Баатарын НЯМСҮРЭН
“Зууны мэдээ” сонин Чөлөөт бөхийн ОУХМ, Улсын начин Ж.Чулуунбатыг урьж ярилцлаа. Тэрбээр барилдахынхаа хажуугаар “Нэгдэл клуб”, “Их богд” дэвжээ, “Сүлд” спорт хорооны дасгалжуулагчаар ажиллаж байгаа юм.
-Наадам дуусаж, намартай золгоод удаагүй байна. “Сүлд” спорт хорооны бэлтгэл хэзээнээс эхэлсэн бэ?
-Наадмын дараа орон нутгийн ой, бусад барилдаанууд болсон. Үүний дараа ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хорооны бөхчүүд хичээлийн шинэ жилтэй уралдаж бэлтгэлдээ орсон. Манайд өөр хороо, нутаг нутгийн хүчтэнүүд бэлтгэлээ хийх боломжтой. Өөрийн чаддаг бүхнээ залуустаа зааж сургахыг хичээж байна. Миний хувьд барилдааны алдааг нь ажиглаж зөв зөвлөгөө өгөхийг хүсдэг.
-Та 2010 оноос “Сүлд” спорт хорооны тамирчин болсон. Харин хэзээнээс дасгалжуулагчаар ажиллах болов?
-Би 2016 он хүртэл чөлөөт бөхийн бэлтгэлдээ шамдаж, тэмцээнд оролцсоор ирсэн. Олимпийн дараагаас дасгалжуулагчаар ажилласан даа.
Ингээд 2017 оноос хойш “Сүлд” спорт хороондоо чөлөөт, үндэсний бөхийн дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн.
-Тамирчин дасгалжуулагч хоёр хоорондоо ялгаатай. Тамирчны замналаас дасгалжуулагч болоход ямар мэдрэмж төрсөн бэ?
-Тамирчин бүр адилгүй. Тиймээс тухайн хүний онцлогт нь тохирсон арга барилаар зөвлөж, харилцаандаа анхаардаг. Мөн хүн бүхэнтэй тэгш харилцах нь чухал. Өөрийн туулсан зүйлээс ойлгож мэдэрснээ залуустаа хуваалцсаар ирсэн. Их спорт нь үндэсний бөхийн суурь болдог. Мөн жүдо, самбо, чөлөөтөөр хичээллэдэг тамирчид үндэсний бөхөөр амжилт гаргаад байгаа. Тухайлбал, аварга арслан цолтнууд ихэнх нь жүдо болон чөлөөт суурьтай байдаг шүү дээ. Тиймээс хүүхэд багачууд анхлан чөлөөт болон жүдогоор барилдсаны дараа үндэсний бөхөөр хичээллэвэл илүү өгөөжтэй.
-Амжилт гаргахад сайн суурьтай байх хэрэгтэй. Үүнээс гадна амжилтад юу нөлөөлдөг вэ?
-Тамирчин хүн бүрт спортод баримтлах зарчим байх ёстой. Амжилт гаргахад сахилга баттай байж, цаг сайн барих хэрэгтэй. Алсдаа зорилгоо тодорхойлох нь чухал. Мөн багшаа зөв сонгоод хөдөлмөрлөхөд амжилт ойрхон байдаг. Харин бэлтгэлээ цалгардуулж тууштай биш байвал амжилт гаргахад бэрх шүү дээ. Бөх болоход байгалиас заяасан бие, хүсэл сонирхол нөлөөлнө. Бөхийн удамтай, сайхан биетэй байгаад өөрөө барилдах хүсэлгүй бол амжилт гаргахад бэрх. Спорт хүнд ихийг сургадаг. Тухайлбал, бусадтай мэндлэх, хүндлэх ухааныг олж авна. Сахилга бат нь амьдралд эерэг нөлөө үзүүлдэг.
-Сэргээшийн асуудал дуулиан дагуулсаар байна. Үүнийг хэрхэн цэгцлэх хэрэгтэй гэж бодож байна?
