Бат-Эрдэнийн Дэмбэрэлням

 

Хэдхэн хоногийн өмнө XIX дэх удаагийн “Ханжоу-2022” Азийн наадамд Монголын 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг  хүрэл медаль хүртэж, Монголын спортын түүхэнд нэгэн шинэ хуудсыг бичсэн билээ. 49 жилийн дараа Азийн наадмаас анх удаа багийн спортоор медаль хүртсэн Монголын шигшээ багийн тоглогч, залуу од М.Өлзий-Оршихтой түүний амжилт болон ирээдүйн талаар ярилцлаа. М.Өлзий-Орших 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багаас гадна Монголын 5х5 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багт сонгогдож, Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд эх орноо төлөөлөн тоглосон юм.

 

-Түүх бүтээсэн Азийн наадмаас яриагаа эхлэе. Медаль авах мөчид ямар мэдрэмж төрсөн бэ?

-Тэр үеийн мэдрэмжийг үгээр илэрхийлэх хэцүү байна. Медаль авсандаа үнэхээр их баяртай байгаа. Эх орныхоо төрийн далбааг мандуулаад, медаль зүүх агшин үгээр хэлэмгүй мэдрэмж юм билээ.

-Хүрэл медалийн төлөөх тоглолт онооны хувьд  ойролцоо гайхалтай болж өндөрлөсөн?

-Бид хагас шигшээд Катар улсын шигшээ багт бага зэрэг алдаанаас болж хожигдсон. Тоглолтын дараа баг дотроо их зүйл ярилцсан. Солонгос бол чансаа өндөртэй баг. Тиймээс хувилбаруудаа амжилттай болгож, гүйцэтгэл өндөртэй тоглох шаардлагатай болсон юм. Тиймээс ярилцсанаа талбай дээр хэрэгжүүлж, хамгаалалтаа чамбайруулж чадсаны эцэст ялалт байгуулсан.

-Та тоглолтын төгсгөлд оноо ойрхон үед чамбай тоглолт үзүүлж, чухал оноонуудыг авсан. Эгзэгтэй мөчид сэтгэл зүйгээ хэрхэн тогтвортой байлгаж чаддаг вэ?

-Тамирчин хүн юу ч тохиолдсон сэтгэлзүйгээ тайван байлгах ёстой. Баярласан ч, сэтгэл гутралд орсон ч нэг хэвийн байх хэрэгтэй. Хожиж, аварга боллоо гээд өөрийгөө дөвийлгөх хэрэггүй. Бусдыг ойлгох, хүндлэх зэрэг харилцааны чадваруудаа сайжруулах хэрэгтэй. Ялангуяа багийн спортод. Харилцааны талд жаахан дутагдалтай хүн багт жийгдмэл байдаг. Тиймээс бусадтайгаа аль болох ойлголцож, өөрийнхөө бодлыг хэт тулгахгүй, багийнхныхаа бодлыг сонсож, харилцан ойлголцох нь чухал. Миний хувьд талбай дээр, тоглолтын явцад багийнхантайгаа муудалцах үе гарна. Тиймэрхүү зүйл болбол тоглолтын дараа заавал эвлэрдэг.

-Та дээд лигт анх өрсөлдсөн жилээ “Миний мөрөөдөл улсынхаа шигшээ багт багтах” гэж байсан. Мөрөөдлийн тоглолтын үеийн мэдрэмжээсээ хуваалцвал?

-Улсынхаа шигшээ багт тоглоно гэдэг энэ спортоор хичээллэж буй хүн бүрийн мөрөөдөл байх. Анх шигшээ багийн бүрэлдэхүүнд  багтахад мөрөөдлөө биелүүлсэндээ баярлаж байсан. Шигшээ багтайгаа анхны тоглолтод оролцохдоо заал дүүрэн үзэгчдийг хараад сандарч бас догдолсон. Эх орондоо, монголчуудынхаа өмнө тоглох сайхан ч итгэлийг нь алдчих вий гэх айдастай байсан. Гэсэн ч дараа дараагийн тоглолтуудад дасаад, сандрал багассан. Улсын шигшээ баг гэдэг хамгийн сайн тамирчдын нийлбэр болохоор залуу тамирчны хувьд ах нараасаа их зүйл сурч байгаа.

-Тоглолтын үед сандарч харагдаагүй. Харин ч тайван, өндөр гүйцэтгэлтэй тоглосон шүү дээ?

-Би шигшээ багтаа холбогчийн  үүрэг гүйцэтгэсэн. Тоглолтыг холбогч л найруулдаг шүү дээ. Холбогч нь  сандраад эхэлбэл бусад тамирчид яах билээ гэж бодоод илүү тайван харагдахыг хичээдэг. Намайг тайван байгааг хараад багийнхан минь итгэлтэй, зоригтой тоглоосой гэж хүсдэг.

-Тамирчин хүний амжилтын үндэс нь бэлтгэл. Монголын нөхцөлд өөр ажил хийхгүйгээр зөвхөн бэлтгэлдээ анхаарах боломж хэр байна?

