Баатарын НЯМСҮРЭН

“Зууны мэдээ” сонин “Дугаарын зочин”-оор Булган аймгийн Могод сумын харьяат, “Сод Монгол” групп, “Булган хангай” дэвжээний  бөх, улсын начин Э.Энх-Амгаланг урилаа. Тэрбээр анхны цолоо 20 насандаа авч байсан хүчтэн юм.

 

-Та өнгөрсөн жил одтой сайхан наадаж улсын цолтны эгнээнд багтсан.  Олон жилийн хөдөлмөрийн үр дүн гарсан нь лавтай?

-Аймгийн заан цолтой удаан хугацаанд зодоглосон. Бөхийн спортод ороод багагүй хугацааг үджээ. Тэгш ойтой жилээ сайхан наадаж, улсын начин хэмээх эрхэм цолны эзэн болсондоо баяртай байна. Наадмын барилдааны нэгийн даваанд Ховд аймгийн начин Э.Энхтөртэй таарсан. Харин хоёрын даваанд Хэнтий аймгийн арслан Ш.Отгонтөгстэй барилдлаа. Ингээд гурвын даваанд улсын гарьд М.Баяржавхлан ахтай барилдаад давсан. Дөрвийн даваанд улсын заан Б.Батмөнхөөр даваагаа ахиулсан. Тавын даваанд Г.Эрхэмбаяр  аварга амлаж барилдаад начны даваа алхаж байлаа.

-Начин болсон жилээ бэлтгэл сайн байжээ. Наадмын дараа ч өнгөтэй, сайн барилдаж харагдсан?

-Улсын наадмын дараа хөдөөгийн тэмдэглэлт баяр, наадам болох нь бий.  Өнгөрсөн жил айрагны баярт барилдаж, шөвгийн дөрөвт үлдсэн. Мөн Могод сумынхаа гурван түмэн адууны баярт амжилттай барилдаж түрүүлсэн. Энэ наадмын үзүүр түрүүнд аймгийн арслан Б.Очирхүүтэй үлдээд давсан даа.

-Аймгийн заан цолоо хоёр удаа баталсан. Арслан цол руу ахих боломж байсан уу?

 -Хутаг-Өндөр суманд анхны цолоо хүртэж байлаа. Тухайн үед Х.Цогтгэрэл начин үзүүрлэсэн. Үүний дараа 2014 онд аймгийн харцага цол авсан. Дараа нь 2016 онд аймгийн заан цол хүртэж билээ. Үүний дараа цолоо хоёр удаа баталсан. Өмнөговь аймгийн баяр наадамд долоо давж чимэг нэмсэн. Харин 2021 онд Булган аймагтаа үзүүрлэж, хоёр дахь удаагаа цолоо баталсан байдаг. Энэ хооронд аймгийн наадамд зодоглохгүйгээр улсад барилдсан үе бий. Хэрэв аймгийн наадмыг зорьсон бол заан цолоо ахиулах байсан болов уу.

-Барилдааныг нь харахад сэтгэл  зүй нь их тайван харагддаг. Ер нь ямар зан чанартай байхыг хичээдэг вэ?

-Сайн барилдаж,  цол авч болно. Гэхдээ хүн байх хамгийн чухал. Манай ойр тойрны хүмүүс хор шар багатай, тайван. Би ч ялгаагүй ийм л зан чанартай. Уналаа гэж харамсдаггүй, давлаа гэж хөөрдөггүй зантай. Дэвжээ болон нутгийн бөхчүүдтэйгээ дотно нөхөрлөдөг. Ер нь бөхчүүдтэй мэндтэй устай явдаг даа. Манай нутгийн бөхчүүд их найрсаг, биеэ зөв авч явдаг. Бусдыг их хүндэлж, сайхан харилцаатай байдаг шүү.

-Өмнө нь “Алтан цом”-ын барилдаанд Баянзүрх дүүргийн багийн бүрэлдэхүүнд  зодоглосон. Энэ удаад Булган аймгаас барилдахаар болсон уу?

-“Алтан цом”-ын эхний улирлын барилдаанд туршлагатай сайн бөхчүүдтэй нэг баг болж, хүч үзсэн. Харин энэ жил нутгийн начингуудаас бүрдсэн багт  өрсөлдөнө. Бид ирэх  арванхоёрдугаар сараас барилдана. Тэмцээн дөхөхөөр багаараа  бэлтгэлээ хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байна.

-Цар тахлын үе буюу 2021 оны Хүй долоо хутагт болсон барилдааны цолыг нөхөж олгох тал дээр хүмүүс их хүлээлттэй байдаг юм билээ?

-Энэ барилдаанд би зургаа давсан. Сүүлийн хоёр жил наадам дөхөхөөр цол олгох тухай  яриа сөхөгдөөд намждаг. Ер нь бөх сонирхогчид төдийгүй амжилттай барилдсан бөхчүүдэд хүлээлт үүсгэсэн. Энэ чинь бөхчүүдийн хөлс хөдөлмөр шүү дээ.  Саяхан Ц.Магалжав тэргүүн нэг нэвтрүүлэгт орох үеэрээ энэ барилдааны тухай дурьдаж байсан. 

-МҮБХ-ноос гаргаж байгаа дүрэм журам дээр ямар байр суурьтай байдаг вэ? 

