Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

Түүхт 60 жилийн ойгоо тэмдэглэж, 61 дэх жилийн үзвэрийн нээлтээ хийсэн УДБЭТ-ын уран бүтээлчдийн хүндэтгэлийн тоглолт боллоо. Мөн энэ амралтын өдрүүдэд Ж.Россинигийн “Севилийн үсчин” дуурийг амжилттай тоглосон юм.

 

Дуурь 20 хоногийн дотор “төржээ”

УДБЭТ-ын уран бүтээлчид энэ амралтын өдрүүдэд дэлхийн сонгодог инээдмийн дуурь болох Ж.Россинийн алдарт “Севилийн үсчин” дуурийг амжилттай тоглолоо. Анх 1816 онд тайзны бүтээл болсон энэ дуурь хамгийн цөөн хоногт бичигдсэн гэдгээрээ алдартай. Учир нь ихэнх хөгжмийн зохиолчид нэг дуурь бичихийн тулд олон жил бодож, тархиндаа төлөвлөж, зарим нь бүхий л насаа зориулсан байдаг бол Ж.Россини “Севилийн үсчин” дууриа 20-хон хоногт бичсэн гэдэг. Тус дуурь нь үйл явдал зохиомжоороо бус харин гайхамшигт хөгжмийн шийдлээрээ дэлхий даяар алдаршсан юм. Залуу хүү үзэсгэлэнт бүсгүйд дурлана. Маш үзэсгэлэнтэй цэл залуу дуу алдам Розина болон Севилийн Альмавива гүнтэн. Тэд энэхүү дуурийн гол дүр юм. Тэдний дурлал гал халуунаар дүрэлзэн гэрэлтэх  ажээ. Гэвч дундуур нь Розинад дурласан бас нэгэн гарч ирнэ. Тэр нь Бартало хэмээх хөгшин.  Царай муутай, олиггүй тэрбээр Розинатай гэрлэхийг хүсч хөөрхий залуу бүсгүйг гэртээ хорьж орхидог. Альмавива гүнтэн хайртай бүсгүйтэйгээ гэрлэхийн тулд бүхнийг чадагч Фигаро дээр очно. Ингээд Фигаро Розинаг оргуулж дурлалт хоёрыг гэрлүүлэх төлөвлөгөө бүхий гэрээ байгуулж буйгаар дуурийн үйл явдал өрнөх юм. Эцэст нь дуурь гэрэл гэгээ, сайн сайхнаар төгсөх ажээ.

 

Гоцлол дуучин Б.Одонзаяа 

Сонгодог театрын үнэнч үзэгчдийн хүсэн хүлээдэг “Севилийн үсчин” дуурийг анх 1979 онд Монголын тайзнаа тоглож байсан түүхтэй. Түүнээс хойш театрын байнгын уран санд орж, өдгөө ч тасралтгүй үргэлжилсээр байгаа юм. Тэгвэл энэ удаад дуурийн гол дүр болох Розинад УДБЭТ-ын залуу гоцлооч Б.Одонзаяа дахин дуулахаар болжээ. Энэ дүрд туршлагажиж яваа тэрбээр анх 2018 онд тус дуурийг Итали удирдаач ирж дохиход анх дуулж, гоцлол дуучны гараагаа эхлүүлсэн билээ. Тэрбээр “Анх 2017 оны тавдугаар сард гол болон туслах дүрд нээлттэй сонгон шалгаруулалт зарласан юм. Тухайн үед өөрийгөө гол дүрд дуулах хараахан болоогүй гэж бодоод туслах дүрд нэрээ өгсөн. Харин манай театрын гоцлол дуучин эгч нар надад их урам өгсөн. “Чи нарийн саппоран хоолойтой юм чинь Розинагийн дүрд шалгуул. Энэ бүтээл чиний хоолойд тохирно. Том зүйл рүү тэмүүл” гэж зөвлөсөн. Үүнээс урам авч Розинагийн дүрд шалгуулаад тэнцсэн” хэмээн анх энэ дуурьт сонгогдсон тухайгаа дурсаж байсан юм. Б.Одонзаяа Розинагийн дүрийг анх уншихдаа л “Торонд баригдсан шувуухай юм байна” гэж тодотгосон гэдэг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 23. ДАВАА ГАРАГ. № 210 (7195)