Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль-100 жил” нэвтрүүлэгт оролцож, Үндсэн хуулийн эрх зүй, түүхэн үзэл баримтлал, хөгжлийн талаар байр сууриа илэрхийллээ.  Түүний байр суурийг хүргэж байна. 

-Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ойн мэндийг та бүхэндээ хүргэе. Үндсэн хууль бол угаасаа тухайн ард түмний мөрөөдөл байдаг.  Бид ийм улс байгуулъя гэж мөрөөдөөд түүнийгээ цаасан дээр буулгаад хэрэгжүүлдэг.   Өөрийн амьдралаа тэр хуулийн дагуу зохион байгуулах, хууль эрх зүйн гол үндэс сууриа тавьж байгаа хэрэг.    Тэр утгаараа хүний мөрөөдөл их хийсвэр, барьж авахад хэцүү, томьёолоход амаргүй байх нь бий.  Бусад хөгжилтэй орнуудын Үндсэн хуулийг судлаад үзэхээр яг л саяны миний хэлснийг баталсан юм шиг эхэлдэг.  Дэлхийд хамгийн алдартай Үндсэн хууль бол АНУ-ын Үндсэн хууль.  Энэ хууль Америкийн ард түмэн бид гэж эхэлдэг.  Энэ хуульд маш хийсвэр гэмээр гурван агуулга байна.  Нэгдүгээрт,  бид ижил тэгш төрсөн.  Хэн нэгэн дутуу эрх дархтай, хэн нэгэн илүү эрх дархтай төрөөгүй.  Хоёрдугаарт, бид эрх чөлөөтэй төрсөн гэж.  Ижил тэгш гэдэг бол хийсвэр бид бүгд эрх чөлөөтэй төрсөн гэдэг нь ч хийсвэр.  Гурав дахь бүр их хийсвэр зүйл байна.  Энэ нь хүн болгон аз жаргалын хойноос хөөцөлдөх эрхтэй гэжээ.  Ийм гурван хийсвэр гэмээр суурь зарчим дээр  АНУ-ын Үндсэн хууль тулгуурлаж, батлагдсан.   Харин өнөөдөр  АНУ ижил тэгш байхын үлгэрлэл, эрх чөлөөтэй байхыг үлгэрлэл.  Дээр нь Америкийн мөрөөдөл буюу хүн болгон аз жаргалын хойноос хөөцөлдөх эрхтэй гэдэг ойлголтыг хэрэгжүүлж байгаагаараа олон улсад үлгэрлэж байна.  Өнөөдөр хүн болгон АНУ руу тэмүүлж байна.  Зөвхөн монголчууд гэлтгүй бусад орныхон ч  АНУ-ын виз авах юм сан.  Виз авч чадахгүй бол хулгайгаар ч гэсэн орчих юм сан  гэсэн хүмүүс байна.  Өнөөдөр АНУ дүрвэгсдийнхээ буюу хууль бусаар АНУ руу орж байгаа хүмүүсийнхээ  асуудлыг яаж шийдэх үү гэдгээ боловсруулж байна.   Одоогийн байдлаар  АНУ-д 12 сая хүн хууль бусаар амьдарч байна.  Сая болсон Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан  Трамп хууль бусаар оршин сууж байгаа хүмүүсээ хүчээр гаргана гэж амлаад энэхүү амлалт нь АНУ-ын иргэдэд таалагдаж, ялалт байгуулахад нь тодорхой хэмжээнд нөлөөлжээ.  Яагаад АНУ руу тэгж яваад байгаа юм бэ.  Яагаад гэхээр тэнд ижил тэгш, эрх чөлөөтэй байхын зарчмыг хэрэгжүүлж байна.  Тэнд хүн өөрөө мөрөөдөөд мөрөөдөлдөө хүрэх зарчмыг хэрэгжүүлж байгаа юм.  

