Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

“Хайр гэж юу вэ” энэ асуултыг өөрөөсөө, хайртай хүнээсээ өөр хэн нэгнээс асуумаар тийм гэгэлгэн мэдрэмж төрсөн юм. Гараад гүймээр ч юм шиг. Гараад алхтал бороо шивэрвэл гоё оо. Тэр борооны дусал бүрийг зүрх сэтгэлээрээ мэдэрч, яг л 18 нас шигээ хөөрөн догдолмоор ч юм шиг. Театрт жүжиг үзэж суусан хүн бүхэнд энэ бодол төрсөн болов уу...

Хайр ямар гэгээхэн юм бэ. Ийм цагаахнаар хайрлаж болдог юм болов уу. Хайр ямар ч хариу нэхдэггүй мөртлөө яагаад ингэтлээ зүрх сэтгэлийг догдлуулж, аз жаргал бас шаналал гунигийг мэдрүүлдэг юм бол. Энэ мэт олон асуултын хариултыг хайх шалтгаан нь Ц.Балдоржийн зохиол “Хайрын виз” жүжиг байсан билээ. УДЭТ-ын уран бүтээлчид намар цагийн үзвэрийн хөшгөө Ц.Балдоржийн зохиол “Хайрын виз” уянгын драмын жүжгээр нээсэн нь энэ юм. Тус жүжгийн найруулагчаар М.Батболд ажиллаж, ямархан мэдрэмжтэй, чансаатай найруулагч гэдгээ дахин нэг удаа үзэгчдийн зүрх сэтгэлд “Хайрын виз”-ээр тамгаллаа. Түүний хийсэн “Фауст”, “Гэм зэм”, “Опал” гэсэн жүжгүүдээс “Хайрын виз” тэс өөр байсныг энд онцлон бичмээр.

 

Хэзээ ч хуучраагүй зохиол

Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Ц.Балдорж. Энэ нэр хэвлэлийн салбарт болоод драмын жүжгийн ертөнцөд одоо ч домог хэвээр. Эрхэм хүмүүний 70 насны ой энэ жил тохиож буй. Тиймээс  ч түүний уран бүтээл, жүжгүүд нь энэ жил Монголын театрын тайзыг эзэгнэх бололтой. Учир нь хэдхэн сарын өмнө түүний зохиол “Шөнө буусан аадар” жүжгийг залуу найруулагч Э.Ёндоншарав найруулж,  “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчидтэй хамтран үзэгчдийн хүртээл болгосон юм. Тэгвэл энэ удаад мөн л энэ цагийг шинэ, залуу найруулагчдын нэг М.Батболд “Хайрын виз” жүжгийг нь дахин амьдрууллаа. Тус бүтээлийг анх 17 жилийн өмнө буюу 2006 онд үзэгчдийн хүртээл болгосон бол 2019 онд М.Батболд найруулагч дахин шинэчилсэн. Өмнөх тоглолтуудыг үзэж байгаагүй ч жүжиг нэг л дотно, хаа нэгтээ шимтэн уншиж байсан, амттай зохиолч юм шиг. Одоогоос олон жилийн өмнө эрдэмтэн багш нар маань “Зохиол амьтай байдаг” гэж хэлж байсан нь санаанд буусан юм. Үнэхээр хэзээ ч үл мартагдах, он жил өнгөрөх тусам сэдэв санаа нь хуучирдаггүй амьтай зохиол байдаг ажээ. Түүний нэг нь “Хайрын виз” байв. Яг л энэ цагийн залуус тайзан дээр дурлалцана. Жүжиг эхлэхэд хөнгөн хөгжмийн аялгуу нүргэлж, Жаргал Цэнгэл хоёр нэгэн реалити шоу хийхээр тохиролцож, анхны харцаар дурлаж болохыг үзэгчдэд батлах тухай яриа өрнөх ажээ. Харин хотын хаа нэгтээ эрх чөлөөтэй, зоргоороо бүсгүй Сүндэр найз Анугийнхаа хамтаар АНУ-ыг мөрөөдөж суух. Тэр нисэх дуртай. Эрх чөлөөний бэлгэ тэмдэг болсон холын Америк бүсгүйд дэндүү ойр санагдах. Тэнд л оччих юм бол хүсэл нь биелэх юм шиг догдолно. Даанч АНУ-ын виз даруулахад нөхөр хэрэгтэй. Ийм дөрвөн залуу нэгэн цэнгээний газар учрах ажээ.

