Б.АЛТАНГЭРЭЛ

1990 онд анх үзэгчдэд хүрсэн Брюс Жоэл Рубины зохиол, АНУ-ын кино найруулагч Жерри Зукерийн найруулгаар бүтсэн “Ghost” хэмээх уран сайхны киноноос сэдэвчлэн модерн балетын бүжгэн жүжгийг хөгжмийн шинэчилсэн найруулгаар, мөн таван өөр найруулагчийн найруулгаар хоёр дахь удаагаа олны сонорыг мялааж, мэлмийг баясгах гэж байна.

“Номадик балет продакшн”-аас сонгодог урлагийн үнэнч фэнүүдэд зориулж буй "Сүнс" неоклассик бүжгэн жүжиг ирэх сарын 17, 18-нд “Корпорейт конвейшн центр”-ийн тайзнаа амилах юм. “Сүнс” неоклассик балет нь дурлалт хосуудын мөнхөд үргэлжлэх хайр сэтгэл, романтик үйл явдал нь таны зүрх сэтгэлд гүн нэвтэрч, ер бусын нууцлаг бодол төрүүлэх бүтээл бөгөөд илүү шинэлэг хөгжмийн найруулга, бүжгийн хэлээр өгүүлнэ.

Балетын гол дүрийг ДБЭТ-ын гоцлол бүжигчин Гавьяат жүжигчин Б.Саруул, Соёлын тэргүүний ажилтан Х.Гантулга, БНСУ-ын “Вайс балет” компанийн гоцлооч А.Билгүүдэй нар амилуулах юм. Тоглолтын өмнө яруу найрагч П.Тэлмэнпүрэв мялаалга шүлгээсээ уншиж, сонгодог хөгжийн дөрвөл үзэгчдийн сонорт хүргэх юм. Түүнчлэн уран зургийн болон керамик үзэсгэлэн сонирхож мэлмийгээ баясгах боломжтой. “Сүнс”-ийн хөгжмийн зохиолчоор Ц.Эрхэс ажилласан бол Э.Уянга, Б.Манахатан, Б.Мөнхнаран, Б.Марал, О.Олонбаяр нар найруулж, таван өөр өнгийг харуулжээ.

Эх сурвалж: www.zms.mn