Элон Макс буюу дэлхийн хамгийн алдартай баян хүн 300 тэрбум.ам.долларын хөрөнгөтэй болж чадсан байна.  Тэр хүн өөрөө Өмнөд африкт төрсөн хүн.  Тэгсэн атлаа Өмнөд африктаа байгаагүй.  Яагаад гэхээр тэнд саяны миний хэлдэг ижил тэгш байх, эрх чөлөөтэй, мөрөөдөлтэй байх асуудал эргэлзээтэй.  Тэгэхээр Элон Макс америк руу явсан байна.  Тэнд очоод Үндсэн хуулийнх нь дагуу амьдарч  амжилтад хүрсэн байна.  Тэнд амжилтад хүрэх, шинэ технологийг хөгжүүлэх, мөрөөдлөө биелүүлэх, эд хөрөнгөтэй болох тийм бололцоотой улс юм гэдгийг харуулсан. Одоо түүний мөрөөдөл юу билээ.   Хүн төрөлхтөн энэ дэлхий дээр хэт халалтаас болоод юм уу ямар нэгэн байдлаар амьдарч чадахгүйд хүрвэл Марс гараг дээр очиж амьдаръя гэсэн хүн төрөлхтний мөрөөдлийг биелүүлэхээр ажиллаж байгаа. 

Манай яруу найрагч Д.Нацагдоржийн “Ангараг” гараг руу хандсан шүлэг байдаг шүү дээ.  “Ангараг гараг чам дээр амьдрал бий юу, үгүй юу. Бид энд шударга ёсыг тогтоох гэж амьдарч байна,  Ангараг гарагтай нөхөрлөлийн харьцаа тогтооё” гэсэн агуулгатай.  Тэгвэл Элон Макс  Д.Нацагдорж гуайн шүлэглэсэн шиг тэр зарчмаар Марс гараг руу нүүхээр компаниа байгуулж, пуужин нисгэж, очоод буцаж ирдэг технологийн шинэчлэлийн хийх гэж байна.  Тэгэхээр нэгдүгээрт,  хүн төрөлхтөн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичдэг юм байна.  Хоёрдугаарт, мөрөөдлөө хэрэгжүүлэх институцуудыг байгуулдаг юм байна.

