Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА
Олон улсад эх орныхоо нэрийг цуурайтуулж, монгол хүний ур ухаан, авьяас билэг, хүч чадлыг дэлхийд таниулж яваа эрхмүүдийг бид “Дэлхийн хүн” буландаа урьдаг билээ. Энэ удаад ОХУ-ын Пермийн театрын гоцлол бүжигчин Р.Булганыг онцолж байна. Тэрбээр дэлхийн алдартай Их театрын тайзан дээр гоцолсон анхны монгол бүжигчин юм.
Гоцлоочийн гараагаа “Хунт нуур”-аар эхлэв
Р.Булган Пермийн Хореографын сургуулийг 2018 онд төгсжээ. Ингээд тус хотын театрт гоцлол бүжигчнээр орж, хэдхэн сар ажиллаад театрынхаа 147 дахь улирлын нээлтийн “Хунт нуур” бүжгэн жүжигт гоцолсон билээ. Гоцлоочийн гараагаа алдарт хар, цагаан хунгаар эхэлнэ гэдэг ховорхон хувь тохиол буй заа. Р.Булганыг сургуулиа төгсөхөд Пермийн театраас гадна Свердловск буюу одоогийн Екатеринбург хотын театр, Н.Касаткины нэрэмжит Москвагийн классик балетын театраас ажиллах хүсэлт тавьжээ. Энэ үед тэрбээр өсөж торнисон, төрөлх Пермь хотынхоо театрыг сонгосон аж. Үүнээс гадна Р.Булган “Арабеск 2018” олон улсын уралдаанаас мөнгөн медаль хүртсэн анхны монгол бүжигчин болсон юм. Энэхүү тэмцээний нээлтэд зориулж алдарт “Анюта” балетыг тавьсан билээ. Тэгвэл тус балетын гол дүр буюу Анютад Р.Булган гоцолсон юм. Ингэснээр тэрбээр Антютад гоцолсон анхны Ази бүжигчин болсон. Үүнээс гадна Анютагийн аавын дүрд ЗХУ-ын Ардын жүжигчин, Лениний одонт, ЗХУ-ын болон ОХУ-ын Төрийн шагналт В.Васильев бүжиглэсэн юм. Ийнхүү монгол охин дэлхийн супер одтой нэг тайзнаа хамтран бүжив.
"Алтан маск" шагналд нэр дэвшсэн Монголын анхны балетчин
Р.Булган Герман улсад төрсөн бөгөөд гурван сартайдаа эх орондоо иржээ. Тэрбээр багаасаа балетын урлагаар хичээллэсэн бөгөөд гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг багшийн шавь аж. Ингээд 10 настай байхдаа балетын сургуульд сурахаар Пермь хотыг зорьсон байна. Р.Булганы балетын бүжигчин болсноороо хамгийн бахархсан үе нь алдарт Их театрын тайзнаа бүжиглэсэн үе нь ажээ. Тэрбээр Оросын шилдэг найман академийн нэгдсэн тоглолтод сургуулиа төлөөлөн бүжигчин бүхний мөрөөдөл болсон ОХУ-ын Их театрын тайзнаа гоцолсон аж. Үүнээс гадна тэрбээр ОХУ-ын "Алтан маск" урлагийн шилдэг уран бүтээлч шалгаруулах шагналд нэр дэвшсэн Монголын анхны балетчин юм. Р.Булганы мөрөөдлийн дүр нь “Жизель” гэсэн. Энэ тухайгаа “Гэнэн цайлган, уяхан, хайртай хүнийхээ төлөө үхэж чаддаг Жизелийн дүр бүжигчнээс ур чадвар, уран жүжиглэлт шаарддаг. Ер нь хэцүү дүр гэж хэлж болно. Энэ дүр романтик, гуниг гээд сэтгэлийн бүх хөдөлгөөнийг гаргадгаараа онцлогтой” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 1. МЯГМАР ГАРАГ. № 150 (7135)