Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

 

Монголчууд Төв Азийн элгэнд нутаглаж, мал аж ахуй нүүдэлчин соёлоороо бусдаас ялгардаг онцлогтой ард түмэн. Хэдийгээр бид эх орондоо гурван саяулаа боловч дэлхийн цээжинд тархан суурьшсан элэг нэгтэй үндэстнүүдээ нэгтгэх юм бол 10 саяулаа гэсэн албан бус тоо судалгаа бий. Нийтийн тооллын өмнөх 209 онд анх Хүннү гүрэн байгуулагдсан нь монголчуудын туурга тусгаар болох анхны том алхам байв. Цааш нь хэлбэл Их эзэн Чингис хаан 1206 онд Их Монгол Улсыг байгуулсан нь өнөөгийн монгол үндэстэн бүрэлдэх их түүхийн эхлэл байсан билээ.

Энэ цагаас хойш монголчууд Манжийн дарангуйлалд олон жил болсон ч унаж босч, сэргэн мандаж чадсан юм. Гэвч цаг хугацааны уртад хэд хэдэн хэсэгт хуваагдаж, алс хол амьдран суух болжээ. Түүний нэг нь Хятадын нутаг дэвсгэр Хөх нуур орчимд нутаглах Дээд монголчууд юм. Хэдийгээр бид өөр газар аж төрж, өрх тусгаарласан ч гэлээ монгол үндэстэн гэсэн нэгдмэл нэгэн нэр дор зангилагдаж, цул болох учиртай ажээ. Наран ургах зүүн зүгт сүүн цацлаа өргөж, таван хошуу малаа өсгөж, үр шимийг нь хүртэх Дээд монголчуудын сэтгэлд цэлгэр тал, цэнхэр тэнгэр, Монголын их амар амгалан тунчиг ойрхон байдаг юм байна. Ийнхүү онцолсны учир нь энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа бид Хөх нуурын Дээд монгол Гүнгээгийн Алтанхуягийг урьсантай холбоотой билээ. Элэг нэгт монгол түмэн, ах дүүгээ хайрлан дээдэлж, сэтгэл зүрхнийхээ чанадад хүндлэн нандигнаж яваа эгэл эрхэм, монгол хүмүүн түүний амьдралын түүхээр аялуулъя. 

 

“Монгол хүн болж төрснөөрөө бахархах мэдрэмж төрсөн”

 

 “Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн” гэдэг шиг нийтлэлийн баатар Х.Алтанхуяг нүүрэндээ үл мэдэг инээмсэглэл тодруулсан тунчиг даруу нэгэн ажээ. Өдгөө 60 насны босго алхсан тэрбээр гэргий С.Улаангэрэл болон хүү А.Алтантулгынхаа гэр бүлийн хамтаар Аж үйлдвэрийн хэмээн алдаршсан Голмуд хотод амьдардаг байснаа өнгөрсөн жилээс мужийнхаа төв хот Шиньен буюу Сэлэнгэ хотноо суурьшжээ. Тэд энэ сарын 6-нд Улаанбаатарт ирсэн бөгөөд зорилго нь Улсын их баяр наадам үзэж, байгалийн сайханд аялах. Х.Алтанхуяг энэ тухайгаа “Монголд ирээд сэтгэл их сайхан байна. Хэд хоног хөдөөгүүр явж мэлмийгээ баясгаж, алжаалаа тайллаа. Монголын байгаль ямар сайхан онгон дагшнаараа юм бэ. Малчин түмний зочломтгой зан хэвээрээ байгаад олзуурхсан. Хаана ч буугаад малчин айлд зочлоход биднийг их найрсаг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Мөн бидний ирсэн нэг зорилго нь наадам үзэх байсан. Энэ хүслээ биелүүлж, Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй мандлын дэнжид очиж, морь уралдахыг харлаа. Энэ мөчид л монгол хүн болж төрснөөрөө бахархах мэдрэмж төрдөг юм байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. Үүнээс гадна тэрбээр “Дээлтэй монгол” наадмыг үзсэн тухайгаа хуучилсан юм. Хөх нуурын Дээд монголчуудын зарим нь манай эрийн гурван наадам хэрхэн болдог тухай мэдлэггүй байдаг гэнэ. Харин ойрын жилүүдэд  наадам үзэхээр зорьж ирэх тэдний тоо улам нэмэгдэж байгаа юм байна. Энэ жил гэхэд л 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хоёр баг ирж, Монгол Улс болоод Үндэсний их баяр наадмын үйл ажиллагаатай танилцаад буцжээ. Мөн үүнтэй адил Дээд Монголын нутгийг ч зорих халх монголчууд их болсон гэдгийг Г.Алтанхуяг онцолж байв.