 

Вронскийгоос Жаргал руу

Монголд театрын урлаг хөгжихийн хэрээр шинэ, залуу, чадвартай жүжигчид “төрж” байгаагийн нэг жишээ нь “Хайрын виз” жүжиг байв. Учир нь тус бүтээлийн гол дүрд дандаа театрын залуу уран бүтээлчид тогложээ. Жаргалын дүрд тоглосон Т.Сэргэлэн. Түүнийг дахин дахин онцолмоор. Тэр бол ирээдүйн Л.Жамсранжав, энэ цагийн С.Болд-Эрдэнийн залгамж халаа гэмээр тун мэдрэмжтэй уран бүтээлч ажээ. Дүрийн хувирал дэндүү сайн. Жүжгийн эхэнд омголон, дураараа, сахилгагүй, бардам нэгэн байсан бол жүжгийн төгсгөл ойртох тусам хайрын өмнө бууж өгсөн, дурлалт бүсгүйнхээ төлөө юу ч хийхээс буцахгүй хүлцэнгүй нэгэн болж хувирсан. Тайзан дээр харагдах байдал нь хүртэл жентелмэн. Түүнийг “Анна Каренина” жүжгийн Вронскийгоор харж байв. Гэхдээ одоо бол “Хайрын виз”-ийн Жаргал. Залуу уран бүтээлчийн хувьд тэрбээр дүрээрээ үзэгчдийг хөтөлж, хөөргөж, гуниглуулж чадсан шүү. Дараагийн онцлох дүр мэдээж түүний сэтгэлт бүсгүй Сүндэр буюу жүжигчин П.Мягмарсүрэн. Жижигхэн биетэй шавилхан охин. Тэгсэн мөртлөө яасан сэтгэл догдлолтой, дотортой, чин үнэнчээр тоглодог юм бэ. Түүнээс өөр хэн ч Сүндэр байж чадахгүй ч байж мэднэ. Түүний харц, хайрласан хүнээ үнсэх мөч дэндүү үнэн, бас гэгээхэн санагдсан.  Харин Цэнгэлийн дүрд залуу жүжигчин Ц.Жаргалсайхан, Анугийн дүрд мөн залуу жүжигчин Б.Ариунхишиг тоглов. Ану жүжгийн монолог хэсэгт "Хаашаа л харна нэгнийгээ хуурсан худалдсан ашиг горилсон хүмүүс. Би энэ нийгмээс үхтлээ залхаж байна" гэдэг. "Жүжгийн турш тэд дүрийн шугамаа алдаагүй. Яг л эсрэг дүр. Театр яасан тансаг юм бэ. Эдгээр залуус энэ театрын ирээдүй, өнгө төрх гэж бодоход дахин дахин УДЭТ-ыг зорихсон гэдэг бодол хөглөрнө. Эцэст нь дахиад л хайр гэж юу юм бэ гэх асуултад Жаргалын аавын хэлснээр “Чи ээж аав, ажил төрөл, өөр бүхий л зүйлээр тоглож болно. Гэхдээ хайраар тоглож болдоггүй юм” гэсэн хатуухан үгтэй хариулт л яг зөв ажээ. Хүний амьдралын утга учир гэр бүл болоод хайр дээр тогтдог юм байна. Зохиолч Ц.Балдорж “Хайрын виз” жүжгээрээ “Хайрыг хайж олдоггүй, Хамтдаа бүтээдэг” гэсэн ганцхан үнэнийг тунхагласан ажээ. Өнөөдөр мөнгө, албан тушаал, эрх мэдлийн төлөө хайраар тоглож байгаа залуус олон бий. Гэхдээ тэр хайрын эцсийн зогсоол нь хаана байх бол.

 

Эцсийн зогсоол хаана байх вэ

Драмын жүжиг бодрол, нөгөө талаараа хүсэл мөрөөдөл ажээ. Нэг шөнийн үйл явдал, нэг л удаагийн харц, анхны харцаар дурлаж үнэхээр болох уу. Дурлал болгон бүтэлтэй байдаггүй ч хүн бүр галзууртлаа дурлахыг битүүхэндээ хүсдэг ч юм билүү. Бараг л үнэн байх. Тиймээс хүмүүсийн галзуурсан тэр л мэдрэмжийг драмын жүжиг олгодог ажээ. Жаргал, Сүндэр хоёр яг л ингэж дурласан. Тайзан дээрх тэдний дурлалыг танхим дүүрэн үзэгчид хамтдаа догдолж, цуг шаналсаар үзэж дуусгасан билээ. Жаргал Сүндэр хоёрын хайр цэцэглэсэн эсэхийг энд тоочилгүй үлдээе. Харин хайрынхаа төлөө тэмцдэг, үнэн байж чаддаг хэн бүхний үзэх ёстой уран бүтээл “Хайрын виз” байсан юм. 

Харц чинь дур булаам байсан

Хүсэл чинь дэндүү гэгээн байсан

Болзоонд яарсан сэтгэл буруугүй

Бороонд норсон цамц хатаагүй”....   театраас гарсан ч энэ дуу зүрхэнд эгшиглэсээр. Зүрхэнд чинь зорчих “Хайрын виз” даруулъя...

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 6. БААСАН ГАРАГ. № 199 (7184)