Баатарын НЯМСҮРЭН

 

“Зууны мэдээ” сонин “Амжилтын эзэн” буландаа Таеквондогийн дэлхийн аварга, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Отгонбаярыг урилаа.

 

-Та Казахстан улсын Астана хотод болсон ДАШТ-д амжилттай оролцсон. Хоёр төрөлд медаль хүртсэн байх аа?

-Энэ удаагийн ДАШТ-д 83 улс оролцлоо. Дэлхийн допингийн эсрэг агентлагаас тамирчин бүрээс анх удаа шинжилгээ авсан. Оролцсон багууд бүгд л бэлтгэлээ сайн базаасан байлаа. Хойд Солонгос багийн дүнгээрээ тэргүүн байрт шалгарсан. Харин манай шигшээ баг долдугаар байрт бичигдлээ. Бид өмнөх амжилтаа ахиулсандаа баяртай байна. Манай баг хатуу биет төрөлд алтан медаль хүртсэн. Мөн зэвсэггүйгээр бие хамгаалах төрөлд  гуравдугаар байр эзэлсэн. Миний хувьд өмнөх тэмцээнүүдээс илүү тэвчээр шаардсан. Учир нь ганцаарчилсан төрөлд оролцохдоо би бэртэл авсан юм. Тухайн үед эмч тэмцээнд оролцож болохгүй гэсэн хариу өгсөн. Гэвч багийн нэг гишүүн л байхгүй бол тэмцээнд оролцох боломжгүй болно. Тиймээс эмчээсээ гуйж байгаад  тэмцээндээ орсон. Их тэвчээр гаргаж, өөрийгөө ялан дийлж зорилгоо биелүүлсэн.

-Та 2011 оноос Таеквондогийн спортоор хичээллэж эхэлсэн. Энэ хугацаанд ямар амжилт гаргасан бэ?

-Анх Солонгос багшийн удирдлага дор таеквондогоор хичээллэсэн. Ингээд 2015 онд Болгарь улсад болсон ДАШТ-ээс багаараа мөнгөн медаль хүртэж байлаа. Мөн манай баг 2016 онд ААШТ-д түрүүлсэн. Үүний дараа 2017 онд ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, 2018 оны Азийн аваргын тэмцээнд хоёрдугаар байр эзэлж байлаа. Ингээд 2021 онд Герман улсад болсон онлайн апплейкшнаар тулалддаг төрөлд түрүүлсэн. Мөн Аргинтинд болсон энэ төрлийн тэмцээнд мөн л түрүүлсэн амжилт үзүүллээ.

-Таеквондо олон төрөлтэй. Яагаад  зэвсэггүйгээр бие хамгаалах төрлөөр хичээллэх болов?

-Энэ нь зэвсэггүй үед хүн хэрхэн биеэ хамгаалах тухай техниктэй төрөл. Нэг минутын хугацаанд бүх техникээ үзүүлдэг онцлогтой. Миний хувьд энэ төрлөөр 2015 оноос хойш тэмцээн уралдаанд оролцож байна. Тулааны урлагийн спорт нь хүмүүжил, эрүүл мэндэд чухал нөлөөтэй. Ер нь спорт ялж ялагдахын үнэ цэнийг мэдрүүлдэг. Мөн хүнтэй харьцах соёл, тэвчээрт сургадаг талтай.

-Сүүлд гарч буй тамирчид ихэнх нь таны шавь юм билээ. Ингэхэд та хэзээнээс шавь бэлдэж эхэлсэн бэ?

-Би 2015 оноос бэлтгэлийнхээ хажуугаар шавь бэлдэж эхэлсэн. Миний анхны шавь н.Балжинням гэж тамирчин бий. Дэлхийн аваргын мөнгөн медальтай. Мөн Азийн аварга, улсын аварга шавь нар байгаа шүү. Энэ хугацаанд нийт 600 гаруй тамирчин бэлдсэн байна.

-Тамирчид зорилго тавиад түүнийхээ төлөө хичээдэг. Таны хамгийн том зорилго юу вэ?

-Таеквондогийн спорт нь олимпийн төрөлд байдаггүй. Хамгийн том тэмцээн нь дэлхийн аварга. Тиймээс ДАШТ-д амжилтаа батлах зорилготой байгаа.  Мөн би гар дээр сунайлтын төрлөөр Геннисийн амжилт гаргах зорилго тээж байна.

-Яагаад гар дээр сунайлтыг сонгосон юм бэ?

-Би өнгөрсөн хугацаанд дэлхийн залуучуудтай хэрхэн өрсөлдөж, эн тэнцүү байх талаар бодож үзсэн. Энэ үед гар дээр сунайлт их ойрхон санагдсан. Үүнийгээ судлаад үзтэл гараа солбиж сунайх төрөл нь гиннесд байдаг юм билээ. Би гурван удаа Геннисийн хороонд шалгуулаад техникийн гүйцэтгэлээс болоод хасагдсан. Гэхдээ би зорилгоосоо буцаагүй. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 12. ПҮРЭВ ГАРАГ. № 203 (7188)