-Үндэсний бөх мэргэжлийн түвшинд хөгжсөн гэж хардаг. Барилдаж буй залуус бүгд л байнгын бэлтгэлтэй байна. Холбооноос гаргаж байгаа дүрэм, шийдвэр  нь судалгаанд суурилсан байдаг байх. Тиймээс гаргасан дүрмийг нь мөрдөж барилдана.  Харин сэргээшийн тухайд эсрэг байр суурьтай байдаг.  Явцын шинжилгээг олон давтамжтай авч байвал энэ асуудал цэгцэрнэ гэдэгт итгэлтэй байна.

-Аав ээж нь хөдөөгийн малчин хүмүүс. Бөхийн замналыг сонгоход улсын өсөх идэр начин Э.Энхбат ах нь нөлөөлсөн байх?

-Миний бага нас Булган аймгийн Могод суманд өнгөрсөн. Аав ээж минь малчин хүмүүс бий. Би 1999 онд сургуулийн босго алхаж сурагч болж  байлаа. Удалгүй аав ээж хоёр хөдөө амьдарч эхэлсэн. Сумандаа наймдугаар анги хүртлээ суралцаад аймагтаа дунд сургуулиа төгсөж байлаа. Ер нь багаасаа барилдах дуртай хүүхэд байсан. Үеийн найзууд болон ахтайгаа ноцолдож өссөн дөө. Мөн телевиз, радиогоор бөхийн барилдаан их сонирхдог байсан. Аймагт очоод н.Эрдэнэ-Очир багшийн удирдлага дор бөхийн бэлтгэлд хамрагдаж билээ. Энэ үеэс л жүдо бөхөөр барилдсан юм. Ингээд улсын аваргаас хүрэл медаль  хүртэж байсан удаатай. Мөн залуучуудын УАШТ-д оролцож байсан. Тиймээс 2014 он хүртэл жүдо бөхөөр барилдаад үүнээс цааш үндэсний бөхөөр бэлтгэлээ хийж шамдсан даа. Хотод орж ирээд “Тэмүүжин” клубт Д.Энхбаатар багшийн удирдлага дор бэлтгэл хийж эхэлсэн. Анх ахаасаа үлгэр дууриалал авч бөхийн замналыг сонгож байлаа. Бид нэг удаа аваргуудын нэрэмжит барилдаанд хоёрын даваанд таараад би тахим буулгасан. Мөн өөр барилдаануудад таарч байсан удаа бий.

-Өнгөрсөн хугацаанд олон л зодог шуудаг элээсэн байх даа?

-Анх ахынхаа өмсгөлийг өмсөж барилддаг байлаа.  Багагүй хугацаанд өмссөн.  Жин нэмээд шинэ зодог шуудаг авч өмсөх болсон. Өмнөх зодог шуудгуудаа хадгалдаг. Мөн жил бүр шинэ дээл өмсөж наадмын дэвжээг зорьдог. Ээж наадмын дээлийг минь хийж өгнө. Гэхдээ сүүлийн гурван жилийн наадмаар ахынхаа дээлийг өмсөж наадамлаж байна. 

-Таны удамд нь өөр барилддаг бөх байгаа юу?

-Аав ээжийн талд бөхийн удам бий. Тухайлбал, ээжийн талд аймгийн арслан н.Хишидалай,  заан н.Батсуурь , сумын заан н.Бадарч гэж хоёр бөх байлаа. Харин аавын талаас улсын арслан Д.Азжаргал ахтай холын хамаатан юм билээ. 

-Таны амжилтын ард гэр бүл нь бий. Ойр дотны хүмүүстээ хэр цаг гаргадаг вэ?

-Би аль болох аав ээждээ тустай байхыг бодож ойр ойрхон очиж байгаа. Ер нь жил бүр наадмын дараа хөдөө очиж  байгаад хотод ирдэг. Намайг намар очихоор аав ээж хоёр  гүүгээ уяна. Барилдаан бэлтгэл сургуулилт багатай үедээ гэр бүлдээ цаг гаргахыг  хичээдэг. Тамирчин хүний гэр бүл их хариуцлагыг үүрдэг. Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдарч байна. Гэргийг минь Б.Амаржаргал гэдэг. Тусалж дэмждэг хүмүүс болон ханьдаа, төрүүлж өсгөсөн ээж аавдаа баярлаж явдгаа илэрхийлье.

-Барилдсан хугацааныхаа туршид туршлага суусан байх. Цаашдын замналаа хэрхэн харж байна?

-Өнгөрсөн хугацаанд олон наадам, барилдаанд зодоглосон.  Унаж давах үе цөөнгүй. Гэхдээ би хэзээ ч шантарч байгаагүй. Амжилт гаргахад шаргуу хөдөлмөр, тууштай байдал чухал юм билээ. Мөн сахилга бат хэрэгтэй.  Энэ бүхэнд суралцаад л явж байна. Сүүлийн хоёр жил бэлтгэлдээ шамдаж чадаагүй.  Сэтгэл зүйн хувьд амаргүй цаг хугацааг тууллаа. Одооноос бэлтгэлдээ шамдаад хичээгээд үзье гэж бодож байна. Цолоо ахиулж барилдана.  

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 31. МЯГМАР ГАРАГ. № 216 (7201)