Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА 

Анх жүжигчнээр карьераа эхлүүлсэн ч сүүлийн жилүүдэд найруулагчийн ур ухаанд шамдах болсон жүжигчин Б.Амарсайханы дэлгэцэнд бүтээсэн таван дүрийг “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Кино ертөнц” буландаа онцолж байна. Тэрбээр  Холливудын бүтээл “Марко Поло” кинонд Аригбөхийн дүрд тоглож, олон улсад эх орноо сурталчилж байсан бол сүүлд “Монгол” киноны найруулагч, жүжигчнээр ажилласан билээ.

 

“Боолын гэрээ”

Одоогоос 15 жилийн өмнө Монголын кино урлагт нэгэн бүтээл шуугиан тарьж байсан нь “Боолын гэрээ” кино. Төдийлэн дэлгэцэнд харуулаад байдаггүй нийгмийн хар бараан тал болон хүчирхийллийг тус кино зоригтойгоор хөндөж чадсан юм. Тиймээс ч тухайн оныхоо шилдэг киногоор шалгарч, найруулагч З.Батболд “Шилдэг найруулагч”-ийн шагнал хүртсэн түүхтэй. Харин тус бүтээлийн гол дүр болох хоёр найзад жүжигчин Ч.Болд, Б.Амарсайхан нар тоглосон байдаг. Нөхөрлөлийн үнэ цэн, хүн чанарын тухай өгүүлэх энэ бүтээлээр үзэгчид жүжигчин Б.Амарсайханыг илүү таньдаг болсон. Энэ цаг үеэс түүнд олон киноны санал ирэх болсон бөгөөд олон улсын уран бүтээлчдийн анхааралд өртөх болсон нь ч “Боолын гэрээ” кинотой салшгүй холбоотой гэдэг. Б.Амарсайхан тус бүтээлд элбэг хангалуун амьдралыг хялбар, буруу аргаар олж авах гэж хүссэн мөнгөтэй хүний боол болсон эсрэг дүрийг бүтээдэг билээ. 

 

“Бодлын хулгайч” 

Жүжигчин Б.Амарсайханы дараагийн онцлох дүр бол яахын аргагүй “Бодлын хулгайч” киноны Гантулгын дүр юм. Бодит явдлаас сэдэвлэсэн тус бүтээл түүнээс жүжигчний хувьд асар их тэвчээр, ур ухаан шаардсан гэдэг. Киноны найруулагчаар Ж.Сэнгэдорж ажилласан бөгөөд тус кино мөн л тухайн жилийнхээ “Академи Авардс”-аас “Шилдэг кино” шагналыг хүртсэн юм. “Бодлын хулгайч” киног хийх санааг Б.Амарсайхан анх өөрөө гаргажээ. Энэ тухайгаа “Анх нэгэн сайт дээр байсан мэдээллийг уншаад кино зохиол болгох санаа орж ирсэн. Түүнээс хойш Гансүх ахтай уулзаж, дандаа хамт байсан. Энэ дүр дээр ажиллахад бэрхшээл байгаагүй. Учир нь хуулах дүр нь амьд байгаа учраас.  "Бодлын хулгайч" маш эмзэг сэдэв. Хэн нэгэн хүнийг дөвийлгөж гаргаж ирэхийг хүссэнгүй. Тухайн үеийн нийгмийн байдлыг харуулахыг зорьсон. Өнөөдөр монгол хүн, улс орон маань хэрхэн хөгжих ёстой юм бэ. Хүн өөрийнхөө бодолд яаж үнэнч байх ёстой вэ. Алдсанаа нөхөхөд ямар их цаг хугацааг алддаг юм бэ. Жүжигчнийхээ хувьд миний зүгээс энэ санааг л хэлэхийг зорьсон” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.


 
“Үргээлэг”

Монголд амьдардаг Хятадуудын тухай өгүүлэх “Үргээлэг” киног үзэгчид сайн мэдэх биз ээ. Тус бүтээлийн найруулагчаар Ж.Сэнгэдорж ажилласан бол гол дүрд Б.Амарсайхан, С.Болд-Эрдэнэ, Г.Эрдэнэбилэг, Ж.Баясгалан Б.Навчаа зэрэг нэг ангийн чадварлаг уран бүтээлчид ажилласан байдаг. Киноны зарим хэсгийн зураг авалтыг БНХАУ-д хийжээ. Тус кино нээлтээ хийснийхээ дараа Монголын “Box office”-ийг тэргүүлж, дотоодын зах зээлээс 433 сая төгрөгийн ашиг олсон гэдэг. Харин 2016 онд тус киноны үргэлжлэл хоёрдугаар анги дэлгэцэнд гарсан юм. Ээлжит ангийн найруулагчаар Г.Эрдэнэбилэг ажилласан байдаг. Киноны үйл явдлыг товчхон өгүүлбэл хууль бус хэрэгт хутгалдсан Тэгшээд тусалсныхаа төлөө Гарьд хүний аминд хүрч улмаар шоронд хоригджээ. Харин Тэгшээ түүнд найзын ёсоор хандаж, Гарьдыг хугацаанаас нь өмнө суллуулав. Гарьд үүнд нь баярлаж байсан ч Тэгшээ өөрийг нь юунд ашиглахаар ийм найрсаг хандсаныг мэдээгүй байлаа... 

