Норовын ПҮРЭВДАГВА 

 

/Зохиолч, орчуулагч/

 

Түрүү нь Зүүн Сөнөдөөр зорчсон тэмдэглэл-1, Зүүн сөнөдөөр зорчсон тэмдэглэл-2

Сонирхоод байвал их л зүйл бий бололтой. Үргэлжилсэн сонин содон тогтоцтой хад бүхий талд, үйрч бутран элс болж байгаа чулуу, харваас тунарч хуримтлагдсан шохойн хурдасыг харан гүн бодолд дарагдан хэсэг суулаа. Үд хэдийнэ хэлбийчихсэн байх тул Хонгор сумын малчин Хас-Очирын Нарсугийнд очиж өдрийн зоог барина гээд хөдөлсөн.

Түгчиж нэлээн явсанаа цэлийсэн талд гарч ирээд мөн л нэг хашааны хаалга нээж хаагаад жаахан явтал нэг байшин харагдсан. Содбилэг маань:

-За тэр бидний очих айл гэх хооронд гадаа нь хэдийнэ хүрч очсон.

Гэрээс эзэд нь бололтой дөч гаруй насны хоёр гарч ирэн урьсанаар бид мэнд амараа мэдэлцээд орсон. Цэвэр цэмцгэр, манайхаар бол өнөө хаустай айл ажээ. Орчин үеийн залуу гэр бүлд байдаг телевиз, хөргөгч, хөгжмөөс эхлээд бүх юм харагдсан. Хананд нь морин хуур ч өлгөөтэй. Байшингийн урд тал нь тууш шиллэсэн уужим сэхээвчтэй, нэлээн алсад харагдах худаг бололтой жижиг байшин харагдаж байсан. Ортол цай хоол зассан явган ширээнд суухыг уриад гэрийн эзэгтэй данхтай цай барьсаар орж ирсэн.

Гэрийн эзэн залуу Нарсу:-За цай, идээ амсагтун. Одоохон хоол орж ирнэ гэлээ.

Эрдэнэтогтох түгдийн нүдээрээ инээснээ:-Одоо энд хэдүүлээ жинхэнэ монгол ёсоор, сөнөд хонины мах иднэ гэж байна. Удалгүй хөдөөх маягаар түмпэнд гэдэс, мах болон аягалсан шөл оруулж ирсэн. Идээний дээж сархад ч задарсан.

Ингээд бид амталж чанасан гэдэс дотор, цус махнаас хаа нэг үг хэлэн хэсэг дуугаа хураасан. Сөнөд хонины мах, өөх алагласан байдаг гэдгийг анзаарах сөгөө байгаагүй. Үнэндээ мэдэхгүй байсан. Найрагчид маань нанчидаа дагуулан шүлэгээ уншиж эхэлсэн.

Дараа нь бид гарч Нарсугийн гадаа бөөнөөрөө зурагаа авахуулсан. Хэдэн өдөр хамт явсан Алтансувд, Дурлал (М.Мөнхцэцэг) гэх хоёр бүсгүй бидэнд дурсгалын зүйл гардуулсанаа:-Одоо бид гэр рүүгээ явах боллоо. Танай наахна суудаг юм ш дээ гээд инээд алдсанаа Алтансувд “Эрх чөлөөнд минь шингэ”, "Дурлал" “Өлөгчин” гэсэн шүлэг уншсан. Уншиж байгаа нь ёстой л өнөө талын салхинаас өөр юм хондлой дээрээ гаргаагүй хулан тахь шигээ омголон байсан. Тэгээд дахин уулзахын ерөөл тавиад машиндаа орон толгой гэдгэр, цээж тэнэгэр дээгүүр харсаар одсон.

Маргааш нь бид хошууны өмнө зүг рүү элсэн манхан дундуур эгээ л Завханы Хүнгийн гол шиг “элсний нүүдэлд шингэчмээр” хэрнээ урсах тунгалаг гол өгсөн Тодбилэг, Батцэнгэл, Билэгбаатар нартай уулзсан.

 

Тамчийн тал

 

Орой нь ирээд караокед орж, жаахан пиво ууж сууцгаасан. Өглөө нь явах болохоор архи дарс болж хүндрээгүй. Удаан ч суугаагүй. Өрөөндөө ирээд Цогтжаргал бид хоёр ярьж сууснаа үгүй бид чинь энэ хэд хоногт Тамчийн талаасаа гаралгүй, дөрвөн талд нь гарч үзээд л  буцах гэж байгаа улс юм байна гэдгээ ойлгосон. Бас бид хоёр харь оронд ирээд буцах гэж байна гэсэн сэтгэгдэл огт төрөхгүй хангалуун байгаад нэгэн бодлын гайхаж байсан. Манай эрх баригчид “олон улсын байгууллагад соёлын өвийг маань урдуур ороод бүртгүүлж байна гэж сандчин хашгачиж байснаа бүртгүүллээ” гэж хэсэг шуугиж байсан санаанд орж байлаа. Өөр хийсэн юу байдаг юм бол гэж бид хоёр ярьж байлаа. Бас ийн ирсэнээр бие биенээ зөрүү харан элдвээр хэлдэг хандлагыг зөөллөх ардын дипломатын үүрэг гүйцэтгэх учиртай болж байгаа юм байна хэмээн өөрсдийгөө дөвийлгэж ч байлаа.      

