Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА
Уран бүтээл бүхэн амьтай гэдэг. Олон хүний хүч хөдөлмөр, сэтгэл зүрх шингэдэг болохоор үнэ цэнтэй байдаг биз ээ. Тэгвэл энэ цаг үед чансаатай уран бүтээл хийж, өөрөө ч авьяас билэг, торгон мэдрэмж, гоо үзэсгэлэнгээрээ ялгарч буй нэгэн уран бүтээлч бол “Аримун” продакшны жүжигчин А.Ганчимэг юм. Зөвхөн дэлгэц төдийгүй босго өндөртэй УДЭТ-ын тайзнаа хүртэл гол дүр бүтээж явсан түүний онцлох таван дүрийг танилцуулъя.
“Халуун сэтгэл”-ийн Анир
Жүжигчин А.Ганчимэгийн дэлгэцэнд ажилласан эхний уран бүтээлийн нэг нь “Халуун зүрх” кино билээ. Энэ кинонд Анир хэмээх 10 жилийн сурагч охины дүр дээр ажиллахдаа А.Ганчимэг хоёрдугаар дамжааны оюутан байсан гэдэг. Кинонд илгээлтээр хөдөө тариа хураахаар очсон хүүхдүүдэд тохиолдож буй эмгэнэлт явдлын талаар өгүүлдэг билээ. Энэ тухай А.Ганчимэг “Анх найруулагч Л.Энхбаяр ах надад санал тавьсан. Өмнө нь кинонд тоглож байгаагүй болохоор зохиолыг нь уншиж үзье гэсэн. Гэтэл зохиол дунд нь эротик хэсэг байна. Тиймээс тоглож чадахгүйгээ Баяраа ахад хэлсэн. Энэ киноны Анирын дүрд өмнө нь нэг охин тоглож байгаад дуусгалгүй гадаад явчихсан юм билээ. Надтай ойролцоо биетэй, урт үстэй охин байсан гээд эротик зураг авахгүй гэсэн болзолтойгоор зураг авалтанд орсон түүхтэй. Киноны нээлт болохын өмнө найруулагч над руу утасдаж өмнөх жүжигчин эротик хэсгийг авахуулсан юм байна. Монтажлаад үзсэн чинь царайг нь оруулахгүйгээр эвлүүлж болж байна гэж хэлсэн” хэмээн дурсжээ.
“Зэрлэг цэцэгсийн хүлэмж”-ийн Жоохоноо
Жүжигчин А.Ганчимэгийг тодотгох дараагийн дүр бол “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны Жоохоноо билээ. 2013 онд нээлтээ хийсэн энэхүү бүтээлийг “Хувьсал” продакшны жүжигчин У.Уранчимэг найруулсан юм. Киноны үйл явдал 1981 онд өрнөнө. Тухайн оны Ардын Хувьсгалын 60 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах комисс архичин, биеэ үнэлэгч, халаасны хулгайч, танхай этгээдүүдийг 14 хоногийн хугацаанд олон нийтийн газраар явахыг хориглож, нийслэлээс тусгаарлаж, албадан хөл хорих тушаал гаргадаг. Энэ бүтээлд А.Ганчимэг халаасны хулгайч болоод үрээ гэх эх хүний сэтгэлийг дүрээрээ илүү тодотгосон байдаг. Тиймээс ч Жоохоноогийн дүр жүжигчнээс илүү тэсвэр тэвчээр, дотоод сэтгэл шаардсан гэж А.Ганчимэг нэгэн ярилцлагадаа онцолсон нь бий.