 

“Итгэл”

2016 онд нээлтээ хийсэн “Итгэл” киноны зохиолыг жүжигчин Б.Амарсайхан өөрөө бичсэн юм. Зохиол бичих сэдлээ “Чамайг энэ хорвоог орхихын цагт юутай байсныг чинь биш хэн байсныг чинь дурсана” гэсэн үг болон бодит хүний амьдралаас олсон гэдэг. Тус киноны гүйцэтгэх продюссераар нь түүний гэргий С.Уран ажилласан байдаг.  “Итгэл” кинонд өнөөгийн Монголын нийгэм, ганц буруу гишгэхэд хүний амьдрал тэр чигтээ буруугаар эргэж болдгийг, нөгөө талаар хүн хувь заяаныхаа эзэн нь байх, дунд давхаргын сэхээтнүүдийн аж байдал, итгэл, хайр дурлал, үхэл амьдралын дэнс гээд олон зүйлийн тухай өгүүлдэг билээ. Б.Амарсайхан тус киноны тухай “Итгэл гэж жирийн албан хаагч залуугийн дүрийг бүтээсэн. Зөвхөн гадаад байдлын хувьд ярихад дүрдээ тохируулж нэлээд турах шаардлага гарсан. “Марко Поло” цувралд тоглохын тулд биеийн жингээ 100 кг орчимд дөхүүлж жин нэмэх хэрэгтэй болсон. Тэндээс ирэхэд 92 орчимд жингээ барьж байгаад энэ кинонд тоглохын тулд 77 кг болтол турсан” гэсэн юм. 

 

“Монгол”

Жүжигчин Б.Амарсайханы хамгийн сүүлд хийсэн уран бүтээл бол “Монгол” кино. Сүүлийн саруудад кино театруудыг үзэлтээрээ тэргүүлж буй киноны тэргүүн эгнээнд тус кино цойлсон билээ. Б.Амарсайхан тус киногоо хоёр жилийн турш бодож, тархиндаа төлөвлөж байж бүтээсэн гэдэг. Тэрбээр киноныхоо тухай “Жүжигчин хүн бүрийн дотор мөрөөдлийн дүр байдаг. Зарим эрэгтэй жүжигчин баатрын дүрд тоглох хүсэлтэй байдаг. Надад ч энэ хүсэл байлаа. Миний удам угсаанд жинчин, улаач, сайн эрийн түүхүүд бий. Монгол гэхээр л цээжээ дэлдэж, ойворгон загнаж, аливаад хэтрүүлэгтэй хандаж болохгүй. Тийм хандлага их  ажиглагдах юм. Герман хүн цаг яс барьдаг, хятад хүн ажилсаг, япон хүн зарчимч гэдэг шиг улс үндэстэн болгоны хүмүүст онцлог бий. Тэгвэл монгол хүний мөн чанар, онцлог, ялгарал юу юм бэ. Монгол хүний ялгарал гээд байгаа зүйл өнөөдөр байхгүй болчихсон. 1920-иод онд “National geographic” сэтгүүлд монголчуудын тухай нийтлэл гарсан байдаг. Тэнд “Монголчууд бохир заваан, гэхдээ их үнэнч, цайлган сэтгэлтэй, хэлсэндээ хүрдэг” гэж бичсэн байдаг. Түүнээс өмнөх “Монголын нууц товчоо” зэрэг түүхэн эх сурвалжуудад “Монгол хүний за бол андгай” гэсэн ч байдаг. Тэгэхээр энэ л бидний ялгарал юм. Монгол хүн хэлсэн бол хийдэг, за гэсэн л бол түүндээ хүрдэг. Гэтэл энэ онцлог одоо байхгүй болчихсон. Би үүнийг л, бид ийм онцлогтой хүмүүс шүү гэдгийг киногоороо хэлэхийг хүссэн” гэжээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 19. ПҮРЭВ ГАРАГ. № 208 (7193)