Д.ДАРАМБАЗАР
“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин” буландаа усан спортын ОУХМ Э.Ариунтамирыг урилаа.
-Саяхан болсон усан спортын тэмцээнд амжилттай оролцож, улсынхаа амжилтыг шинэчилсэн. Энэ үед ямар мэдрэмж төрж байв?
-Би усан спортоор хичээллээд есөн жил болжээ. Энэ хугацаанд улсынхаа амжилтыг 14 удаа эвдсэн. Амжилтаа ахиулах бүрт илүү их хичээж байгаа гэдгээ мэдэрч урам зориг авдаг. Учир нь бидэнд амжилтаа ахиулахгүй үе ч олон. Ялангуяа нас нэмэх тусам өсвөр насанд байсан шигээ амжилт огцом ахихгүй, их цаг хугацаа шаарддаг. Түүнийг даван туулж хэдэн секунд, хэдхэн доль байсан ч түүнийгээ бид амжилт гэж үздэг. Усан спорт цагийн спорт учраас хором бүхэн үнэтэй. Тиймээс амжилт ахисан л бол урам зоригийг авч өдөржингөө инээгээд баймаар санагддаг шүү.
-Усан спортын тамирчид хурдан сэлэхийн тулд хүчтэй байх хэрэгтэй. Хүчний бэлтгэлээ хэрхэн хийдэг?
-Усан спорт нь мэдрэмж, мэдлэг, шаргуу бэлтгэл шаарддаг. Тиймээс мэдрэмжээ сайжруулах хэрэгтэй. Учир нь хүч, хурд, гулсалт, өөрт таарсан зөв техник гээд олон чадвар шаардлагатай хэдий ч энэ бүхний тунг тааруулахад мэдрэмж чухал байдаг. Тиймээс би тэмцээнээ дуусгаж, монголдоо ирээд шууд бэлтгэлдээ ордог. Өдөрт хэдэн удаагийн бэлтгэл хийх нь хичээлээс хамаараад янз бүр. Тэмцээнд бэлдэж буй үедээ хичээлгүй бол өдөрт хоёр удаа бэлтгэл хийнэ. Ингэхдээ 6-9 цаг тасралтгүй хичээллэдэг. Мөн тэмцээн дөхөөд ирэхээр сэргэлтийн бэлтгэлээ түлхүү хийдэг.
-Та өнгөрсөн жил ОУХМ цолны болзлоо биелүүлсэн байх аа?
-Би 2018 онд анхны дэлхийн аваргын тэмцээндээ амжилттай оролцсон. Энэ тэмцээнээс их зүйл сурсан. Тэмцээнээ дуусгаад биеийнхээ аль хэсэгт илүү ажиллах ёстойгоо мэдэж авсан. Үүний дараа 2022 онд улсын аваргад амжилттай оролцож ОУХМ цол хүртсэн. Монголд усанд сэлэлтийн зэрэг цолыг тодорхой цагийн болзлоос дотогш эсвэл ижил хэмжээнд явсан тамирчдад олгодог. Өөрөөр хэлбэл цагийн болзлыг биелүүлэх ёстой гэсэн үг. Би УАШТ-ээр 100 метрийн араар даллах төрөлд 1.06.31 долийн амжилтыг үзүүлсэн юм. Харин ОУХМ-ын болзол нь 1.07.00 гэсэн цагаар хэмжигддэг.
-Томоохон тэмцээнд оролцохдоо өөрийнхөө сэтгэл зүйг хэрхэн анхаарч бэлддэг вэ?
-Эртнээс бүхий л зүйлээ төлөвлөж аль болох сандрахгүй байхыг хичээдэг. Хэрэв сандарч эхэлбэл өөрийгөө тайвшруулах арга бодож олдог. Тэгэхгүй бол тэмцээн дээр алдаа гаргачих гээд байдаг талтай.
-Усан спорт дотроо олон төрөлтэй. Та бүх төрлөөр хичээллэдэг үү?
-Би далайн гахай сэлэлт, араар сэлэлт, мэлхий сэлэлт, өврөөр даллах сэлэлт гэсэн дөрвөн төрлөөр жигд хичээллэдэг. Үндсэн зайн төрөл маань 100 метр, 200 метрийн өврөөр даллах болон холимог сэлэлт. Холимог сэлэлт нь дөрвөн төрөлтэй. Гэхдээ тэмцээнд оролцохдоо зөвхөн нэг төрлийг нь сонгодог.
