Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА
Олон улсад амжилт гаргаж, ур чадвар авьяас билгээрээ эх орноо сурталчилж яваа эрхмүүдийг бид “Дэлхийн хүн” буландаа онцолдог билээ. Тэгвэл энэ удаад УДЭТ-ын жүжигчин, МУГЖ Ц.Баясгаланг онцолж байна. Тэрбээр нэг хүний буюу моно жүжгийн төрөлд амжилттай яваа уран бүтээлч юм.
Анхны Гранпри шагналтан
Жүжигчин Ц.Баясгалан амьдралынхаа 30 гаруй жилийг театрын урлагт зориулжээ. Үүнээс сүүлийн 10 жилд нь моно жүжгийн төрлөөр олон улсад өрсөлдөж, амжилттай яваа юм. Тэрбээр энэ хугацаанд моно жүжгийн 10 гаруй фестивалиас Гранпри болон нэг хоёрдугаар байрын шагнал авсан туршлагатай уран бүтээлч. Монодрам буюу нэг хүний жүжиг эртний Грекээс эхлэн хөгжиж 1700-аад оны сүүл үеэс Франц, Германд хүчээ авч, дэлгэрсэн байдаг. Жүжиг эхлэхээс төгсөх хүртэл гол дүрийн жүжигчин нь хэд хэдэн дүрд хувирах, эсвэл үзэгчидтэй, ямар нэгэн амьгүй биет, хэн нэгэн төсөөллийн хүнтэй, нэг бол өөрийнхөө дотор хүнтэй ярилцах зэргээр жүжиглэдэг ба гол төлөв сэтгэлзүйн асуудлыг хөнддөг, нарийн мэдрэмж шаардсан, жүжгийн урлагийн онцгой төрөл юм. Энэ төрлөөр 2014 онд Косово улсад болсон анхны олон улсын наадмын Гранпри шагналыг Украйн улсын зохиолч Нина Мазурын “Би Эдип Пиаф байна” жүжгээр Ц.Баясгалан эх орондоо авчирсан байдаг. Түүний энэхүү амжилт олон залуу уран бүтээлчдэд урам зориг өгч, өнөөдөр энэ төрлөөр уран бүтээл хийдэг хувь жүжигчин болоод мэргэжлийн театрууд нэмэгдсээр байна.
АНУ-д тоглосон монгол жүжигчин
Жүжигчин Ц.Баясгалангийн амжилтын буухиа “Би Эдип Пиаф байна” жүжгээр эхэлсэн бол цаашлаад АНУ-д ганц хүний жүжиг тоглосон анхны монгол уран бүтээлч болж мөнхөрсөн юм. Тодруулбал Чикаго хотын “Мэдисон Стрийт” театрт тэрбээр монгол жүжигчний ур чадвар, торгон мэдрэмжийг гайхуулж, театр шүүмжлэгчид болоод алсын Америкийн үзэгчдээс өндөр үнэлгээ авчээ. Үүнээс гадна тэрбээр 2019 онд Румынд, Македонд болсон өндөр зэрэглэлийн фестивальд оролцож, олон улсын тайзан дээрээс эх орныхоо нэрийг цуурайтуулсан билээ. Ц.Баясгалан одоогоор ЮНЕСКО- оос зохион байгуулдаг олон улсын нэг хүний жүжгийн "МоноАкт" фестивалиас Гранпри шагнал, Оросын "Golden Gate” фестивалиас "Хааны болор малгай" цомыг хүртэж, Монголын театрын урлагийн нэрийг олон улсад гаргаж, эх орноо дэлхийд сурталчилж яваа авьяаслаг уран бүтээлч юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 10. МЯГМАР ГАРАГ. № 201 (7186)