-Их спортоор олон улсын тэмцээнд эх орноо төлөөлж оролцдог байсан тамирчны хувьд сэргээшийн эсрэг байр суурьтай байдаг. Сэргээш нь амжилтад яарсан хүний хийдэг зүйл байх. Бусдын хөдөлмөрийг бодохгүй байгаа нь тэр. Спорт шударга өрсөлдөөнийг эрхэмлэх хэрэгтэй. Сэргээш хүний биед олон сөрөг нөлөөтэй. Үүнийг тамирчид ойлгох нь зөв. Цаашид явцын шинжилгээг олон давтамжтай болгож, заалны барилдааны үед авах хэрэгтэй. Мөн допинг нээлттэй орхих хэрэгтэй гэсэн яриа байдаг. Хэрэв нээлттэй орхих юм бол үндэсний бөх устахад хүрнэ. Тиймээс бөхчүүдэдээ шударга өрсөлдөхийг уриалмаар байна.
-Зарим бөхчүүдээс сэргээш илэрхэд өөрсдөө мэдэлгүй хэрэглэсэн гэдэг. Бөхчүүдэд сэргээшийн талаарх мэдлэг хэр байдаг вэ?
-Ер нь сэргээшийн сургалт мэдээлэл бага. Ихэвчлэн тамирчид энгийн эмнүүдээ мэддэг. Хэрэв ямар нэгэн шалтгаанаар өөр төрлийн эм, бүтээгдэхүүн хэрэглэх шаардлага гарвал эмчээс асуух, допингийн агентлагийн сайтаас мэдээлэл авах хэрэгтэй. Бөхчүүд өв соёлыг тээгч. Тиймээс бөхчүүд Монгол бөхийн нэр хүндийг сэвтээгүй зөвөөр таниулж, дараагийн үедээ өвлүүлэх хэрэгтэй. Зарим үед нэг бөх алдаа гаргахад нийгмээрээ түүнийг хамруулж бүгдийг буруугаар ойлгодог. Үүнд бөхчүүд дор бүрнээ анхаарах үе иржээ. Мөн үндэсний бөх эрт үеэс хасагдах дүрэмтэй байгаагүй. Учраа таарсан хоёр бөх цагт баригдалгүй давалцдаг байсан. Үзэгчид шуурхай, уран барилдаан үзэх дуртай. Тиймээс хөгжлөө дагаад цагт баригдах нь зөв байх. Харин улсын наадам, цол олгох барилдаанд цагт баригдахгүй барилдах хэрэгтэй.
-Та анх чөлөөт бөхөөр хичээллэсэн юм билээ. Үндсээр барилдахад юу нөлөөлсөн бэ?
-Би 1998 оноос чөлөөт бөхөөр хичээллэсэн. Манай чөлөөтийн хүнд жингийн ах нар ихэнх нь улсын цолтой байсан. Энэ жишгээр үндэсний бөхөөр барилдаж эхэлсэн. Аав минь аймгийн начин Н.Жаргалсайхан гэж хүн бий. Мөн нагац ах аймгийн начин. Эдгээр эрхэм хүмүүсээс үлгэр дууриалал авч, барилдааныг нь үзэж бөхөд дурласан. Анх үндэсний бөхөөр барилдах сонирхол байсан. Гэтэл манай биеийн тамирын багш н.Монхоон чөлөөт бөхөөр сууриа тавихыг зөвлөсөн. Ингээд чөлөөт бөхийн дугуйланд хамрагдсан түүхтэй.
-Та чөлөөтийн хүнд жинг төлөөлж олон жил барилдсан байх шүү?
-Насанд хүрэгчдийн улсын есөн удаагийн аварга. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа хүрэл медаль хүртсэн. Азийн их наадмаас мөнгөн медальтай. ДАШТ-нд хоёр удаа тавдугаар байрт шалгарсан. Мөн олимпийн наадамд тавдугаар байр эзэлж байлаа.
-Анх 18 настай төрийн наадамд зодоглосон гэдэг бил үү?
-Би 2002 онд улсын наадмын дэвжээнд барилдсан. Энэ үед гурав даваад дөрвийн даваанд С.Мөнхбат аваргад өвдөг шороодсон. Үүнээс хойш аймгийнхаа наадамд барилдсан. Ингээд 2005 онд аймгийн арслан цолны эзэн болоод улсын наадамд тасралтгүй зодоглосон. Энэ хугацаандаа залуу бөхөөс аймгийн арслан хүртэл цол хүртсэн. Харин 2011 онд нутгийн харцага багшаараа тав давж, улсын цолтны эгнээнд багтаж байлаа.
