Б.Нямсүрэн

“Хайрлаж болох уу”, “Гоо марал”, ”Миний ээж хөөрхөн”, “Амь нэгтэй аав охин”, “Жаргалтай явна хоёулаа”, “Шанз торгон аялгуу” дууны шүлгийг бичсэн авьяаслаг яруу найрагч бол М.Цэрэнтогтох билээ. Тэрбээр нийтийн дууны ертөнцөд өөрийгөө тунхагласан уран бүтээлч гэхэд хилсдэхгүй. Тиймдээ ч 200 гаруй дууны шүлэг бичсэн авьяаслаг нэгэн. М.Цэрэнтогтоход бичээгүй сэдэв үлдээгүй мэт. Эх нутаг, ээж аав, хайр гээд дуусахгүй их сэдэвтэй бүтээл бий. Учир нь 20 гаруй жилийн өмнөөс шүлэг бичиж эхэлжээ.

Түүний хамгийн богино хугацаанд бичсэн шүлэг бол “Жаргалын наран чамдаа”. Тус уран бүтээлийг Соёлын тэргүүний ажилтан Э.Төрмандах дуулж түмэн олонд хүргэсэн байдаг. Шүлэг, аялгуу нь төгс зохицсон бүтээл гэвэл энэ дууг нэрлэмээр санагдана.

Наран мандсан сэтгэлийнх нь

Нандин хайранд өлгийдүүлж,

Насны ганцхан амьдралдаа

Найраг дуутай явна даа...гэж бичсэн нь түүний  ханьдаа зориулсан шүлэг.  Тэрбээр ханийнхаа сайхан сэтгэл, хайр халамжийг бодож бичсэн биз ээ. Сайхан ханийн түшгээр өнөөдрийн уран бүтээлийн эхлэл тавигдаж, туурвиж яваа нь лавтай. Амьдралын түшиг бол хань ижил билээ. Тиймээс сайхан ханийн тухай дуу нь монгол түмний сонсох дуртай бүтээл болсон болов уу.

Сонсогчдод ухаарал, эерэг сэдлийг өгөхийг хичээдэг уран бүтээлч

Уран бүтээлч хүний хамгийн жаргалтай мөч бол шинэ уран бүтээлээ хүлээж авах. Энэ талаар М.Цэрэнтогтох “Үр минь төрөх, дуу минь төрөх, үнэндээ ямар ч ялгаагүй. Гэр бүлд шинэ хүн нэмэгдэхэд ямар их аз жаргал, баяр баясгалантай байдаг билээ. Яг үүнтэй адил уран бүтээл төрөх нь ижилхэн” гэсэн юм. Тэрбээр дууны шүлгээрээ сонсогчдод ухаарал, эерэг сэдлийг өгөхийг хичээдэг уран бүтээлч.

Мөн түүнтэй хамтран ажилласан уран бүтээлчид ам сайтай байдаг юм билээ. Түүнийг бүтээлдээ сэтгэлээсээ ханддаг, авьяаслаг, хөдөлмөрч хэмээн дүгнэдэг. Сүүлд гэхэд Соёлын тэргүүний ажилтан, ая зохиогч  Б.Дамбадаржаа “Энэ цагт дууны яруу найргаар  цахиур хагалж байгаа чадварлаг уран бүтээлчийн нэг. Бид олон бүтээлд хамтарч ажилласан” хэмээн ярьж байсан юм.

Уран бүтээлч ялангуяа, урлагийнхны тухайд бүрэн хэмжээний  тоглолтоосоо эрч хүчээ сэлбэж, ихийг хийх сэдэл авдаг. Энэ жишгээр М.Цэрэнтогтох анхны уран бүтээлийн тоглолтоо 2017 онд гаргасан. Харин дараагийн тоглолтоо 2018 онд толилуулсан байдаг. Тухайн үедээ Бөхийн өргөөг дүүргэсэн нь одоо ч санаанаас гардаггүй хэмээн хүмүүс ярьдаг. М.Цэрэнтогтох анхны тоглолтоо 30 дуутай болгохоор төлөвлөхөд ихэнх нь ээжийн тухай дуу байжээ. Тиймээс “Миний ээж хамгийн хөөрхөн” гэж нэрлэсэн гэдэг. Харин 2018 онд “Гоо марал” тоглолтоо толилуулсан.  Хайрын тухай  дуу давамгайлсан маш сайхан тоглолт болж байжээ.Тэрбээр ирэх сарын 2-нд гурав дахь бие даасан “Шанз торгон аялгуу” тоглолтоо хүргэхээр болжээ. Нэгэн үдшийг сайхан уран бүтээлээрээ сонсогчидтойгоо уулзахад бэлэн болсон нь энэ. Хоёр цагийн турш үзэгчдийг уйдааж залхаахгүй, сайхан  тоглолт болох нь тодорхой биз ээ.

Эх сурвалж www.zms.mn