Баатарын НЯМСҮРЭН

Шатар бол оюуны спорт билээ. Тиймээс “Зууны мэдээ” сонин “Амжилтын эзэн” буландаа “Төгс нүүдэл” шатрын клубийг онцолж байна. Тус клуб нь таван салбараар дамжуулан ирээдүйн  шатарчдыг бэлтгэж байгаа юм. 

 

БАГА НАСНЫХАНД  ШАТРЫГ СОНИРХОЛТОЙ БАЙДЛААР ЗААДАГ

“Төгс нүүдэл” шатрын клубээр зочлоход цэвэрхэн, тухтай орчинд бяцхан сурагчид ширээний ард завгүй “нүүж” сууна. Тэдний дунд олон улсын тэмцээнд оролцсон, улсын аварга гээд бахархам тамирчид бий. Шатарчид өдөрт цаг 30 минутыг ийнхүү үр бүтээл дүүрэн өнгөрүүлдэг аж. Тэдэнд багш нь эелдгээр зааж зөвлөх нь дулаахан мэдрэмж төрүүлж байлаа. Тус клуб 2009 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн ба 2011 оноос “Төгс нүүдэл” нэртэй болжээ. Бяцхан шатарчдын багшийг З.Цэнгэнбаяр гэдэг. Тэрбээр багаасаа шатраар хичээллэжээ. Өөрийн мэддэг бүхнээ шавь нартаа зааж буй хөдөлмөрч нэгэн.

З.Цэнгэнбаяр шавь нарынхаа талаар “ Манай клуб энэ хугацаанд 5000 гаруй хүнд шатар заажээ. Үүнээс олон улсын тэмцээнд амжилттай оролцсон, спортын зэрэг хүртсэн шавь нар бий. Мэргэжлийн тамирчин болохоор суралцаж буй 100 гаруй хүүхэд байгаа” гэсэн юм. Тэрбээр шавь нараа ярихдаа инээмсэглэл тодруулж, жаргалтай болох нь анзаарагдана. 
Тус клуб нь нийтийн шатар сурах үйлсийг хөгжүүлэхдээ  цэцэрлэгийн насны хүүхдэд сургалтаа түлхүү орж байгаа юм. Анх шатар сурахаар ирж буй хүүхдэд эхлээд шатрыг сонирхолтой байдлаар таньж мэдүүлдэг байна. Тиймээс Шидэт хөлөг, “Кэй”-ийн гэр бүл гэсэн цуврал номыг гаргажээ. Тухайн сурах бичгийн хуудас бүр нь өнгөтөөр хэвлэгдэж, хүүхдийн сонирхлыг татахуйц агуулга, зурагтай юм билээ.  Мөн бичлэгээр хичээлээ үзэх боломжтойгоороо онцлог. “Төгс нүүдэл” клубийн багш нар хамтран хөлөгт тоглоом гаргасан байна. Мөн ЕБС-ийн сурагчдад зориулсан зургаан түвшний  ном бий. Тус номыг Голланд улсын зохиогч нараас зөвшөөрлийг нь авч сургалтадаа ашигладаг ажээ. 

 

ШАТАР БОЛ ГАЙХАМШИГТ ИД ШИДИЙН ЕРТӨНЦ

Шатар нь гайхамшигт ид шидийн ертөнц гэдэг. Тус спортоор хичээллэж  буй бага насны хүүхэд олон төлөвшлийг олж авдаг байна. Тухайлбал, аливаад эмх цэгцтэй болж, тогтвортой сууж, шийдвэр гаргаж, зоригтой болдог аж. Мөн хичээлдээ сайжирдаг давуу талтай. Хүүхэд дөрвөн наснаасаа шатраар хичээллэвэл оюун санаа нь үеийнхээсээ илүү сайн хөгждөг ажээ. Тиймээс хөдөлмөрч, тэвчээртэй, шударга, ухаалаг, зоригтой, зорилготой иргэн болж төлөвшдөг байна. Амьдрал тэвчээр, өрсөлдөөн шаардах нь бий. Шатраар хичээллэсэн хүүхэд үүнийг давж гарах чадварыг олж авдаг байна.  

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 19. ПҮРЭВ ГАРАГ. № 208 (7193)