 -Мэргэжлийн тамирчин байх нь сонирхогчоос өөр.  Байнга системтэйгээр бэлтгэл хийдэг. Бэлтгэл өнжих, хоцрох, таслах зэрэг ойлголт байх ёсгүй. Багш, дасгалжуулагч нар ч үүнийг хатуу анхааруулдаг. Өглөө шидэлтийн бэлтгэл,  өдөр хүчний бэлтгэл, орой багаараа заалны бэлтгэл хийж байна. Би өнгөрсөн жил “Төмөр замын дээд сургууль”-ийг Зүтгүүрийн аж ахуйн мэргэжлээр төгссөн. Одоогоор мэргэжлээрээ ажиллаагүй байна. Өмнө нь манай тамирчдын хувьд зөвхөн спортоо хөөгөөд амьдралаа авч явах хэцүү, бараг  боломжгүй байсан үе бий. Харин одоо тэр үеийг бодвол тамирчдаа, спортоо хүмүүс үнэлж, ивээн тэтгэдэг болсон байна.  Дээд түвшний тамирчид бол зөвхөн сагсан бөмбөг тоглоод өөр ажил эрхлэхгүй амьдрах боломжтой гэж би хувьдаа боддог. Гэхдээ тоглогч бүрийн цалин хоорондоо харилцан адилгүй гэдгийг уншигч та бүхэн ойлгоорой.

-Удахгүй дээд лигийн тэмцээн эхлэх нь. Мэдээж зорилго тодорхой байх?

-Анх лигийн тэмцээнд оролцохдоо нэг л итгэж өгөхгүй, догдлол дүүрэн байсныг яг өчигдөрхөн мэт санадаг. Сагсан бөмбөг анхлан заасан багшийнхаа удирдлага дор Багануур дүүргийнхээ ах нартай хамт тоглох үнэхээр сайхан улирал байсан. Харин сүүлийн хоёр улирал “IHC Apes” багт тоглолоо. Их ч зүйл сурсан. Энэ жил манай багт олон шинэ залуус нэгдсэн. Бид аваргын төлөө зорьж байгаа. Тиймээс энэ жил аваргын цомын төлөө бүхнээ дайчлах улирал.

-Та хэзээнээс сагсан бөмбөгөөр хичээллэж эхлэв. Энэ спорт таны амьдралыг хэрхэн өөрчилсөн бол?

-Багийн спортоор хичээллэснээр бусадтай хамтарч ажиллах, ойлголцох чадвар хөгждөг юм шиг санагддаг.  Мөн сагсан бөмбөгийн спорт надад зөв төлөвшил, хариуцлагатай байхыг илүүтэй сургасан.  Ер нь дурдаад байвал олон зүйл бий. Миний амьдралын хамгийн сайхан мөч бүхэн энэ спорттой салшгүй холбоотой. Яг энэ цаг мөчид би амьдралаа сагсан бөмбөггүйгээр төсөөлж чадахгүй байна.

-Спорт хааяа харгис, золиос шаардах нь бий?

-Золиос гэвэл магадгүй цаг хугацаа л байх. Миний хувьд өнөөдрийн зэрэгт хүрэхдээ хамгийн чухал зүйл бол хорт зуршлаас хол байсан гэж боддог. Багаасаа тамхи татдаггүй, согтууруулах ундаанаас хол байсан. Хүүхдүүд өсвөр насандаа тамхи их сонирхдог. Тиймэрхүү зүйлээс хол байж энэ амжилтад хүрсэн гэж боддог. Мөн спорт надад сахилга батыг суулгасан. Би буруу хүмүүсийг дагаад, буруу замаар явах вий гэхээс их айдаг. Аль болох зөв байж, хэнтэй нөхөрлөхөө сайн мэддэг байх хэрэгтэй.

-Сагсан бөмбөгийн спортын юу нь таныг ингэтлээ татсан юм бэ. Магадгүй амжилт уу?

-Одоогоор миний амьдралаасаа авч болох хамгийн жаргалтай кайф нь сагсан бөмбөг тоглоод мэдэрч байгаа мэдрэмж. Хүнд ус, агаар мэт хэрэгтэй зүйл байдаг. Өдөр бүр хоол иддэг шиг надад сагс хэрэгтэй. Залуу насандаа өөрийнхөө хүссэн зорилгодоо хүрэхийн тулд, энэ спортын төлөө бүх цаг, заваа зарцуулж байна. Харин спортоо болих үедээ мэргэжлээрээ ажиллана гэж боддог. Тиймээс залуу насандаа энэ спортоор амжилт гаргахыг хүсэж байна. Амьдралд стресс, бүтэхгүй зүйл олон тохиолддог. Тэр үед би сагс тоглоод бүх зүйлийг мартаж чаддаг.

-Тамирчин хүн ялж, ялагдаж сурах ёстой гэдэг. Ялагдал танд юу сургадаг вэ?

-Ялагдах мэдрэмж үнэхээр хэцүү. Энэ үед алдаан дээрээ илүү ажиллаж, бэлтгэлээ хийх ёстой юм байна гэж өөртөө хэлдэг. 

-Таны спортын замнал дуусахад  хүмүүс хэрхэн дурсаж байвал сайхан бэ?

-Хойч үеийн спорт сонирхож буй залуучууддаа М.Өлзий-Орших гэдэг тамирчин тийм хүн байсан юм шүү гээд сайнаар дурсагдахыг хичээдэг. Жишээлбэл, хичээл зүтгэл, бэлтгэлээ хэрхэн хийдэг байсан, тэмцээндээ яаж оролцсон гээд аль болох зөв үлгэр дуурайлал аваасай гэж хүсдэг.

Залуус дүү нартаа хандаж хэлэхэд сагсан бөмбөг гэлтгүй аль ч спортыг хэдэн наснаас ч эхэлж болдог. Хамгийн чухал нь хичээл зүтгэлтэй байж, дундаас нь шантрахгүй, хэн нэгний шахалтаар бус өөрийнхөө хүсэл тэмүүллээр хандаарай гэж хэлье. Учир нь амжилт хичээсэн хүнд л ирдэг юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 24. МЯГМАР ГАРАГ. № 211 (7196)