-Манай тамирчдын хувьд дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх нөөц, ур чадвар хэр байгаа гэж бодож байна?
-Хэрэв дэлхийн жишигт нийцсэн усан бассейн, энэ спортыг дэмжсэн зөв бодлоготой болчихвол монгол тамирчид дэлхийн шилдгүүдийн эгнээнд орох бүрэн боломжтой. Мөн олон тэмцээнд оролцох боломжийг нь нэмэгдүүлбэл бид илүү амжилт үзүүлж чадна. Бэлтгэл хийх 50 метрийн бассейн байхгүйгээс хамаарч цаг дээрээ алддаг талтай. Мөн тэмцээнүүд ихэнх нь хөдөө орон нутагт болдог учраас тамирчдад зардал мөнгөний асуудал тулгардаг. Эдгээр асуудлыг шийдэж өгвөл тамирчид бид амжилтаа ахиулж, медалийнхаа тоог нэмэх чадвар бий. Үүнээс гадна усан спорт өндөр хөгжсөн улсын дасгалжуулагчдыг авчирч, тамирчдаа бэлтгэвэл илүү үр дүнд хүрэх байх.
-Усанд сэлж сурахын тулд ямар чанар, техникийг эзэмшсэн байх ёстой юм бол?
-Миний бодлоор уян хатан чанартай, ямар нэгэн дасгал хөдөлгөөн байнга хийдэг, айдасгүй байх хэрэгтэй. Ер нь усан дотор хөвөгчтэй байгаа тохиолдолд живэхгүй. Хүмүүс айхаараа биеэ бариад дасгал хөдөлгөөн хийж чаддаггүй. Зарим хүн ямар нэгэн дасгал хөдөлгөөн хийдэггүй болохоор уян хатан биш. Тиймээс үндсэн дасгалуудыг хийж чадахгүй байх тохиолдол гардаг. Харин техникийн хувьд эхлээд хөвөгчтэйгөө усанд дасах хэрэгтэй. Үүний дараа амьсгалын дасгал хийнэ. Тэгээд хөл, гарын дасгалыг хийгээд л сэлж сурна.
-Усанд сэлэх үед хүний биеийн бүх булчин ажилладаг. Өөр ямар ач тустай вэ?
-Сүүлийн үед хүмүүс усан спортын ач тусын тухайд харьцангуй мэддэг болж байна. Хэдий хугацаанд яаж хичээллэж байгаагаас шалтгаалаад үзүүлэх нөлөөлөл нь өөр. Биеийн бүтцийн хувьд өргөн мөр цээжтэй болж уушгины багтаамж сайжирдаг. Тууштай, эрчимтэй хичээллэж чадвал жин сайн хасаж галбирждаг. Мөн нурууны суулттай хүмүүсийг усан сэлэлтээр хичээллэхийг зөвлөдөг. Усанд сэлэх үед хэвтээ байрлалд шилжиж ямар ч даралт авдаггүй болохоор хүний биед зөвөөр нөлөөлдөг гэж үздэг.
-Энэ спортоор амжилт гаргаад, мэргэжлийн тамирчин болохоор зоривол хэр хугацаа шаардлагатай бол?
-Доод тал нь хоёр жил тууштай хичээллэх хэрэгтэй. Зун нь амраад, бусад үед долоо хоногт 2-3 удаа ажлынхаа чөлөөгөөр хичээллэхэд энэ спортын тухай ерөнхий суурьтай болно. Энэ хэмнэлээр зургаан сарын хугацаанд бэлтгэл хийхэд хүний бие задраад их сайхан болдог. Гол нь хэт өөрийгөө ядраалгүй ачааллаа зөв авах хэрэгтэй. Мөн эрүүл чийрэг, золбоолог байхад усан спортын нөлөө чухал шүү. Энэ спортоор хичээллэсэн хүүхэд бусад спортод ч эвсэлтэй болчихдог.
-Усан спортоор хичээллэж байгаа залуус нэмэгдэж байна. Эдгээр залууст ямар зөвлөгөө өгөх вэ?
-Усан спортыг сонирхож байгаа хүн олон болсон. Тэднийг ажиглаад байхад уснаас кайф авч сураагүй залуучууд олон харагддаг. Усанд дурлаж, уснаас гоё мэдрэмж авах чадвартай болох ёстой. Ийм чадварыг мэдээж сайн дасгалжуулагч өгдөг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 15. МЯГМАР ГАРАГ. № 160 (7145)