Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА
Дэлхий эрчимтэй даяаршиж, техник технологи хурдацтай хөгжиж буй энэ үед хүн төрөлхтнийг соён гэгээрүүлэх, бодол, ухаарал бэлэглэж, амьд харилцааг бий болгодог учир театрын урлаг үнэ цэнтэй хэвээр байна. Харин Монголын театрын урлаг бусад орны театрыг бодвол нэн залуу. 90 гаруйхан жилийн түүхэнд бид өөрийн дэг, школтой монгол театрын онцлогийг гаргаж чадсан билээ. Нэгэн цаг үед Монголын театрын хөгжлийг зөвхөн УДБЭТ болон УДЭТ-ын уран бүтээлээр дүгнэж, үнэлдэг байсан цаг саяхан. Тэгвэл сүүлийн жилүүдэд театрын олон төрлөөр уран бүтээл туурвидаг, гадаадад сургууль төгссөн, авьяаслаг залуус Монголын театрын урлагийн хаалгыг хүчтэйхэн татаж, даацтай уран бүтээлүүдийг туурвих болжээ.
“КАРМЕН” ДУУРИЙН АНХНЫ БҮРЭЛДЭХҮҮН
УДБЭТ-ын уран бүтээлчид түүхт 61 дэх жилийнхээ үзвэрийн нээлтийг Ж.Бизегийн алдарт “Кармен” дууриар хийсэн билээ. Дэндүү хөгжимлөг, утга уянгатайхан энэ дуурьтай монголчууд анх Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулганы найруулгаар 1984 онд танилцаж байсан түүхтэй. Харин 2013 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх удирдаач дахин шинэчлэн тавьсан байдаг. Харин энэ онд ОХУ-ын Глинкийн нэрэмжит Хөгжмийн консерваторын багш, удирдаачийн тэнхимийн зөвлөх, Ардын жүжигчин Прасолов Вячеслав Иванович ирж удирдсан билээ.
Тэгвэл 1984 онд гал цогтой, гандан бууршгүй цыган бүсгүй Карменд дөнгөж ОХУ-ын Ленинградын хөгжмийн дээд сургуулийг төгссөн, өдгөөгийн Ардын жүжигчин Ч.Мөнхшүр дуулсан байдаг. Зөвхөн түүнийг Карменд дуулахыг үзэх гэж дуурийн урлагийн үнэнч сонсогчид ягаан театрыг зорьдог байсан тухай үлгэр домог мэт яриа өдгөө ч бий. Үнэхээр хоолойн чадлаас гадна үзэсгэлэн гоо, өв тэгш биетэй төрсөн тэрбээр улаан даашинзныхаа хормойг дэрвүүлэн бүжихэд дуурийн театр нам гүм болж, зөвхөн агуу Ж.Бизегийн тансаг аялгуу, дуучин бүсгүйн гайхалтай хоолой л танхим дүүртэл цуурайтдаг байсан гэдэг. Хамгийн гайхалтай нь энэхүү дуурийг Ленинградын Хөгжмийн дээд сургуулийг төгссөн нэгэн үеийн уран бүтээлчид туурвисан байдаг юм. Тодруулбал, Ленинградын консерваторийг эхлээд Л.Эрдэнэбулган найруулагч төгссөн бол дараа нь удирдаач Ж.Бүрэнбэх, түүний дараа үзэсгэлэнт Кармен Ч.Мөнхшүр төгссөн түүхтэй. Ийнхүү их гүрнээс эрдэм өвөртлөн ирсэн тэр үеийн алтан авьяастнуудын нуруун дээр УДБЭТ-ын ихэнх уран бүтээл, цэцэглэж ирсэн гэвэл хилсдэхгүй. Ардын жүжигчин Ч.Мөнхшүр “Би 1981 онд Ленинградын Хөгжмийн сургуулийг төгссөн. Манай хоёр надаас арай өмнө төгссөн юм. Ингээд 1984 онд бид Кармен дуурийг тоглож байлаа.
Нэгэн үеийн, нэг сургуулийн уран бүтээлчид бид тэр үед их л урам зориг эрч хүчтэйгээр энэ том дуурийг зориглон тоглож байсан нь сэтгэлд тод үлджээ. Монголд Карменийг Л.Эрдэнэбулган, Ж.Бүрэнбэх хоёр баатарлагаар тавьсан гэхээс би өөр юу хэлэх билээ. Дуурийн урлагт найруулагч, удирдаач гэдэг чинь аугаа хүмүүс шүү дээ” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ. Дуучин Ч.Мөнхшүрийн хувьд 16 нас ч хүрээгүй жаахан байхдаа тухайн үеийн Бүх цэргийн дуу бүжгийн чуулгад шалгуулж, тэнцсэн нь урлагийн алтан тайзан дээр дуулах их хувь заяаных нь эхлэл байсан гэдэг. Ингээд түүний дуулахыг сонссон Анастасия Иванова Филатова гадагшаа сургуульд явуулах шийдвэр гаргаснаар ОХУ-ын Ленинград хотын хөгжмийн консерваторид суралцах үүд хаалга нээгджээ. Ийнхүү Монголын дуурийн урлагийн хатан хаан Ч.Мөнхшүр, УДБЭТ-ын нэрт найруулагч Л.Эрдэнбулган агсан, ард түмний дунд “Нийслэл хүү” хэмээн алдаршсан, удирдаач Ж.Бүрэнбэх гэсэн нэгэн сургуулийн, нэгэн үеийн, алтан хамтрагчдын авьяас билэг, ур ухаанаар ийнхүү Монголд анхны “Кармен” дуурь мэндэлж, Монголын театрын урлагийн хөгжлийг нэг алхам урагшлуулсан түүхтэй.