“Зүрхээр наадагч”-ийн Ялгуун
“Хувьсал” продакшны ээлжит бүтээл “Зүрхээр наадагч” киноны зохиолыг жүжигчин А.Ганчимэг бичиж, өөрөө нэг гол дүрд тоглосон нь Ялгуун юм. Тус кинонд асрамжийн газар өссөн дөрвөн хүүхдийн хувь тавилангийн тухай өгүүлдэг билээ. А.Ганчимэг тус бүтээлийн тухай “Энэ бүтээл бол миний анхны зохиолыг нь бичсэн кино. Уг нь Зэрлэг цэцэгсийн хүлэмж кинотой хамт зохиол нь эхэлсэн түүхтэй. Гэхдээ мэдээж үйл явдал, дүрийн хувьд тэс ондоо. Жоохоноогоос Ялгуунд хувирахад сонирхолтой байсан. Найруулагч нар намайг ихэвчлэн гэнэн цайлган, жаахан охины дүрээр хардаг. Тэгвэл У.Уранчимэг эгчийн хувьд энэ удаад намайг илүү эмэгтэйлэг, өөр байлгахаар шийдсэн нь гэнэтийн бэлэг байсан” гэсэн юм. Үнэхээр тус кинонд Ялгуун адтай, эрчүүдийн харцыг булаасан бүсгүйн дүрээр гардаг ч мөн чанартаа бэнчинтэй эрчүүдийн зүрхээр наадаж сурсан зальтай бүсгүй болж хувирдаг. Гэхдээ киноны төгсгөлд тэрбээр жинхэнэ хайраа олж, эгэл амьдралыг сонгодог нь сайхан.
“Атганд үлдсэн эрдэнэ”-ийн Тайван
Жүжигчин А.Ганчимэгийг үнэхээр авьяаслаг, чадвартай жүжигчин гэдгийг нь баталсан ээлжит бүтээл нь “Атганд үлдсэн эрдэнэ” киноны Тайваны дүр байсан юм. Кино аймагтаа үзүүр түрүү булаалдсаар ирсэн хоёр арслангийн зөрчилдөөнөөр эхэлдэг. Нэг нь хоёр хүүтэй бол өнөөх нь гурван охинтой. Аадар бороо цутгасан орой эхнэр нь амаржсан ч тэднийд дахиад л охин хүүхэд мэндэлжээ. Гэвч олон жил хүүтэй болохыг хүссэн арслан охиндоо Тайван гэдэг нэр хайрлаж, нутгийнхандаа “Би удам залгах хүүтэй болсон” хэмээн зар тараадаг. Ийнхүү 20 жил өнгөрөхөд Тайван яг л эрэгтэй хүүхдийн амьдралаар амьдарч, эршүүд нэгэн болсон байв. Гэвч сэтгэл зүрхнийх нь гүнд хайрын оч асахад тэрбээр эмэгтэй хүн гэдгээ улам ихээр мэдэрч шаналдаг. А.Ганчимэг дүрийнхээ тухай "Энэ бол миний мэргэжил. Эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь байж, өмнөх дүрүүдээсээ өөр байх гэж хичээж явна. Урт гэзгээ хайчлуулах тийм амар байгаагүй ч шинэхэн уран бүтээлийнхээ төлөө эргэлт буцалтгүйгээр шийдсэн юм” хэмээн өөрийн цахим хуудастаа нийтэлсэн байдаг.
“Халуун зүрх”-ийн Анхилуун
Жүжигчин Д.Ганцэцэг болон А.Ганчимэг нар “Хувьсал”-аас өрх тусгаарлаж, “Аримун” продакшныг нээсэн билээ. Ингээд анхны бүтээл нь “Халуун зүрх” кино байсан юм. Тус бүтээлд жүжигчин А.Ганчимэг хорт хавдартайгаа тэмцэж буй Анхилуун хэмээх бүсгүйн дүр дээр ажилласан байдаг. Энэ тухайгаа “Энэ бүтээлийг Д.Ганцэцэг эгчтэйгээ хамт ханийнх нь дурсгалд зориулж хийсэн юм. Эгч маань олон жил ханьдаа зориулж бүтээл хийхсэн гэсэн бодолтой явсан. Тиймээс зохиолоо гаргахад бид хоёрын хэн хэнд нь таалагдсан гэхүү дээ . Манай киноны постерт “Мөнхийн тасаршгүй мөр үлдэнэ. Үргэлжлэл болсон үр үлдэнэ” гэдэг үг бий. Энэ үгээр киноныхоо гол санааг гаргахыг зорьсон. Хүний хамгийн чухал зүйл бол хэрхэн амьдарч, бусдад яаж нөлөөлсөн, амьдарсан хугацааг гэрчлэх мөр байдаг” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 10. ПҮРЭВ ГАРАГ. № 157 (7142)