 

Хавт Хасарын удмынхан

Хамгийн сүүлийн үеийн тоо баримт судалгаагаар өдгөө нийт 100 мянган Дээд монголчууд бий ажээ. Харин Г.Алтанхуягийн аж төрж буй Голмуд хавьцаа 50 мянга нь аж төрдөг юм байна. Дээд монголчуудын түүхээс сөхвөл хожим Гүүш хэмээн алдаршсан Төрбайх хаантай холбоотой ажээ. Тэрбээр Дөрвөн ойрадын хошууд аймгийн Ханай ноёны Ахай хатнаас мэндэлсэн юм. XVII зууны үед шашин төрийн тэмцэл хүчээ авчээ. Цогт хунтайж улааны шашныг баримтлагчидтай холбоо тогтоож, V далай ламыг доройтуулахаар тохиролцсон гэдэг. Энэ үед далай ламын төлөөлөгч Содномравдан Дөрвөн Ойрадоос тусламж гуйснаар Төрбайх цэрэг дагуулан очоод Далай ламыг хамгаалан 1637 онд Хөх нуурын орчимд Цогт хунтайжийн цэргийг ялсан түүхтэй. Ийнхүү тэрбээр далай ламаас цол хэргэм хүртэж, Гүүш хаан хэмээн түүхэнд нэрээ мөнхөлсөн байдаг. Дараагийн гурван жилд Гүүш хааны цэрэг улааны шашны эрхтнүүдийг зайлуулах байлдаан өрнүүлж Төвдийг эзэлжээ. Ингээд 1642 онд V Далай ламд эрх  шилжүүлэн, өөрөө Амду буюу одоогийн Хөхнуур муж орчмын нутагт эзэн сууж, 1654 онд 73 насандаа таалал төгссөн гэдэг.  Энэ үед хааныг дагаж очсон монголчууд бол өдгөөгийн Дээд Монголын өвөг дээдсүүд юм. Дээд монголчууд өөрсдийгөө хавт Хасарын удам хошууд овогтон гэж бахархдаг ажээ. Учир нь хавт Хасарын XIX үеийн үр удам нь Төрбайх буюу  Гүүш хаан юм байна. Тэрбээр  Хөхнуур, Төвдийг  байлдан дагуулж, Төвд, Монголыг хамтатгасан Хошууд хаант улсыг  байгуулж, алдар нэрээ цуурайтуулж явсан тухай Г.Алтанхуяг онцлон ярьж байв. Ийнхүү их хааны үр удам өдгөө ч Хөх нуурт аж төрж, газар нутаг, хэл, соёл, аж амьдралаа  уламжлан хадгалсаар ирсэн нь энэ билээ.

