Баатарын НЯМСҮРЭН

 

“Зууны мэдээ” сонин “Амжилтын эзэн” буландаа Жүдо бөхийн ОУХМ, Б.Цогт-Очирыг урилаа. Тэрбээр үндэсний шигшээ багийн 60 кг-ын тамирчин юм.

 

-Та сүүлд “Мастерс” ангиллын тэмцээнд оролцож шагналт долдугаар байрт шалгарсан. Эргээд бодоход энэ амжилтаа ахиулах боломж байсан болов уу?

-Өнгөрсөн наймдугаар сард Унгарын Будапешт хотноо дэлхийн чансааны эхний 36-д эрэмбэлэгдсэн шилдгүүд оролцдог “Мастерс” ангиллын тэмцээнд зодоглосон. Тус тэмцээн нь чансаагаараа олимп, дэлхийн аваргын дараа ордог.  Миний хувьд өмнө барилдаж үзээгүй тамирчидтай учраа таарсан. Ер нь туршлагатай сайн тамирчидтай өрсөлдсөн. Өмнө нь таарч барилдаж байгаагүй болохоор барилдааны онцлогийг нь мэдэхгүй байлаа. Харин  таарч барилдаж байсан бол өөр тактикаар барилдаж амжилтаа ахиулах боломжтой байсан байх. Гаргасан алдаагаа давтахгүйн төлөө цаашид хичээх болно.

-Өсвөр, залуучуудын УАШТ-д амжилттай оролцдог байсан даа?

-Гаргасан амжилт бүртээ хайртай. Миний хөдөлмөр учраас тэр л дээ. Өнгөрсөн хугацаанд гаргасан томоохон амжилт гэвэл Гранд сламаас хүрэл медаль хүртсэн. Мөн Grand Prix тэмцээнд хүрэл медалийн болзол хангасан. Өсвөр, залуучуудын УАШТ-д дөрвөн удаа түрүүлсэн. Харин насанд хүрэгчдийн УАШТ-ээс мөнгө, хүрэл медалийн эзэн болж байлаа.

-Та 2012 оноос жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн. Анхны тэмцээн нь сонирхол татаж байна?

-Ээжийн төрсөн дүү нь улсын харцага Т.Баасанхүү ах. Мөн аймгийн арслан Т.Мягмаржав. Тиймээс ах нараасаа үлгэр дуурайлал авч бөхөөр хичээллэсэн. Ингээд гавьяат дасгалжуулагч Ш.Бат-Орших багшийн шавь болсон. Тамирчин хүнд анхны тэмцээн үнэ цэнтэй. Би анх жүдогоор хичээллэж эхлээд дүүргийн аварга шалгаруулах тэмцээнээс  хүрэл медаль хүртэж байсан. Үүнээсээ их урам авч эргэлт буцалтгүй бөхийн спортод шамдсан даа.

-Амжилт гаргахад бэлтгэл сургуулилтаас гадна сэтгэл зүй  чухал шүү дээ?  

-Би дэвжээнд гараад сэтгэл зүйгээ тайван байлгахыг хичээдэг. Мөн өрсөлдөгч бөхийнхөө  барилдааныг  үзэж судалгааг тогтмол хийдэг. Харин ялагдал хүлээсэн үедээ тухайн барилдаанаа  үзэж алдаанаасаа сургамж авдаг.Тамирчин хүн их завгүй, гэртээ байх нь ховор. Тухайлбал, би долоо хоногийн зургаан өдөр шигшээ багийн бэлтгэл сургуулилтдаа хамрагддаг. Мөн тамирчин хүн дан ганцаараа амжилт гаргадаггүй. Ард нь гэр бүл, тусалж дэмждэг хүмүүсийн итгэл, сэтгэл бий. Хамтын хүчээр амжилт гаргадаг гэсэн үг.

-Тамирчид зорилго тавиад түүнийхээ төлөө хөдөлмөрлөдөг. Ирээдүйн хамгийн том зорилго гэвэл?

- Анх жүдогоор хичээллэж эхлэхдээ бусад улсын шилдэг бөхчүүдийн барилдааныг үзэж ийм л тамирчин болно гэж мөрөөддөг байсан. Миний амжилт дөнгөж эхэлж байна. Ер нь тамирчин бүрийн зорилго олимп болоод ДАШТ-д амжилт гаргах. Би ч мөн адил олимп, ДАШТ-ээс медаль хүртэхийн төлөө хичээж  байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 26. ПҮРЭВ ГАРАГ. № 213 (7198)