-Үндэсний бөхөөр дурсамж үлдээсэн барилдаанаасаа сонирхуулахгүй юу?
-Барилдаан, наадам бүр сэтгэлд сайхан дурсамж үлдээдэг. Үүнээс онцолбол 2011 оны сар шинийн барилдаанд их шөвөг шалгарсан. Тухайн үед Г.Санжаадамба аваргатай тунж барилдаж билээ. Энэ үед аймгийн арслан цолтой бөх цөөхөн шалгарч үлдсэн. Эргээд бодоход сайхан дурсамжтай санагдаж байна.
-Таныг барилдаж эхэлхэд бөхийн хөгжил ямар түвшинд байв?
-Намайг үндэсний бөхөөр барилдаж эхлэхэд барьц сонгох дүрмийг мөрддөг байсан үе. Бөхчүүдийн жин бага байлаа. Дараа нь бөхчүүдийн жин нэмэгдэж барилдаан сонирхолгүй болсон тал бий. Бяртай бөхчүүд нь барьц сонгооноос давдаг байлаа. Одоо дүрэм ч өөрчлөгдсөн, бөхчүүдийн ажиллах чадвар нэмэгдсэн. Тиймээс барилдаан шуурхай, үзүүштэй болсон шүү.
-Таныг бөх сонирхогчид уран барилдаант начин гэж өргөмжилсөн байдаг. Энэ нь чөлөөтийн суурьтай холбоотой байх даа?
-Чөлөөт бөх цагт баригдаж барилддаг учраас хурдан шуурхай барилдаанд суралцсан. Би үндсээр барилдахдаа хурдтай байж, хөл авах, цэрвүү барилдааныг голчилдог юм. Хүмүүс хурдан шуурхай барилдаан үзэх урамтай байдаг болов уу.
-Үндэсний бөхийг цаашид хэрхэн хөгжөөсэй гэж харж байна?
Холбооноос бөхчүүдийн төлөө зөв зүйл хийгээсэй л гэж хүсч байна. Бөхийн өргөөнд барилдаанууд намраас хавар хүртэл болж байна. Бөх сонирхогчдын анхаарал татсан лигийн барилдаантай болвол зүгээр байх. Өмнө жилээс “Алтан цом”-ын барилдаан зохиогдож эхэлсэн нь үзэгчдэд их сонирхолтой санагдаж байгаа байх.
-Та өнгөрсөн “Алтан цом”-ын барилдаанд Баянхонгор аймгийн багт дасгалжуулагчаар ажилласан байх аа?
-Өнгөрсөн жил төрөлх нутгийнхаа багийг дасгалжуулсан. Тухайн бөх өөрийн барилдаанаа гаргаж барилдана. Дасгалжуулагчинй хувьд өрсөлдөгч бөхтэй хэрхэн барилдах тухай зөвлөж ажилласан. Мөн сэтгэлзүйгээр дэмжих жишээтэй. Тойргийн барилдаанд залуучууд орж суралцах хэрэгтэй гэж бодсон. Тиймээс энэ жил манай аймаг "Алтан цом"-д орох багаа бүрдүүлэхдээ аймгийн цолтой бөхчүүдийн дунд сорилго барилдаан явуулж шалгаруулсан. Шалгарсан бөхчүүд энэ удаад зодоглоно. Мөн үнэн зоригт харцага Н.Золбоо, начин Д.Цэрэнтогтох, начин Э.Батмагнай нар өрсөлдөх юм.
-Багийн бөхчүүдийн бэлтгэл хэр хангагдаж байна?
-Барилдах бөхчүүд тусдаа бэлтгэлээ базааж байгаа. Одоогоор нэгдэж бэлтгэл хийгээгүй л байна. Барилдах өдөр ойртохоор нэгдэж бэлтгэлээ базаана даа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 3. МЯГМАР ГАРАГ. № 196 (7181)