 

Адуучин аавын хургачин хүү 

 

Г.Алтанхуягийн хувьд анх удаа Монголд ирж буй нь энэ биш ажээ. Тэрбээр 1992 онд анх манай улсад хөл тавьсан гэнэ. Энэ тухайгаа “Намайг 1992 онд ирснээс хойш 30 гаруй жилийн хугацаанд Монгол Улс их хурдтай хөгжсөн байна. Би тэр үеэс Сүхбаатарын талбай, Засгийн газрын ордон хоёрыг л таниж байна. Гэтэл ямар их өндөр байшин барилга, үйлчилгээний төвүүдтэй болоо вэ. Мөн хотын хүрээ ямар том болж тэлэгдсэнийг хараад гайхсан. Дахиад хэдэн жилийн дараа ирэхэд бүр ч сайхан хот болох нь гэж бодож суулаа” гэсэн юм. Г.Алтанхуягийн аав Гүнгээ, ээж Дуламжа нар нь малчин хүн байжээ. Тэрбээр эцэг эхээс гурвуулаа бөгөөд айлын ганц хүү юм байна. Тэднийх нэгдлийн малыг хариулдаг байсан бөгөөд аав нь адуунд эрэмгий тул ихэвчлэн адуу болон хонь хариулах ээлж таардаг байсан гэв. Харин бяцхан хүү Г.Алтанхуягийн хувьд шилбүүр бариад хурга ишигний араас хөөцөлдөж явсан үе нь хүүхэд насных нь хамгийн нандин, гэгээн дурсамжийн нэг гэж байлаа. Тэрбээр 1974 онд буюу 11 настайдаа нэгдлийнхээ бага сургуульд оржээ. Ингээд тус муждаа найман жилийн боловсрол эзэмшсэн байна. Харин 10 жилийн боловсролоо Улаан Шень гэх газар дүүргэжээ. Ингээд Өвөрмонголын их сургуулийн улс төрийн мэргэжилтний ангид элссэн гэнэ. Г.Алтанхуягийн нэг авьяас нь шүлэг бичих. Дунд сургуульд байхаасаа л уран зохиолд сонирхолтой хүүхэд байсан аж. Их сургуулийн оюутан байхдаа ихэвчлэн утга зохиолын ном уншдаг, шүлэг найргаа сонинд хэвлүүлдэг авьяастай нэгэн байж. Улстөрийн мэргэжлээс нь илүү энэхүү сонирхол нь түүнийг хөтөлж, сэтгүүлчийн ажлыг сонирхож эхэлсэн байна. Гэвч түүнийг орон нутгийн Үндэстний дунд сургуульд мэргэжлийнх нь дагуу багшаар томилсон байна. Тус сургуульд Г.Алтанхуяг 1988 оныг хүртэл багшилжээ.

 

“Цэцэгт цайдам” сэтгүүлийн ажилтан сэтгүүлч

Хүний хүсэл мөрөөдөл гэдэг сонин ажээ. Хэдий холуур, бартаат замыг туулсан ч эргээд л зорилгынхоо дэргэд нэг мэдэхэд ирчихсэн байдаг ч юм шиг. Үүнтэй адил Г.Алтанхуягийн хүслийг сонссон юм шиг төрөлх хотод нь Үндэстний утга зохиолын сэтгүүлийн хороо байгуулагдаж, тэрбээр сэтгүүлчийн ажил хийх алтан боломж нээгдсэн байна. Тус хороо нь “Цэцэгт цайдам” хэмээх яруу найргийн сэтгүүлийг эрхлэн гаргаж, Г.Алтанхуяг тус сэтггүүлд 10 жил тасралтгүй ажиллаж, шүлэг найргаа хэвлүүлсэн ажээ. Энэхүү сэтгүүлд зөвхөн уран яруу үгсээс гадна утга зохиолтой холбоотой олон төрлийн нийтлэлүүд хэвлэгддэг байсан гэнэ. Г.Алтанхуягийн шүлгийн агуулга нь ихэвчлэн эх орон, аав ээжийн тухай байсан гэдэг. “Цэцэгт цайдам” сэтгүүл ч хэвлэгдсэн цагаасаа уншигчдын хайр хүндэтгэлийг хүлээж, Дээд монголчуудын утга зохиолын боловсролд үнэтэй хувь нэмэр оруулсан байна. Ийнхүү сэтгүүлдээ ажиллаж байх хугацаанд нь аав нь тэнгэрийн орныг зорьж, Г.Алтанхуяг төрөлх Голмуд хотдоо очиж, ажиллаж амьдрахаас өөр аргагүй, сонголтгүй болжээ. Ингээд хотын захиргаандаа нарийн бичгийн даргаар ажиллаж эхэлсэн байна. Энэ хугацаанд бие дааж “Голмуд” хэмээх утга зохиол, түүх соёлын сэтгүүл гаргаж үзжээ. Нэг удаадаа 80 хуудастай хэвлэгдэх тэрхүү сэтгүүл нь ч мөн хотын иргэдийн захиалж унших дуртай хэвлэлийн нэг болсон гэдэг. Ийнхүү Г.Алтанхуяг хотын захиргаандаа 20 гаруй жил ажиллаад өдгөө гавьяаныхаа амралтад суусан ажээ. 

