Баатарын НЯМСҮРЭН
Шинэ цолтон төрөхөд наадамчин олон баярлаж бахархдаг. Монголчууд бөхөө ингэж л хайрлаж, хүндэлдэг ард түмэн. Өнгөрсөн жилийн наадмаар улсын цолтны эгнээнд багтсан хүчтэний нэг бол О.Түмэн билээ. Түүнийг “Зууны мэдээ” сонин “Дугаарын зочин”-оор урилаа.
-Та өнгөрсөн жил бэлтгэл сайн байсан. Ер нь улсын цолтны эгнээнд багтах зорилготой байсан байх даа?
-Бөх хүний зорилго улсын цол авах. Би ч адил энэ зорилгынхоо төлөө хичээсээр ирсэн. Нэгийн даваанд Өвөрхангай аймгийн начин Г.Доржрэгзэн ахтай таарсан. Хоёрын даваанд Архангай аймгийн арслан П.Баярхүү ахтай таарлаа. Ингээд гурвын даваанд нутгийн начин Д.Энхбаярыг давсан. Харин дөрвийн даваанд улсын заан Б.Пүрэвсайхантай таарч барилдсан.
Тавын даваанд харцага Т.Бэгзсүрэнгээр тав давж, улсын цолтон болсон. Одоогоос дөрвөн жилийн өмнө Даян аварга Н.Батсуурь ах надад далбаа шуудаг өгсөн. Энэ өмсгөлөө өмсөж барилдаж улсын цол авсандаа баярлаж, бэлгэшээдэг.
-Зургаагийн даваанд Ц.Содномдорж арслантай таарсан. Ер нь давах боломж байсан болов уу?
-Тухайн үед хажууд байсан хүмүүс "Начин цолоо ахиулна шүү” гэж захиж байсан. Гэхдээ сэтгэлзүй их тайван байсан. Магадгүй олон жил бодсон цолоо авсан болохоор тэр байх. Ингээд дэвжээнд гараад, удаан барилдаагүй, тахим буулгасан. Цаашид цолоо ахиулахын төлөө хичээх болно.
-Энэ жилийн наадмаар бэртэлтэй байсан гэж сонссон. Тиймээс санасан барилдаанаа гаргаж чадаагүй байх?
-Долдугаар сард галын наадамдаа барилдаж байгаад гараа гэмтээсэн. Тиймээс улсын наадамд гэмтэлтэй зодоглоод, гурвын даваанд унасан. Харин одоо манай нутгийн бөхчүүд “Алтан цом”-доо амжилттай барилдахын төлөө бэлтгэлдээ шамдаж байна. Өмнө нь гаргасан алдаагаа давтахгүйн төлөө хичээж байгаа. Жүдо бөхийн ОУХМ Д.Энхболд багш бидний бэлтгэлийг базаасан. Багш минь энэ жилийн наадмын бэлтгэл болон өмнө жил ч биднийг бэлдсэн.
-“Алтан цом”-ын барилдаанд оролцох нь ямар ач холбогдолтой вэ?
- Алтан цомын барилдаан их ач холбогдолтой. Урьд нь таарч байгаагүй бөхчүүдтэйгээ барилдана. Тиймээс их туршлага хуримтлуулж байгаа юм. Хүмүүс таарахаараа их хүндэлдэг. Энэ үед бөх болсоноороо бахархах сэтгэл төрдөг. Зарим үед шантрах үе гарна. Гэхдээ тууштай байхыг бодож хичээдэг дээ. Мөн доод үеэс дүү нар түрэн гарч ирж байна. Ер нь үндэсний бөх мэргэжлийн түвшинд хөгжиж байна гэж хардаг.
-Таныг бөхийн удамтай гэж сонссон. Монгол бөх удам дамждаг гэдэг нь энэ байх даа?
-Би аав, ээжийн талаасаа бөхийн удамтай. Аавын талд Улсын начин Д.Жавзанжамъян гэж бөх бий. Мөн Улсын начин Н.Мөнхжаргал ах байна. Ээжийн талд барилддаг гэхээсээ илүү адуу малд эрэмгий, том биетэй хүмүүс байдаг. Тиймээс удмын цолтнуудынхаа араас амжилттай барилдахыг хичээж байна.
