Б.БАЯРЖАВХЛАН
Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар мэддэг юм шиг хэр нь мэддэггүй зүйл олон. Цар тахлаас хойш БНХАУ-д зочлоогүй надад “China In Sight Global Insight” Forum 2024” арга хэмжээг сурвалжлах боломж олдож энэ сарын 13-20-ны өдрүүдэд урд хөршид зорчоод ирсэн юм. Бид тус улсын томоохон үйлдвэрүүд, хөгжилд хүрсэн хотуудаар аяллаа.
-16 хэмийн хүйтэнтэй Улаанбаатар хотоос өвлийн куртик, ноосон өмдтэй хөдөлсөн биднийг чийглэг, дулаан цаг агаартай, ногоон ургамал, үзүүр нь үл харагдах далай, +26 хэмийн дулаантай Шэнжэнь хот угтав. Онгоцноос буух үед “Гадаа халуун байгаа даа. Хувцсаа нимгэлсэн нь дээр байх” гэдэг үгийг үл тоож байсан бид гадаа гармагцаа л гадуур хувцсаа тайлцгаах нь тэр. “Shangri la hotel” дэлхий дээр гуравхан байдаг бөгөөд анх Шэнжэнь хотод баригдсан бол дараа нь Хонгконгод, дараагийнх нь манай улсын нийслэл Улаанбаатар хотод сүндэрлэж байгаа билээ. Өрөөний минь цонхоор Хонгконг харагдана. Учир нь тус хот Гуандуны өмнөд хэсгийн төв эрэгт, Сувдан голын зүүн эрэгт байрладаг. Өмнө талаараа Хонконгтой, зүүн хойд талаараа Дунгуан, Хуйжоутай хиллэдэг. Хятадын гурав дахь том хот Шэньжэнь 17.6 сая хүн амтай бөгөөд технологи, судалгаа, үйлдвэрлэл, санхүү, аялал жуулчлалын дэлхийн томоохон төв ажээ. Түүнээс гадна Шэньжэнь боомт чингэлэг тээвэрлэлтээрээ улсдаа дөрөвдүгээрт ордог байна.
Үйлдвэрийн хот гэхэд нь би хувцас, бараа, материалын үйлдвэрүүд бодож байснаа нуухгүй. Гайгүйхэн хувцас эсвэл гэр ахуйн барааны үйлдвэр олж наймаа хийх санааг битүүхэн тээж байсан юм. Гэтэл бидний очсон эхний үйлдвэр “BYD” байлаа. Тэнд авто машин үйлдвэрлэдэг. 1995 онд байгуулагдсан тус үйлдвэр өдгөө Хятадын номер нэг үйлдвэр болжээ. Үйлдвэрийн бүх явц нь автомат бөгөөд минутад нэг машин үйлдвэрлэдэг аж. 100 мянган ажилтантай, 10 гаруй судалгааны хүрээлэнтэйгээс гадна машин болон эрчим хүчний салбарт 50 мянган патент эзэмшдэг. Мөн хятадын цахилгаан авто машины томоохон үйлдвэрлэгч юм. Хамгийн хурдан цахилгаан машин нь 391 км/ц хурдтай. Харин хамгийн сүүлд гаргасан авто машин нь усанд 30 минут явах чадвартай бөгөөд дроноор өөрийгөө хянадаг.
Тэгвэл бид тус үйлдвэртэй хамтрах боломж бий юу гэдэг асуулт үргэлж толгойд эргэлдэнэ. Сэргээгдэх эрчим хүч, цахилгаан автомашиныг зах зээлд нэвтрүүлэхээр дэлхийн улс орнууд өөр хоорондоо өрсөлдөж байна. Учир нь цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүч нь байгаль орчинд ээлтэй гэж үздэг. Тэгвэл тус үйлдвэр цахилгаан автомашинуудад одоогоор лити-ион батарейг түгээмэл ашигладаг ажээ.
Тус баттерей нь нарны гэрэл болон салхинаас эрчим хүчийг хуримтлуулдаг учир уур амьсгалын өөрчлөлтөөс сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг аж. Энгийнээр тайлбарлавал, бидний ашигладаг гар утас, зөөврийн компьютер зэрэг цэнэглэгддэг батарейнд агуулагддаг металл юм. Түүнчлэн цахилгаан машины баттерейн гол түүхий эд лити, кобальтын үнэ 2017 оноос эхлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд огцом өсжээ. Үүнтэй холбоотойгоор лити, кобальтын нөөцийг судлах, олборлолт хийх арга нарийсаж, гаднын улсууд ихээхэн анхаарал хандуулах болсон байна.