 

Дээд монголчуудын өлгий Голмуд хотын тухайд

 

Ихэнх Дээд монголчуудын аж төрж буй Голмуд нь хоёрдугаар дэсийн хот ажээ. Харин мужийн төв нь Сэлэнгэ хот аж. Голмуд хот нь их буйдхан, тайван гэдгээрээ алдартай.Нэрийг  нь утгачилбал голнууд гэсэн монгол үг юм байна. Учир нь тэнд олон гол булаг, усны бэлчир байдаг гэнэ. Голмуд хот таван  том тосгоноос бүрдэнэ. Энэхүү хотод 1950-аад оны сүүлч хүртэл Хятадууд байдаггүй байжээ. Хотыг зураглавал байгалийн үзэсгэлэн бүрдсэн, ногоон зүлэг, цэцгийн мандлаар дүүрэн аж. Төвдийн өндөр уулын бэлд орших ч далайн түвшнээс 3000 орчим метр өндөрлөгт оршиж байна. Голмуд хот нь газрын тосоороо алдартай. Энэ чиглэлийн үйлдвэр байгуулагдаад олон жил болж байгаа гэнэ. Тус хотоос сайн чанарын онгоцны шатахуун авахаар олон улсын худалдаа наймаачид байнга ирдэг тухай Г.Алтанхуяг ярьж байсан билээ. Үүнээс гадна Голмуд хотод газар тариалан хөгжжээ. Тиймээс бордооны эрэлт өндөр байдаг гэж байв. Энэхүү хотын бэлгэ тэмдэг нь оронго гөрөөс гэнэ. Гэвч энэхүү амьтныг хууль бусаар агнасаар өдгөө тоо толгой нь цөөрчээ. Тус хотын ойролцоох ууланд нэгэн том дурсгалын хөшөө байдаг нь оронго гөрөөсний хууль бус анчидтай тэмцэж яваад амь насаа алдсан байгаль хамгаалагч Сономдарж агсных ажээ.

 

С.Цэрэнчимэд агсны дуунуудыг шимтэн сонсдог

 

Г.Алтанхуягийн гэргийг Самбуугийн Улаангэрэл гэнэ. Хэл уран зохиолын багш мэргэжилтэй ч Голмуд хотдоо агаарын долгион хянах газарт ажиллаж байжээ. Тэд Үндэстний дунд сургуульд байхдаа танилцсан юм байна. Г.Алтанхуягийнх нэг хүүтэй. Хүү А.Алтантулга нь Бээжингийн их сургуулийг төгсөж, өдгөө мэргэжлээрээ ажиллаж байгаа гэв. С.Улаангэрэлийн аав ээж ч малчин хүмүүс байжээ. Тэднийх Дэлхий хотод амьдардаг байсан аж. С.Улаангэрэл айлын том охин бөгөөд дөрвөн эрэгтэй дүүтэй юм байна. Тэрбээр Үндэстний төвийн их сургуульд ардын дууны судалгаа чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан гэнэ. Энэ тухайгаа “Манай Дээд монголчуудын уртын дуу баялаг түүхтэй. Яг л монгол уртын дуу шиг өөрийн өвөрмөц аялгуу, шуранхай, утга агуулгатай байдаг. Хятадын дуунуудтай харьцуулахад ялгарах донж маягтай. Мөн цаг хугацааны явцад Төвдөөс эхлээд олон үндэстэн ястны нөлөө их орсон юм билээ. Гэхдээ язгуур чанараа алдалгүй өнөө бидний үед уламжлагдан ирсэн нь бахархмаар” гэж байсан юм.