  Тэгэхээр бид анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойгоо эдгээр өдрүүдэд тэмдэглэж байна.  Энэ хуулиар бид Бүгд найрамдах улсаа тунхагласан. Бүгд найрамдах улс гэдгийг та бүхэн минь ойлгож байгаа.  Латинаар өмч, эд юм, үйл хэрэг+ олон нийт гэсэн утга агуулгатай. Энэ агуулгаар бол Монгол Улс бол бидний дундын өмч. АНУ, Англи, ОХУ, БНХАУ ч ялгаагүй, бүгд найрамдах улсын хэлбэртэй байна.  Тэгэхээр улс орон нь ард түмнийхээ дундын өмч юм аа. Монгол Улс та бидний дундын өмч.  Хоёр дахь утгаараа дундын үйл хэрэг.  Дууссан юм биш,  цаашид энэ эх орноо,  Монгол Улсаа хамтдаа хөгжүүлэх үйл хэргийг хамтдаа хийх  юм. Манай ахмад үеийнхэн Бүгд найрамдах гэж их гоё орчуулсан байгаа биз.  Яагаад дундын өмч, дундын үйл хэрэг гэж ярьж байгаа юм гэхээр ХХ зууны эхэнд, АНУ гэхэд 200 гаруй жилийн өмнө Үндсэн хуулиа баталлаа. Францад 1789 онд хувьсгал гарсан.   Хүний эрхийн түгээмэл тунхаглалын Францын хувилбар  хувьсгалын дараа батлагдсан.  Дараа нь дэлхийн хүн төрөлхтөнд хэрэгтэй тунхаглал болж таарч бид тэндээс нь санаа авч Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсан.  Тэгэхээр хүний эрхийн түгээмэл тунхаглалыг яагаад батлав.  Үндсэн хуульд бүх нийтийн үйл хэрэг гэдгийг яаж хэрэгжүүлэх юм бэ гэхээр хүн төрөлхтөн анхнаасаа төр засгийн тогтолцоогоо яаж сайхан амьдрах вэ гэдэг дээр л тулгуурлан хийсэн байдаг.  АНУ-ын Үндсэн хууль ч хэлж байна.  Далай багш ч хэлсэн байдаг шүү дээ.  Хүн аз жаргалтай байхын төлөө л явж байгаа гэж.  Гэхдээ аз жаргалыг хүн бүр өөр өөрөөр ойлгох байх.   Өнөөдөр олонх нь аз жаргалыг мөнгөтэй байх гэж ойлгоод байдаг.   Гэтэл үгүй юм.  Сайхан гэр бүлтэй байх, амжилттай суралцах, үр хүүхдээ харах байж болох юм.  Энэ мэтчилэн хүн бүр аз жаргалыг өөр өөрийнхөөрөө ойлгож түүний төлөө тэмүүлдэг.  Ийм төрийн тогтолцоог, улсын тогтолцоог хүн төрөлхтөн бий болгох гэж олон жил эрж хайсан байгаа юм.  Тэгээд сайн хаантай болж үзсэн.  Сайн хааныг толгой дээрээ залсан биш юм байна гэдгийг ойлгосон.  Францын 14 дүгээр Людовик  гэдэг хаан үүнийг илэрхийлсэн.  Төр засаг бол би гээд өөрийгөө зарласан.  Ингээд афсолют эрх мэдлийг өөртөө төвлөрүүлсэн.  Тэр нь юу дуртайгаа хийнэ.  Хуулийг өөрөө тогтоож, өөрөө хэрэгжүүлнэ.  Өөрөө шүүгч хийдэг.  Тэгэхээр энэ гурван эрх мэдэл нь  гурвуулаа тэр хүний гарт ороод ирэхээр тэр хүн дураараа загнаж дургүй хүргэсэн хүнээ барьж аваад цаазалчихдаг байжээ. Дуртай өмчөө булаагаад авчихдаг.  Өөртөө зориулсан хууль гаргаж, өөрөө хэрэгжүүлдэг.  Тэгэхээр Хаант засаглал биш байгаа биз.  Ингэж хүн төрөлхтөн хаант засгаас салсан.  Ингээд сайн удирдагч, сайн улс  төрийн намтай болъё гэж үзсэн.  Гэтэл Гитлер гараад ирсэн. Сайн удирдагч, сайн намтай байя гэхээр тэр нь нам нь бүх намуудаа дарлаж, устгаад, өрсөлдөгчдөө шоронд хийгээд эхэлсэн.  Бусдын эсрэг түрэмгийлэл явуулж, хүмүүсээ арьсны өнгөөр нь ялгаварлан гадуурхаж байсан.  Тухайлбал,  Еврейчүүд бол хүн биш чөтгөрүүд тийм учраас устгах ёстой.  Тэгж байж бүх асуудал шийдэгдэнэ гэж үзсэн.  Тэгээд монхор хамартай, дэлдэн чихтэй, бөхтөр, толгой жижигхэн, намхан ийм байдаг юм гэж шоглож зураад 6.5 сая еврейчүүдийг Гитлер устгасан байна.  Яагаад гэвэл еврей учраас л гэж тайлбарсан.  Түүнээс хойш ямар нэгэн бүлэг үндэстнийг шашин шүтлэгээр нь үүсэл гарлаар нь үзэл санаагаар нь хоморголон устгаж болохгүй гэдгийг  Хүний эрхийн түгээмэл тунхаглалд зааж өгсөн байгаа юм.  ЗХУ мөн Сталин гэдэг дарга гарч ирсэн.  Коммунист нам нь мөн дураараа аашилж, өрсөлдөгчөө шоронд хийдэг устгадаг, ард түмнээ хэлмэгдүүлдэг юм болсон байна.  Тэгвэл нэг нам дангаараа ноёрхож болдоггүй, нэг дарга гэж сайн хүн байдаггүй юм байна гэж үзээд институциудыг хөгжүүлэх ёстой гэж үзсэн.  