Тэгвэл манай улсын хувьд цахилгаан машины гол түүхий эд болох лити-ион баттерейг үйлдвэрлэх, түүний түүхий эдийн гол бэлтгэгч болох боломж байна. Тухайлбал, 2019 оны байдлаар Монгол Улсын литийн таамаг нөөц нь 203 мянган тонн гэж тогтоосон бөгөөд литийн хоёр ордыг АМГТГ бүртгэж авчээ. Дундговь аймагт орших Хөх дэл ордын литийн баттай нөөц нь 37.7 мянган тонн, харин бодит нөөц нь 151.3 мянган тонн юм байна. Энэ тухайд АМГТГ-аас “Хөх дэл ордын литийн хүдрийн нөөц 122.3 мянган тонн” гэж мэдээлж байв. Монгол Улсын хувьд лити, кобалтын хэрэглээ, борлуулалтын дүн нь уламжлалт нүүрс, зэс, төмрийн хүдэр зэрэгтэй харьцуулахад бага ч гэсэн олборлож чадвал тодорхой хэмжээнд эдийн засгийн эрэлтэд оруулах боломжтой гэж үздэг. Цахилгаан хөдөлгүүрт автомашин хэрэглээнд нэвтэрч эхэлснээр хэрэгцээ огцом нэмэгдэж баттерейнд хэрэглэх лити 50 дахин өссөн гэсэн судалгаа байдаг. Орчин үеийн чиг хандлагаас харахад сэргээгдэх эх үүсвэрээс гарган авсан цахилгаан эрчим хүчийг хурааж хуримтлуулан хадгалах, цөмийн реакторын хөргүүрт ашиглах хэрэглээний шинэ чиглэлүүд эрчимтэй хөгжиж байна. Тиймээс үр ашигтай зөв менежментээр литигээ ашиглаж чадвал бидэнд ч бас сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтран ажиллах боломж байна.
Сонирхуулахад BYD үйлдвэр нь монголд 900 автомашин худалдан борлуулснаас 600 нь цахилгаан авто машин бөгөөд үлдсэн нь хосолмол хөдөлгүүрт авто машин аж.
Хөгжлийн хөдөлгүүр нь үйлдвэржилт
БНХАУ 1949 онд байгуулагдсанаасаа хойш буюу 75 жилийн хугацаанд хурдтайгаар хөгжиж дэлхийн хоёр дахь том эдийн засаг, үйлдвэрлэгч, борлуулагч болтлоо хөгжсөн байна. Учир нь дэлхийн банкны тоон мэдээллээс харахад 1960 онд Хятадын ДНБ Камбож, Кени, Сьерра-Леоне зэрэг улсуудынхтай ижил түвшинд байжээ. Гэтэл өнөөдөр тус улс хөгжил хот болон мужуудаа ядуурлаас гаргаж, нэг хүнд ногдох ДНБ-ээ жил бүр нэмсээр байна.
Түүний нэг жишээ бол бидний очсон Дунгуань хот юм. Гуанжоу, Хонгоконг зэрэг хотуудтай зэрэгцэн оршдог үйлдвэрлэлийн хот юм. Тус хотын хүн амын дундаж нас 34. Сүүлийн жилүүдэд тус хотын орлого их наяд юаниас илүү давжээ. Учир нь Дунгуань хот 1.7 сая аж үйлдвэрлэлийн компанитай юм. Дэвшилтэт үйлдвэрлэл бүхий 30 салбарт 60 мянган бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Үйл ажиллагааны орлогоороо тэргүүлдэг 10 компанийг дурдвал, Ping An, China resources, Huawei, Tenсent, BYD, China merchants Bank зэргийг дурдаж болно. Тус хотын дараагийн зорилго бол үйлдвэрлэлийн шинэчлэлт хийх ажээ. Шинэ чанарын бүтээмж гэдэг нь шинэ эрчим хүч, шинэ материал, дэвшилтэт үйлдвэрлэл, цахим мэдээлэл зэрэг стратегийн ач холбогдол бүхий хөгжиж буй үйлдвэрүүдийг идэвхтэй хөгжүүлж, ирээдүйн аж үйлдвэрүүдийг бий болгох, шинэ бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хурдасгахыг 2023 оны есдүгээр сард Ши Жиньпин энэ нэр томьёог санаачилж байжээ.
