Баатарын НЯМСҮРЭН
Ханжоу хотноо 19 дэх удаагийн Азийн наадам үргэлжилж байна. Монголын тамирчид одоогоор дөрвөн мөнгө, найман хүрэл нийт 12 медаль хүртээд байгаа. “Зууны мэдээ” сонин “Амжилтын эзэн” буландаа Азийн наадамд амжилттай оролцсон тамирчдаас онцолж байна. Харин Монголын чөлөөт бөхийн шигшээ баг тамирчид Ханжоугийн дэвжээнд өнөөдөр зодоглоно
Хөнгөн атлетикийн 400 метрийн амжилтыг шинэчлэн тогтоов
ОУХМ Б.Солонго Азийн наадамд амжилттай оролцож, Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон. Тэрбээр Батлах хамгаалах яам, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин юм. Түүний хувьд 200-400 метр буюу ойрын зайд гүйдэг. Хөнгөн атлетикаар хичээллээд 10 гаруй жил болж байна.
Б.Солонго нь “Монголын хамгийн хурдан гүйгч хүүхэд” шалгаруулах тэмцээнд таван жил дараалан түрүүлсэн. “Монгол туургатан хүүхдийн их наадам”-аас хоёр алт, насанд хүрэгчдийн улсын аваргад зургаан жил түрүүлээд байгаа юм. Монголын 200, 400, 4х400 метрийн буухиа гүйлтийн дээд амжилтыг эзэмшиж буй тамирчин билээ.
Азийн наадмын мөнгөн медальт Б.Гончигсүрэн
ОУХМ Б.Гончигсүрэн нь жүдо бөхийн -100 кг-ын тамирчин билээ. Тэрбээр Азийн наадамд алтан медалийн төлөө Узбекистаны бөх Турубоев Музаффарбекд ялагдаж, мөнгөн медалийн болзол хангасан. Мөн “Их Дуулга” тэмцээнд түрүүлж, Тбилисийн их дуулгаас мөнгөн медаль хүртсэн юм. Б.Гончигсүрэн Душанбегийн Гран при тэмцээнд түрүүлээд байгаа энэ цагийн шилдэг тамирчдын нэг. Тэрбээр үндэсний бөхөөр хичээллэдэг. Сумын заан болон залуу бөхчүүдийн барилдаанд хоёр удаа түрүүлсэн. Энэ жилийн наадмаар аймгийн начин цол хүртсэн ба цаашид том цолонд хүрнэ хэмээн бөх сонирхогчид хүлээлт үүсгээд байгаа билээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 5. ПҮРЭВ ГАРАГ. № 198 (7183)