Ингэхдээ аливаа эрх мэдлүүдийн эх сурвалж нь юу юм бэ гэдгийг тодорхойлсон.  Өмнө нь бол бурхан сонгосон учраас хаанд эрх мэдэл байна.  Тэр эрх мэдлийг хаан  өөрөө хэрэгжүүлнэ.  Дараа нь сайн удирдагчид, сайн намд эрх мэдэл байна.   Гэтэл болоогүй.  Ингээд хүн төрөлхтөн эрх мэдлээ эзэнтэй болгох гэж алдаж онож явсаар асар их үнэ цэн төлж явсаар энэ эрх мэдэл зөвхөн ард түмэнд байна гэдгийг хүлээн зөвшөөрч тодорхойлсон.  Үүн дээр дундын өмч буюу дундын үйл хэрэг гэдэг зүйл гарч ирсэн.  Хүнийг шийтгэдэг, мөнгө хөрөнгө захиран зарцуулдаг,  хууль гаргадаг баталдаг гээд бүх эрх мэдэл бол зөвхөн ард түмнээс эрх сурвалжтай юм гэдэг нь батлагдсан. Үүнээс эхлээд Ардчилсан төрийн тогтолцоо үүсэн бий болж, ард түмэн та бид, гурван сая гаруй ард түмэн бид энэхүү эрх мэдлийн цорын ганц эх сурвалж юм байна.  Өөр хэн ч энэ эрх мэдлийн сурвалж болж болохгүй.  Энэ эрх мэдлийг шилжүүлдэг юм уу яадаг юм гэж асууж болох юм.  Үгүй ээ.  Энэ эрх мэдлийг өөртөө байнга хадгалдаг.  Түр хугацаанд энэ эрх мэдлийг хэрэгжүүл гэж парламентыг сонгодог.   Эсвэл Ерөнхийлөгчийг сонгодог байх нь.  Тэрхүү сонгогдсон албан тушаалтан нь хэрэв ард түмний хүсэл зоригийг биелүүлж чадахгүй байгаа бол ард түмэн өөртөө эрх мэдлийн эх сурвалжаа хадгалж байгаа учраас хугацаанаас нь өмнө огцруулдаг юм байна.  Парламентыг тарааж дахин сонгууль явуулдаг юм байна.  Ард түмэн эрх мэдлээ яаж хэрэгжүүлэх вэ гэхээр шууд санал хураалт явуулж хэрэгжүүлнэ.  Тухайлбал, 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр монголчууд Монгол Улс тусгаар тогтносон улс мөн үү биш үү гэсэн санал асуулга явуулахад 99 хувь нь мөн гэж хариулсан байна.  Ингэж ард түмэн төр засгийн бүрэн эрхийн эх сурвалж гэдгээ энэ эрхийг өөртөө байнга хадгалж байна гэдгээ баталсан байна. 

1945 оны аравдугаар сарын 20-н бол Монгол Улсын тусгаар тогтнолыг хамгийн их баталгаатай баталгаажуулсан үйл явдал болсон юм.  Та бүхэн энэ өдрийг мартах учиргүй юм шүү.   Тэр өдөр бичиг үсэг мэддэггүй хүмүүс эрхий хуруугаараа хурууны хээгээ дарж тусгаар тогтнолоо баталгаажуулсан юм шүү.  

Мөн  ард түмэн эрх мэдлээ хэрэгжүүлэхдээ төлөөний хүмүүсээ сонгодог. Баянзүрх, Сонгинохайрхан гээд хуваагдаж сонгоод чи миний дарга биш шүү.  Миний төлөөлөгч шүү гэх байдлаар сонгож эрх мэдлээ хэрэгжүүлж болно.  Эрх мэдэл нь чамд биш бидэнд байгаа.  Биднийг төлөөлж тэнд очоод шударга ажилла гэж болно.  Тэр нь тодорхой хугацаатай, ажлаа муу хийж байвал хугацаанаас нь өмнө татдаг байх хэрэгтэй.  АНУ-д гэхэд худлаа хэлж сонгогдсон парламентын гишүүн хугацаанаасаа өмнө огцорч байсан шүү дээ.  Яагаад гэвэл тэр хүн худлаа хэлсэн учраас болдог юм байна.  Төрийн бүрэн эрхийн гол эх сурвалж нь ард түмэн.  Энэ зарчим үйлчилж байна гэдгийг баталгаа.   Тэгэхээр аливаа ардчилсан орны Үндсэн хууль бол яг л энэ зарчим  дээр суурилсан байх ёстой.  Төр засгийн бүрэн эрх, эрх мэдлийг эрд түмэн л шийдэх ёстой.  Өөр хэн ч шийдэхгүй.   Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ч ард түмнийхээс том эрх мэдэл гэж байхгүй.  Үндсэн хуулийн эх сурвалж нь ард түмэн, энэ эрх мэдлийг өөртөө хадгалагч нь ард түмэн” юм. 

Эх сурвалж:www.zms.mn