Баатарын НЯМСҮРЭН
Уртын дуу бол монгол түмний өв соёлын салшгүй нэг хэсэг. Тиймдээ ч үг, аялгуу нь дахин давтагдашгүй утга агуулгыг илэрхийлдэг билээ. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Урлаг” буландаа “Өнө чуулга”-ын дуучин Х.Алтанхуягийг урилаа.
Чуулгатаа ороод “Хуурын магнай” дууг сурсан
-Ээжийн минь талд сайхан дуулдаг хүмүүс цөөнгүй байсан гэдэг. Би хүүхэд байхаасаа л уртын дуу сонсож хүн болсон. Харин дуулах арга техникийг анх гавьяат жүжигчин Б.Батболд багшаар заалгаж байлаа. Ингээд “Өнө” чуулгын уран бүтээлч болоод есөн жил өнгөрчээ. Манай чуулгын уран бүтээлчид уртын дууг мэргэжлийн талаас нь бус ардын урлаг чиглэлээр хөгжүүлэх зорилго дор нэгдсэн. Миний хувьд уртын дуугаар хичээллэж, өв соёлоо түгээж яваадаа үргэлж талархдаг. Энэ сайхан урлагийн буянаар төрийн наадмын нээлтэд таван удаа дуулсан байна. Багш, хүндэлж явдаг уран бүтээлчилтэйгээ хамт түмнийхээ өмнө дуулах үгээр хэлэхийн аргагүй нандин мэдрэмж юм билээ. Хүн өөрийн хоолойдоо тохирсон дуугаа дуулах нь чухал. Миний урын санд олон дуу бий ч түүнээс өөрийн хоолойдоо нийцсэн 10 гаруй дууг ихэвчлэн дуулж байна. Намайг хүүхэд байхад “Эрдэнэ засгийн унага” дууг нагац минь сайхан дуулдаг байсан. Би хажууд нь сонссоор сурч билээ. Энэ дууг эр хүн өдөрт нэг аялахад хутганы эр харьдаггүй, унасан морь цуцдаггүй гэж ярих нь бий. Тийм л сайхан хийморьтой дуу. Харин чуулгатаа ороод анх “Хуурын магнай” дууг сурсан түүхтэй. Тус бүтээлийг залуу байхдаа сонсоод сайн ойлгодоггүй байсан. Харин цаг хугацаа өнгөрөх тусам дууны утга агуулга, аяыг илүү ойлгож мэдэрдэг болдог юм билээ. Үүнээсээ урам авч өөр олон дуу сурах хүсэл нэмэгдэж, уртын дуунд амьдралаа зориулж явна.
Бор борын бялзуухай” дуу 64 бадагтай
-Сүүлийн үеийн нийтийн дуунд хайрын сэдэв зонхилж байна. Харин уртын дууны агуулга нь ёс уламжлалыг тодотгосон байдаг. Дуу бүрт байгаль, нутаг ус, агаарыг илэрхийлэх нь бий. Тиймээс монголчуудын гол дархлаа нь уртын дуу юм. Манай улсад 1990-ээд оны үед уртын дуу сайн хөгжөөгүй байсан юм билээ. Мөн сонсогч багатай байж. Зөвхөн наадам, цагаан сар, бөхийн барилдааны үеэр уртын дуу эгшиглэж, хүндэтгэлийн арга хэмжээний нээлт хаалтад л дуулдаг байсан. Харин түүхээс нь судлахад эрт үед Баянхонгор аймагт Дархан ноёны хүү Пүрэв гүн урлагийн авьяастай байсан гэдэг. Тэрбээр, уртын дууг ятга, шанз , хуучир, морин хуур хөгжимтэй анх хослуулсан гэдэг. Харин зарим уран бүтээлчид лимбэ хөгжимтэй нийцүүлсэн нь бий. Би нэг удаа ятгачнаар ая тоглуулаад уртын дуугаа дуулж үзсэн. Их сайхан зохицдог юм билээ. Уртын дууг түгээн дэлгэрүүлсэн ахмад уран бүтээлчдийн бичиж тэмдэглэснээр Хүүхэн хутагтын зохиосон “Бор борын бялзуухай” дуу 64 бадагтай. Тухайн уран бүтээлийг бүтнээр нь дуулбал олон цаг үргэлжилнэ. Монголчууд анх уртын дууг зохиож дуулахдаа дутуу орхидоггүй, заавал эхлүүлсэн бол дуусгадаг дэг жаягтай байсан гэдэг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 16. ЛХАГВА ГАРАГ. № 161 (7146)