Европ маягийн хотыг санагдуулам энэ газар бол бидний сайн мэдэх Huawai компанийн номын сан, судалгааны хүрээлэн юм. 2014-2018 оны хооронд японы алдарт дизайнерын загвараар барьсан аж. Ингэхдээ дэлхийн 12 хотын загварыг ашигласан байна. Учир нь ажилчдынхаа стрессийг бууруулах зорилгоор европ хэв маягаар барьсан гэдгээ хэлж байлаа. Мөн тус хотхоныг барихдаа экологийн байдлыг эвдэлгүй бүтээн байгуулалт хийснээрээ онцлог бөгөөд нийт газрын 60 хувь нь ногоон байгууламж ажээ. 30 мянган ажилтантай бөгөөд үүний 25 мянга нь судалгааны хүрээлэнгийн ажилтан, 5000 нь дэд бүтцийн ажилтан аж. Ажилчдаа гурван жил ажилласны дараа 15 дахь KPI-г давж чадвал 60 хувийн хямдралтай авах боломжийг олгодог байна. Зах зээлийн үнэ нь 25 мянган ам.доллар юм.
Харин номын санд дэлхийн хамгийн ховор номуудыг цуглуулжээ.
Хоёр улсын харилцаа, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх “China in sight global insight” forum 2024
Энэ жил хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жилийн ой болон Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ойн болж буйгаараа онцлогтой. Хятад болон Монгол бол уул усаар холбогдсон, жаргал зовлонгоо хуваалцдаг “Сайн хөрш, сайн түншүүд” гэж Хятадын тал үнэлдэг бол Монголын тал Хятадыг “Мөнхийн хөрш” хэмээн өргөмжилж, Хятад улстай харилцаагаа бэхжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг ямагт онцлон тэмдэглэсээр ирсэн. Цар тахлын хүнд үеийг ч хоёр улс эв санаагаараа нэгдмэл байж, бие биедээ харилцан туслалцах замаар давсан нь дэлхий дахинд хөрш орнуудын харилцаа, хамтын ажиллагааны “тод үлгэр жишээ” болж үлдсэн нь саяхан.
Хятад улсын “Бүс ба Зам”, “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”, “Дэлхийн аюулгүй байдлын санаачилга” болон “Дэлхийн соёл иргэншлийн санаачилга” зэрэг дэлхийн хэмжээний томоохон санаачилгуудыг Монголын тал дэмжиж, эдгээрийн хүрээнд хамтран ажиллахад хэзээд бэлэн болохоо ч илэрхийлсээр ирсэн.
Тэгвэл энэ сарын 17-19-ны өдрүүдэд Хятадын баруун өмнөд хэсэгт орших Гүйжоу мужийн үзэсгэлэнт Гүйяан хотод ирлээ. Гүйжоу бол байгалийн баялаг ихтэй, Хятадын 17 жижиг үндэстэн ястан зэрэгцэн оршдог муж. Гүйяан бол тус мужийн төв хот. “Ойн хот” гэдгээрээ алдартай. Гэвч тус хот 10 жилийн өмнө маш ядуу байжээ. Харин сүүлийн жилүүдэд автозам, гүүр гарам, гарц ихийг барьж зам харилцаа хөгжсөнөөр аялал жуулчлал хөгжиж, аялал жуулчлалын орлогоороо Хятадын тэргүүлэгч хот болжээ. Тухайлбал, 2023 онд жуулчдаас олсон цэвэр орлого 27.3 тэрбум ам.доллар болсон байна. Тиймээс энэ жил Хятадын коммунист намаас олон улсын “China in sight global insight” forum 2024” форумыг энэ жил тус хотод зохион байгуулж байгаа нь энэ.
Энэ удаагийн үндсэн сэдэв нь “Өөрчлөлт шинэчлэлтийг гүнзгийрүүлж, дэлхийн хөгжлийг хамтдаа эрэлхийлцгээе” сэдвийн хүрээнд үргэлжилсэн юм. Тус форумд Монгол, Казахстан, Тайланд, Туркменистан, Румын зэрэг 50 гаруй орны 200 гаруй төлөөлөгч оролцсон юм. Харин манай улсаас Шинжлэх ухааны академийн Бодлого судлал, улс төрийн эдийн засгийн ухааны салбарын эрхлэгч, эдийн засгийн шинжлэх ухааны доктор, академич Б.Батхишиг, судлаач, профессор Р.Баярхүү, Хятад судлаач Ч.Сумъяа тэргүүтэй 30 гаруй хүн оролцсон.
