Баатарын НЯМСҮРЭН

 

Байгалийн үзэсгэлэн бүрдсэн, анхдагчдын өлгий нутаг Булган аймгийн Хутаг-Өндөр сум үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ой ирэх онд тохионо. Тус сум нь 1924 онд Хутаг-Өндөр хайрхны нэртэйгээр үүсгэн байгуулагдаж, хөгжиж цэцэглэсээр өдгөө улсын тэргүүний сум болжээ. Хутаг-Өндөрчүүд түүхэн ойгоо угтаж “Хутаг-Өндөр 100 жил” гар бөмбөгийн тэмцээнийг тус сумын ИТХ, ЗДТГ санаачлан “Нэгдмэл Хутаг-Өндөр” НҮТББ хамтран -38, +38 ангиллаар Улаанбаатар хотод өнгөрсөн амралтын өдөр зохион байгуулсан юм. Нэг өдрийн турш Хутаг-Өндөр сумын үе үеийн төгсөгчид эн тэнцүү өрсөлдөж, нэг өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүллээ.  Багууд ижил өнгийн өмсгөлөөр жигдэрсэн байх ба нэг зорилгын дор нэгдэж ширүүхэн өрсөлдөв. Спорт зааланд дэмжигчдийн дуу цуурайтна.

Энэ үеэр тэмцээнийг зохион байгуулж буй Хутаг-Өндөр сумын Засаг дарга П.Лхагва-Очир “Сумын үе үеийн төгсөгчид оролцсон сайхан тэмцээн болж байгаад баяртай байна. Багууд маш идэвхтэй оролцож байна. Бид сумынхаа 100 жилийн ойг угтаж олон ажил төлөвлөсний багагүй хэсгийг спортын тэмцээн эзэлж байгаа. Спортын тэмцээний гол зорилго нь иргэдийн идэвхийг нэмэгдүүлэх, эв нэгдлийг бий болгох. Мөн ард иргэдээсээ суманд хийж болох ямар бүтээлч ажил байгаа тухай санал авч, бүтээлчээр хэрэгжүүлэх төлөвлөгөө бий. Тиймээс сумаараа овоглодог, энэ нутагт өсөж өндийсөн хүн бүр төрөлх нутгийнхаа түүхэн баярт идэвх санаачлагатай оролцоно гэдэгт итгэж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. 

 

20 багийн 170 орчим тамирчин өрсөлдөв 

“Хутаг-Өндөр 100 жил” тэмцээнд энэ сумаар овоглосон үе үеийн төгсөгч, залуучууд  оролцсон юм. Шагналын сан нь гурван сая төгрөг. Нийт 20 багийн 170 орчим тамирчин өрсөлдсөнөөс -38 насны ангилалд тэргүүн байрыг 2016 оны төгсөлт эзлэв. Харин дэд байрыг 2023 оны төгсгөлт, гуравдугаар байранд 2022 оны төгсөлт шалгарлаа. Тэгвэл +38 насны ангилалд нэгдүгээр байрыг 2001 оны төгсөлт, хоёрдугаар байрыг 1999, 2000, 2002 оны төгсөгчдийн холимог баг эзэлсэн юм. Гуравдугаар байрыг 1992 оны төгсөлт хүртлээ.

Хутаг-Өндөр сумын иргэн М.Булган “2004 оны төгсөлтөөс хоёр баг орж байгаа. Манай нутгийнхан өмнө нь гар бөмбөгийн тэмцээнийг жилд нэг удаа төгсөлтөөрөө ээлжлэн зохион байгуулж ирсэн.  Харин ирэх жил 2012 оны төгсөлтийн зохион байгуулах ээлж. Өнөөдрийн тэмцээн их сайхан болж байна. Нутгийнхантайгаа нэг өдрийг үр бүтээлтэй өнгөрүүллээ” гэсэн юм.

Гар бөмбөгийн тэмцээнийг хамтран зохион байгуулж буй “Нэгдмэл Хутаг-Өндөр” НҮТББ нь таван гишүүнтэй ажээ. Тэд сум болоод орон нутгийнхаа үйл ажиллагааг дэмжих, нийгэмд тустай ажлыг санаачлан явуулна гэдгээ хэлж байлаа.

Н.Отгонсүрэн “Би Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1999 оны төгсөгч. Харин одоо Улаанбаатар хотод ажиллаж, амьдардаг. Өмнө нь болсон тэмцээнд манай баг гуравдугаар байр эзэлж, хөгжөөн дэмжигчдийн багийн төрөлд тэргүүн байр эзэлж байсан. Энэ удаагийн тэмцээн их сайхан боллоо. Амралтын өдрөө үр бүтээлтэй өнгөрүүллээ. Цаашид спортын тэмцээнийг ойрхон давтамжтайгаар зохион байгуулах нь зөв. Учир нь бид тэр бүр уулзаж чаддаггүй. Тиймээс тэмцээнээр дамжуулж уулзах нь сайхан байна. Заал авч тоглох нь эрүүл мэндэд эерэг нөлөөтэй шүү дээ. Амжилт гаргахын төлөө багаараа хичээж байна” гэсэн юм.

Спорт тэмцээн нь олон талын чухал ач холбогдолтой.  Багийн спорт нь нөхөрлөл хамтарч ажиллах ур чадварыг хөгжүүлдэг. Тиймээс гар бөмбөгийн тэмцээнээр сумынхаа 100 жилийн ойн ажлыг эхлүүлсэн Хутаг-Өндөр сумын баяр ирэх жил  хөл хөөр, бахдал баяр дүүрэн болох биз ээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 2. ПҮРЭВ ГАРАГ. № 218 (7203)