Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА
Эгчтэйгээ хамт цэцэг зарж амьдардаг нэгэн бүсгүй. Нэр нь Энхэлгэн. Нэгхэн зуны настай эмзэгхэн цэцэгний нэр. Тэрбээр гэгээн хайрыг мөрөөддөг, гэнэн цагаахан нэгэн. Энхэлгэн хайсан хайраа олсон нь тэрбумтны хүү Ивээлт байв. Эд хөрөнгө, эрх мэдэл, нэр хүнд, алдар нэр, алтны төлөө хүн нь хүнээ идсэн энэ нийгэмд зөвхөн тэдний хайр л ёлтойх гэрэл нь байсан билээ. Гэвч...
Үргэлж хошин урлаг, хөнгөн хөгжилтэй дүрээр танил болсон уран бүтээлчдийг драмын бүтээлээр харахад нэг л өөр. Үнэндээ итгээгүй. Энэ бол “Эмоци” продакшны 10 жилийн ойдоо зориулсан “Нэгэн зуны цэцэг” эмгэнэлт драмын жүжиг байсан юм. Хөшиг нээгдэхэд Дэрэн гэх тэрбумтны бага охин Эрхшагайгийн 18 насны төрсөн өдөр тохиож байна. Тансаг ширээ, баярын бялуу, үнэтэй бэлэг. Энэ айл таван хүүхэдтэй. Тэдний хоёр нь эхийнх нь дагавар хүүхдүүд бол гурав нь эцэг нэгтэй, эх ондоотой. Энэ гэрт хэзээ ч гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, хайр гэж байсангүй. Бүхнийг мөнгөөр шийддэг аав Дэрэн ээж Оюут нь багаас нь хүүхдүүдээ худалдчихсан. Том хүү Дархшагай нь мансуурагч, хүчирхийлэгч бол дараагийн хүү Ивээлт нь Энхэлгэн хэмээх эгэл охинтой учирснаар хайр сэтгэлийн үнэ цэн болоод эгэл амьдралыг мөрөөдөх болно. Гэвч түүний хүслээр гэр бүлийнхэн нь зоргоор нь тавьж явуулах болов уу?
Нийгмийн золиос
“Нэгэн зуны цэцэг” жүжигт гарч буй хамгийн гэгээн дүр бол Энхэлгэн юм. Зүрхний өвчтэй, хөөрхий тэрбээр эрүүл болоод дурлалт залуу Ивээлттэйгээ цэцэг зарж, сайхан амьдрахыг л хүссэн. Ээж хүний амьдралаар өглөө хүүхдээ цэцэрлэгт нь өгч, үдэш нь хоолоо хийхээр гэрлүүгээ яарах тийм л энгийн амьдрал. Гэвч хэзээ ч хайртай залуугийнхаа донор болчихно чинээ бодож яваагүй биз. Энхэлгэн өөрөө ч мэдэлгүй Ивээлтэд амьдрал бэлэглэсэн. Гэхдээ хайртай залууд нь түүнгүйгээр энэ хорвоод амьд байх ямар ч хүсэл төрсөнгүй. Ивээлт Энхэлгэн хоёрын хайр эрх мэдэл, мөнгөний өмнө хүчин мөхөстсөн юм. Хөөрхий Энхэлгэн яг л нэр шигээ ганцхан зун цэцэглээд, хагдарч одов. Харин их мөнгө, шижир алтны барьцаа болж амьдарсан Ивээлт эцэст нь хайртай бүсгүйгээ алдаж, ярьж ч чадахгүй тахир дутуу нэгэн болж үлдэнэ. Энэ бол мөнгөний төлөө нүд нь сохорсон хойд эх Оюутынх нь олон жил бодож боловсруулсан атгаг санааны биелэл байсан юм. Харин тус жүжгийн дараагийн онцлох дүр бол том хүү Дархшагай. Мөрийтэй тоглоом, хар тамхинд донтсон тэрбээр өөрөө хүн алчихаад аавынхаа мөнгөний хүчээр ял аваагүй нэгэн. Тэр энэ амьдрал, гэр бүлээ үзэн яддаг. Дархшагайгийн дүрд тус продакшны жүжигчин Х.Эзэнмөнх тоглосон юм. Үнэндээ түүнийг таньсангүй. Ямар өөр дүр төрх, характир гаргаж чадав аа. Бас л театрын тайзан дээр байх төрх, дүр юм гэсэн бодол төрснөө нуух юун.
Мэдээж Todko Samson
“Эмоци” продакшны бүтээл “Нэгэн зуны цэцэг” эмгэнэлт драмын жүжгийн зохиолыг Todko Samson бичжээ. Мэдээж түүний сэтгэлээс л ийм зохиол, ийм характер, ийм ертөнц гарч ирнэ. Энэ цаг үед “Сүрэг”, “Вангийн нулимс”, “Чамд хэн итгэх юм бэ”, “Дээд айл” гээд дедектив зохиолууд нь алдаршиж байгаа тэрбээр “Нэгэн зуны цэцэг” жүжигтээ энэ нийгмийг л харуулахыг зорьжээ. Үнэхээр баян ядуугийн ялгаа, эрхтэн ямбатнуудын хүүхдүүдийн мөнгөний цаана нуугдсан үнэн төрх энэ нийгэмд ямар хор уршиг авчирдгийг тус жүжгийг үзэхдээ бодохоос өөр аргагүйд хүрсэн юм. Хүний амьдралын хамгийн эрхэм чухал зүйл юу юм бэ. Гэр бүл биш юм уу. Нэгнээ хайрлах өр нинжин сэтгэл өдрөөс өдөрт биднээс холдсоор байна. Хайр сэтгэлийг хүртэл мөнгөөр худалддаг нийгэмд бид амьдарсаар байх юм уу гээд олон асуултыг “Нэгэн зуны цэцэг” эмгэнэлт драмын жүжиг үзэгч бидэнд тавьсан юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 18. ЛХАГВА ГАРАГ. № 207 (7192)