тоглож байсан бол дараагийн тавилт дээр нь Э.Тодгэрэл жүжигчин тоглож байсан юм билээ” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байна.

 

Эхнэрийн найзад М.Тогтохжаргал

“Би ч гэсэн жаргамаар байна” жүжгийн эхнэрийн найзын дүрд жүжигчин М.Тогтохжаргал тоглох ажээ. УДЭТ-ын энэ цагийн чадварлаг жүжигчдийн нэг тэрбээр 2008 оноос хойш өнөөг хүртэл театртаа ажиллаж байна. Жүжигчин мэргэжлээр суралцаж эхлэхдээ л театрын жүжигчин болно гэж зорилго тавьсан түүний анхны дүр нь Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Ч.Найдандорж найруулагчийн “Тамгагүй төр” жүжгийн бага хатан Гүргэлийн дүр байсан гэдэг. Жүжигчин М.Тогтохжаргал “Адууны түүх” жүжгийн Хулангоо, “Бүсгүйн зурвас” жүжгийн сэтгүүлч, “Сычуаны сайн хүн” жүжгийн ахимаг насны эмэгтэй гээд олон сайн дүртэй. Тэрбээр хамгийн сүүлд “Асарын өндөр” жүжгийн Хасун хатны дүрийг бүтээсэн билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 2. ПҮРЭВ ГАРАГ. № 218 (7203)