ТЕАТРЫН УРЛАГИЙН ШИНЭ ҮЕ “PRO”
Нэгэн цаг үед монополь байсан УДЭТ-ын араас энэ цаг үед өөр, өөрийн өнгө аястай хувийн театрууд “төрж” байгаа нь олзуурхууштай. Энэ хэрээр театруудын дунд өрсөлдөөн бий болж, жинхэнэ шүүсийг нь шахсан, чанартай бүтээлүүд төрж байгааг саяхан болсон “Гэгээн муза” наадам нотолсон юм. Учир нь тус наадмын ихэнх номинацид “Bee”, “PRO”, “Орфей” зэрэг хувийн театрын уран бүтээлүүд урлагийн “акул” УДЭТ-тай тун ч ширүүн өрсөлдөж, шагналын хурыг ч буулгалаа. Үүнээс визуал драм гээчийг Монголд хөгжүүлэхээр зорьж буй “PRO” театрын тухай энд онцлоё.
“Инээмтгий хүн” жүжиг Монголын театрт ирэхдээ визуал драм хэлбэрээр буусан юм. Энэхүү уран бүтээлийг шинэ, залуу “PRO” театрын уран бүтээлчид тайзнаа авчирсан билээ. Энэ жүжиг өнөөдөр бидний амьдарч буй нийгмийн тусгал, толь юм гэсэн бодол үзэгч миний бодолд бууж байсныг нуух юун. УДЭТ-ын тайзан дээр л үздэг байсан драмыг “PRO” театрын тайзан дээр харах жинхэнэ шок байсан юм. Тус театрыг онцолж буй гол шалтгаан нь тус театрын уран бүтээлчид яг л 1984 оны “Кармен” дуурийн анхны бүрэлдэхүүн шиг нэг ангийн найзууд юм. Тодруулбал, 2010 онд ОХУ-ын Санкт-Петербургийн Театр урлагийн академид хүүхэлдэйн жүжигчин мэргэжлээр манай улсаас 10 оюутан суралцахаар явсан юм. Тэд театрын урлагийн баялаг түүхтэй ОХУ-ын эрдэмтэн багш нараас номын дуу сонсч, тус тусын мэргэжлээр Оросын театруудад ажиллаж туршлага хуримтлуулсан байна. Сургуульд явах үеэсээ л эх орондоо ирж өөрсдийн театрыг байгуулна гэж гэгээхнээр ярьж байсан тэд ийнхүү мөрөөдлийнхөө эхний алхмыг дэлхийн сонгодог бүтээлийг анх удаа эх орныхоо театрт тавьж, эхлүүлсэн нь энэ. Тус театрын найруулагч Б.Даваасүрэн “PRO” бол нэг ангийн зургаан найзын хүсэл мөрөөдөл дээр босч буй театр. Учир нь анх явахдаа л бид төгсөж ирээд өөрсдийн театрыг байгуулж, Монголдоо ажиллана гэсэн зорилго тээсэн. Тэр хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр “PRO” театраа байгуулсан. Тиймээс бид чадахаасаа чадахгүй хүртлээ уран бүтээлээ хийх болно” хэмээн манай сонинд өгсөн ярилцлагадаа онцолж байсан юм.
Түүний хувьд багаасаа л урлагийн гэр бүлд өссөн учир ийнхүү ямар ч эргэлзээгүйгээр театрын мэргэжлийг сонгож, сонгон шалгаруулалтад орсон гэдэг. Түүнтэй яг адилхан О.Итгэл, Б.Анхбаатар, Г.Билгүүн зэрэг ангийн найзууд нь мөн л хүсэл мөрөөдлөөрөө түүнтэй нэгдэж, өнөөдрийн “PRO” театр болоод драмын урлагийн шинэ залуу үеийн төлөөлөл болж, Монголын театрын урлагт өөрийн хувь нэмрээ оруулж явна. Үнэхээр нэгэн үеийн, нэг сургуулийн, хүсэл зорилго нэгтэй уран бүтээлчид нэгдэж чадвал 1984 оны “Кармен” дуурь, 2023 оны “Инээмтгий хүн” визуал драм шиг чанартай уран бүтээлийг хийж чаддаг ажээ. Монголын театрын урлагийн хөгжилд энэхүү хоёр цаг үеийн буюу дундаа 39 жилийн заагтай хоёр үеийн төлөөлөл бүгд ОХУ-д бэлтгэгдсэн мэргэжлийн уран бүтээлчид байгаа нь хувь тавилан, аз тохиол гэлтэй. Цаг үе бүхэн өөр өөрийн онцлогтой уран бүтээлчдийг төрүүлдэг ажээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 20. БААСАН ГАРАГ. № 209 (7194)