Гэр бүлийн хоёр маань монгол дуунд их дуртай гэдгээ ярьж байсан юм. Ялангуяа хуучны уран бүтээлүүдээс С.Цэрэнчимэд агсны дуунуудыг шимтэн сонсдог ажээ. Энэ тухай С.Улаангэрэл “Би Өвөрмонгол дуучдын дуунаас илүү монгол дуунууд сонсох дуртай. Ялангуяа танай алтан үеийн дуучдын дуунууд үгийн баялаг их арвинтай санагддаг. Сонсох тусам сэтгэл зүрхэнд хүрч, уяраах увидастай шүү дээ” гэсэн юм. Үүнээс гадна тэд орчин үеэ дагаад рок попын дуучдаас Т.Ариунаа, Б.Сарантуяа гэсэн гавьяатуудын бүтээлийг ч шимтэн сонсдог болсноо хуучилсан юм. Дээд монголчууд таван жилд нэг удаа монгол урлагийн наадам гэж зохион байгуулдаг уламжлалтай гэнэ. 2019 онд болсон тус наадамд эдгээр гавьяатууд очиж, ая дуугаа өргөж байсан гэнэ. Мөн Н.Чулуунхүү агсны охин, хөгжмийн зохиолч Б.Мөнхжаргал очиж, тоглолтоо толилуулж байсан гээд Монголоос олон дуучин элэг нэгтэй Дээд монголчууддаа ая дуугаа өргөдөг юм байна. 

 

Монголд ирэхийн тулд 3000 км-ийг туулжээ

С.Улаангэрэл үндэсний хувцсаараа гоёжээ.

Г.Алтанхуяг гэргийн хамт Монголд ирэхийн тулд 3000 км замыг туулжээ. Нутгаасаа Хөх хот, Хөх хотоос Эрээн, Эрээнээс Замын-Үүд, Замын-Үүдээс Улаанбаатар. Гэвч Монголд очно гэсэн бодол нь цэлмэг тэнгэр шиг уужим байсан учир тэр их замыг туулахад бэрхшээлтэй санагдаагүй гэж байсан юм. Үнэхээр монгол нь Монголоо гэсэн сэтгэлийн дуудлага гэдэг энэ  буйзаа. Өнөөдөр бид дэлхийн бөмбөрцөгт хүчтэй улс байж, ондоошиж, омогших бахархал нь үндэсний цөөнхүүд болон Өвөрмонгол, Дээд монголчууд юм. Бид нэг бодол, нэг зорилготой байж, Монгол гэсэн тоонотын дор эвлэлдэн нэгдвээс хүчирхэг улсыг цогцлоон бүтээж, Их эзэн Чингис хааны үйл хэргийг үргэлжлүүлэх ирээдүй бий хэмээн Г.Алтанхуяг ярьж байсныг энд онцлоё. Хэдийгээр тэртээх хол Хөх нуурт ч гэлээ таван хошуу малаа тал дүүрэн бэлчээж, эрдэнэт малынхаа үр шимийг хүртэж, үндэсний хувцсаараа гоёсон монгол хүмүүс амьдарч байна гэхээр сэтгэлд нэг л ойрхон санагдаж байв. Яг л халх монголчуудтай адилхан Дээд Монголын эмэгтэйчүүд өглөө эртлэн босч, өрхөө татаад, аргалын цогонд цайгаа чанаж, дээж юуг нь тэнгэр хангайдаа өргөж, сүсэглэн залбирдаг ажээ. Тийм ч учраас монгол хүний буян заяа үеийн үед  үргэлж өөдөө байх биз ээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 31. ДАВАА ГАРАГ. № 149 (7134)