Хятад улс “Global south” буюу бага дунд орлоготой орнуудтай харилцан ашигтай хамтрах сонирхолтой байгаагаа форумын үеэр илэрхийлж байлаа. Мөн “Бүс ба зам” санаачилга шинэ шатандаа гарч буй учир хөгжиж буй улсууд боломжийг илүүтэй ашиглахыг уриалсан юм. Энэ тухай Хятадын коминист намын Төв хорооны Олон улсын хэлтсийн дарга, сайд Лю Жянчао “Энэ оны долоодугаар сард Хятадын комуннист намын 20 дахь удаагийн, төв хорооны гуравдугаар хурал амжилттай болж өндөрлөлөө. 40 гаруй жилийн өмнө өмнө эхлүүлсэн шинэчлэл, нээлттэй бодлого нь Хятад улсыг гүнзгий өөрчилж, дэлхий дахинд нөлөөлсөн. Энэ удаагийн уулзалтаар Хятад улс хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, өөрчлөлт шинэчлэлтийг гүнзгийрүүлж, дэлхий дахинд ашиг тусаа өгсөн, шинэ ололт амжилтаар улс орнуудын хөгжилд шинэ боломж олгох болно. Мөн Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг тэлж, зах зээлээ дэлхийн томоохон боломж болгон хувиргах болно. Дэлхийн нээлттэй байдал, хамтын ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих, энх тайвныг идэвхтэй хамгаалж, хөгжлийн таатай орчныг бүрдүүлэхэд анхаарна. Түүнчлэн харилцан суралцах боломжийг бэхжүүлж, дэлхийн орчин үеийн хөгжилд шинжлэх ухаанчаар хувь нэмрээ оруулна” гэсэн юм.
Манай улсын хувьд “Бүс ба зам” төслийг хурдасгах, дижитал эдийн засгийг нэвтрүүлэх шаардлагатай байгаа юм. Энэ талаар Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, академич Б.Батхишиг “ 2016 онд нэг бүс нэг зам төслийн хүрээнд хойд коридорыг хөгжүүлэх асуудлыг гурван улсын төрийн тэргүүн нар тохиролцсон. 30 гаруй төслөөс 19 нь дэд бүтцийн төсөл байсан.
Монголын нутгаар дамжуулж төмөр зам, авто замыг хөгжүүлэх төсөл байсан ч хэрэгжсэн нь цөөн байна. Гүйжоу хотод болсон энэ удаагийн форум “Бүс ба зам” төслийг хурдасгах уриан дор боллоо. Тиймээс манай улс дэд бүтцийн төслүүдээ хурдасгах шаардлага тулгарч байна. Бид идэвх санаачилгатай байх хэрэгтэй. Бүс ба зам төслийг хэрэгжүүлж чадвал бусад улс оронтой хамтрах боломж бүрдэнэ. Мөн манай улсын хувьд дижитал эдийн засгийг анхаарах хэрэгтэй. BYD, Huawai зэрэг хятадын тэргүүлэх үйлдвэрүүд дижитал эдийн засгийг хөгжүүлсэн байна. Бидний хамгийн сүүлд очсон Гүйжоу хот их өгөгдлийн системийг хөгжүүлж байна. Бид үүнээс суралцах нь зөв гэж харлаа. Хуучин хэн олон хүнтэй, байгалийн баялагтай нь ялдаг байсан бол аж үйлдвэржилтийн дөрөвдүгээр хувьсгалын үед хэн технологи сайтай нь ялж байна шүү дээ” гэсэн юм. Хурлын үеэр Даяаршлын дараагийн үе болох globalization 2.0- шинэ даяаршлын үе шатанд шилжиж байгаа гэдгийг хятадын судлаачдаас гадна дэлхийн хөгжиж буй улс орнуудын эрдэмтэд, төлөөлөгчид бүгд хүлээн зөвшөөрч байгаа нь харагдав. Шинэ даяаршилд хөгжиж буй өмнөдийн улс орнуудыг идэвх, оролцоотой байж, дэд бүтэц болон үндсэн үйлдвэрлэлийн гинжин хэлхээ нь шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчин чадалтай харилцан нэгдэж уялдаж, энэ чиглэлийн хөрөнгө оруулалтыг хөгжлийн зорилгоо болгоно гэдгийг Хятадын судлаачид онцлов. Мөн Хятадын “бүс ба зам” санаачилга өнгөрсөн 10 жилээ үдэж, шинэ 10 жил рүү орсон бөгөөд цаашдын хөгжлийг “Өндөр технологи, инноваци, ногоон, дижитал технологи” гэдгийг тодотгов.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 25. ДАВАА ГАРАГ. № 228 (7472)