-Та өмнө нь Баруунтуруун сумаас барилддаг байсан. Сүүлийн жилүүдэд Тэс суманд харьяалагдах болсон ?
-Миний төрсөн газар бол Увс аймгийн Баруунтуруун сум. Би 2019 оноос Тэс суманд харьяалагдаж барилдах болсон. Аав ээж хоёр минь Тэс сумынх. Аав 2019 онд бурхан болсон. Энэ үеэс аавынхаа нутгаар овоглож барилдъя гэж бодсон.
-Таны барилдаан их шуурхай харагддаг. Ер нь барилдаж байгаа бөхдөө тааруулж мэх хийдэг байх?
-Би дэвжээнд гараад сэтгэл зүйгээ тайван байлгахыг хичээдэг. Өрсөлдөгч бөхийнхөө мэхэнд хариу үйлдэл үзүүлж барилдахыг голчилж байна. Харин мэх гэвэл мордох, хөмрөх, давхар ачих мэхийг уралдуулж барилддаг.
-Бага нас нь хөдөө өнгөрсөн юм билээ. Хэзээнээс үндэсний бөхтэй холбогдсон бэ?
-Манайх хөдөөний айл болохоор малдаа явна, хонь хариулна. Мөн үеийнхээ найзуудтай ноцолдоно. Бөхөөр хичээллэж эхэлсэн түүх минь 2011 оноос эхлэлтэй. Тухайн үед С.Мөнхбат аварга улсын наадамд түрүүлээд, нутагтаа наадам хийхэд нь би барилдсан юм. Ингэж л бөхийн гараагаа эхлүүлсэн дээ. Оюутан болохдоо БХИС-ийн Барилгын инженерийн ангид суралцсан. Хоёрдугаар дамжаандаа ангийнхаа найзтай “Алдар” спорт хорооны үндэсний бөхийн бэлтгэлд хамрагдаж байлаа. Эхний өдөр Сэлэнгэ аймагт болох барилдаанд 19-20 насанд сонгон шалгаруулалт явуулсан юм. Үүнд нь санамсаргүйгээр барилдаад үзүүрлэсэн. Ингэж л бөхөд дурласан түүхтэй.
-Анхны цол их нандин, дурсамжтай шүү дээ. Та 2014 онд сумын заан болсон байх аа ?
-Би 2014 онд сумандаа түрүүлж заан цол хүртсэн. Энэ үед сангийн аж ахуй болон сумын наадам нэг болсон юм. Тэр намраа аймгийнхаа тойргийн цол олгох барилдаанд зургаа давж, аймгийн харцага цолтой болсон. Харин 2015 онд тойргийн барилдаанаасаа аймгийн заан цол хүртсэн юм. 2016 онд Увс аймгийнхаа наадамд барилдсан. Гурвын даваанд Говьсүмбэр аймгийн хурц арслан н.Пүрэвсүрэнд өвдөг шороодсон. Үүнээс хойш аймгийн арслан болохын төлөө бэлтгэлдээ шамдсан даа.
-Эдгээрээс сэтгэлд тод үлдсэн дурсамжтай барилдаан нь аль вэ?
-Миний санаанаас 2015 оны бүх цэргийн наадам гардаггүй юм. Урд өдөр нь сумын зааны ээлжит барилдаанд үзүүрлэсэн. Харин маргааш бүх цэргийн наадамд барилдаад дөрвийн даваанд хурц арслан Ё.Эрдэнэжаргал ахтай барилдсан юм. Эхлээд барилдахдаа би давсан. Ах ширээн дээр унасан гээд бага зэргийн маргаан гарсан. Энэ үед хүмүүс надад их урам өгч билээ. Энэ барилдаанаас би их хурцлагдсан шүү. Хүмүүсийн сайхан бэлгэшээлээр аймгийнхаа наадамд үзүүрлэж байлаа.
