Р.Оюун

Ой, модны салбарынхан өнөөдөр өнгөрсөн нэгэн зууны түүхээ хуваалцаж, ирэх шинэ зуундаа хийж бүтээх их зорилгынхоо талаар хамтдаа чуулж, 100 жилийн ойгоо тэмдэглэлээ. 1924 оны есдүгээр сарын 26-ны өдөр Ардын Засгийн газрын 29 дүгээр хурлын шийдвэрээр Аж ахуйн явдлын яамыг зургаан хэлтэстэй байгуулсны нэг нь Ой, модны хэлтэс байв. Мөн оны аравдугаар сарын 28-ны өдрийн Аж ахуйн явдлын сайдын тавдугаар тушаалаар Ой, модны хэлтсийн харьяанд анхны дөрвөн ойн ангийг байгуулснаар ой, модны салбарын түүх эхэлжээ. Эдний хувьд ой тайга, хөндий, хээр тал, говьд байгалийн элдэв үзэгдэл, улирал, гараг, өдөр шөнө ялгахгүйгээр ажилладаг онцлогтой. Монгол Улсын ойн санг мянга мянган ойчид хамгаалж, арчилж, ашиглалтад оруулан хойч үедээ ногоон ирээдүйг үлдээхийн төлөө хөдөлмөрлөсөөр ирсэн. Тэд Монгол Улсын ойгоор бүрхсэн талбайн хэмжээг 2030 онд есөн хувьд хүргэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд "Тэрбум мод" тарих бэлтгэл ажил орон даяар амжилттай өрнөсөн. Ирэх оноос том талбайг хамарсан тарилтууд явагдаж эхэлнэ. Ойн тухай болон Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу долоон чиглэлээр ойн мэргэжлийн байгууллагын эрх олгодог. Одоогийн байдлаар 650 аж ахуйн нэгж 868 мэргэжлийн байгууллагын эрх авах ажил үйлчилгээ үзүүлж байна. Ирэх 100 жилээ угтаж НӨАТ, гаалийн татвараас чөлөөлөх, зардлын нормативыг шинэчлэн батлах, ойн үрийн аж ахуйг шинэчлэх, ойн салбарын бүтцийг босоо удирдлагын хэлбэрт шилжүүлэх, Ойн тухай хууль, эрх зүйн орчныг сайжруулах, хүний нөөцийг нэмэгдүүлэх, цахимжуулах, шинжлэх ухаанд суурилсан бодлого хэрэгжүүлэх зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд эхнээсээ хийж эхэлсэн байна. 

Европын холбооноос олон улсын хэмжээнд санаачлан гаргасан Ойн түншлэлд Ази тивээс Монгол Улс нэгдэн орж 2023 оны долдугаар сарын 3-ны өдөр Ойн түншлэлийн хэрэгжүүлэх арга хэмжээний "Замын зураг"-ийг талууд эцэслэн баталсан ба талууд хэрэгжүүлэх арга хэмжээндээ шилжин, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх хамтын ажиллагааг эхлүүлсэн байна. Мөн энэ үеэр үзэсгэлэн гаргасан байв.

 

Эх сурвалж www.zms.mn