-Тэгвэл ямар бөхтэй барилдах амаргүй байдаг вэ?
-Бөх бүр харилцан адилгүй. Өөртэйгөө ижилхэн баруун талтай бөхтэй барилдах амар биш. Начин Э.Даш, Б.Түмэндэмбэрэл, гарьд Ц.Бямба-Отгон нартай барилдах амаргүй. Бас чөлөөт суурьтай бөхчүүдтэй таарах амаргүй гэдэг. Харин миний хувьд чөлөөтийн бөхчүүдтэй барилдаан таараад байдаг.
-Бусдаас суралцах нь амжилтад нөлөөлдөг. Залуу бөхийн хувьд ямар хүчтэнээс суралцаж байна?
-Бүхий л бөхийг хүндэлж харьцдаг. Хүн бүрт суралцах сайхан чанар бий. Миний хувьд Увс аймгийн улсын гарьд Ө.Бат-Орших ахаасаа үлгэр дуурайлал авдаг. Мөн Баянхонгор аймгийн үнэн зоригт харцага Н.Золбоо ахаасаа суралцдаг. Бэлтгэл сургуулилт, бөх хүнд байх ёстой зан чанарыг энэ эрхэм хүмүүсээс суралцсаар явна. Өнгөрсөн 2022 онд харцага Н.Золбоо ахыг дагаад Баянхонгор аймгийн “Их Богд” дэвжээнд бэлтгэлд гарсан. Би заавал нутгийнхаа дэвжээнд бэлтгэлээ хийнэ гэж боддоггүй. Өөр аймгийн бөхчүүдтэй нэгдээд бэлтгэл сургуулилтаа хийхийг боддог.
-Ер нь бөх хүн ямар зан чанараар бусдад үлгэрлэх ёстой гэж боддог вэ?
-Хүмүүс бөх хүн л жудагтай байх ёстой гэж ярих нь бий. Бидний зарим нь барилдааны үеэр багахан алдаа гаргахад бүгдийг нь харлуулдаг. Спорт хүнийг төлөвшүүлдэг. Тиймээс тамирчин хүн бусдыг ойлгодог, хүндэлдэг, тэвчээрт суралцсан байдаг юм билээ. Бусдыг хүндэлж, биеэ зөв авч явж, ямар ч хүнтэй зөв харьцдаг байх хэрэгтэй болов уу. Ямар ч үед нэг зангаараа байдаг хүмүүс жудагтай санагддаг.
-Амжилт гаргахад бэлтгэлээс гадна өөр юу нөлөөлдөг вэ?
-Мэдээж сэтгэл зүй нөлөөлнө. Мөн гэр бүлийн дэмжлэг их чухал. Миний амжилтын ард олон хүмүүсийн итгэл, сэтгэл бий. Үргэлж миний төлөө сэтгэл гаргаж, дэмждэг сайн хань, эцэг эхтэй болохоор би өнөөдрийн амжилтыг гаргасан. Мөн намайг дэмждэг “Увс нуур” дэвжээ, “Хилчин” спорт хорооны 0208 дугаар тусгай салбар, “Хово центр”, “Ундарга Увс” компанидаа баярлаж явдаг.
-Тамирчин хүний гэр бүл их хариуцлагыг үүрдэг. Таны арыг бат даадаг эрхэм хүмүүсээ танилцуулахгүй юу?
-Би эхнэр хүүгийн хамт амьдардаг. Намайг үргэлж урмаар усалдаг сайхан ханьтай. Эхнэрийг минь С.Батцэцэг гэдэг. Увс аймгийн Ховд сумын харьяат бүсгүй бий. Аймгийн заан байх үедээ бид танилцсан. Ингээд 2016 оноос хамт амьдарсан. Хоёр жилийн өмнө хүүтэй болсон доо. Би гэртээ төдийлөн байдаггүй. Үргэлж бэлтгэл сургуулилт, барилдаан гээд завгүй. Энэ бүгдийг ойлгож дэмждэг ханьдаа талархаж явдгаа илэрхийлье.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 17. МЯГМАР ГАРАГ. № 206 (7191)