Ийм сэтгэгдэлтэй ирээд замын тэмдэглэлээ янзалж сууснаа Тамчийн талын тухай заавал тодруулах ёстой юм байна гэж бодсон. Ё.Эрдэнэтогтох нарын эмхэтгэсэн “Тал нутгийн нүүдэлчин малчдын соёл”-оос эхлээд эргүүлж үзвэл ... Сөнөд Баруун, Зүүн хошуу, Авгын хошууг дамнаж, баруун тийш Эрээнээр дамжин Сайхан тал, арагш Дорноговь, Сүхбаатар, Дорнод аймгийн нутгаар Баянгийн тал, Мэнэнгийн тал болон үргэлжилдэг; далайн төвшнөөс дээш 1020-1080 метрт орших шаварлаг элсэн чулуулаг хөрстэй газар. Төв Азид ховорт тооцогддог энэ хөндий эрт буюу цэрдийн галавын үед их далайн ус цалгилж байгаад татарч, улмаар ширгэхэд далайн олон зүйлийн амьтад мөхөж, амьд зулзага гаргадаг анхны сүүн тэжээлтэн, яслаг загас, нүсэр том хэвлээр явагчид (динозавр) бий болох үед буй болсон тунамал чулуулаг, галт уулын лав хуудас хуудсаар давхарласан гэмээр говь нутаг. Анхнаасаа л хужир давстай газар болохоор хармаг, улаан бударгана, бор бударгана зэрэг ган, хуурайд тэсвэртэй бутлаг ургамал ургадаг газар орон. Зах хязгаар нь үл үзэгдэх энэ талд цагаан зээр, хар сүүлт, хавтгай, хулан, тахийн сүрэг бэлчдэг байсан гэх боловч айл бүрд өмчлөн торлож өгсөн болохоор эрх дураараа цахилах хээрийн тэр амьтад яахан тогтох билээ... Тамчийн тал манай өмнийн говийг эмжин байрладаг, байгал цаг уур, амьтан ургамлын хувьд үргэлжлэл болсон нутаг гэж онцолж байна.

Уулзсан хүмүүс яг л манай говийнхон шиг нутгаа шимтэй өвс ургамалтай газар гэж ярих ажээ. Сөнөдийн хүрэн тэмээ, сөнөд хонь гээд бие даасан үүлдрийн малтай ч гэх ажээ. Бас цорго ширхэгт 505, үүний дотор өвслөг янзын 460 ургамал ургадаг гэж барин тавин тоо ч хэлэх. Сөнөд хониор жаахан тодруулах гэж үзье. Монгол хонины нэг төрөл, ширүүн ноостой, өөхөн сүүлтэй ажээ. Мах, өөх нь алагласан, говийн учраас амттай, гарц ихтэй, тухайлбал, ирэг нь дунджаар 53.7 кг, бүдүүн эм хонь 30.2 кг жинтэй байдаг юм байна. Манайхан Сүхбаатар зүгийн хонины мах гээд зүтгээд байдаг санаанд бууж байгаа биз?

Ердийн хөсгөөр явбал ёстой л өнөө ээрэм гэмээр Тамчийн тал гэх нэрийн учрыг мөшгөх гэтэл янз бүрийн домог болон хөврөх ажээ. Ираны нэрт эрдэмтэн Рашид Ад Дин “Судрын чуулган”, “Жувейний түүх” зэрэгтээ Чингис хаан Их Монгол улс байгуулах үедээ өөлөн, мангуд, хонгирад, жалайр, ихрэс зэрэг таван аймгийн дайчдаас шилэн таммач хэмээн нэрлэн гоо ван Мухулайд захируулан байгуулсан цэрэг гэдэг юм байна. “Монголын нууц товчоо”-нд Өгөөдэй хаан Есөнтөмөрийг томилон гуулинг дайлж, таммач цэргийн найрамдлаар тус нутгийг дарангуйлан суулгав “ гэдэг юм байна. Эцэст нь эзэн суусан таммач цэргийн нутаг маань тамчийн тал гэх болсон бололтой. Ийм тодруулга дайгаад будрын чулууны дэргэд байхад:

Хаанаас ч юм урсан ирж

Хуудас хуудсаар тогтсон хад

Хаанаас ч юм хуйлран ирээд

Хурдасаа тунгаан цөн түрсэн усан

Он цагийн онцлох явдлыг

Олон амьтантай нь тамгалж үлдсэн

Онгон байгалийн баринтаг

Чулуун цэцэрлэг-Будрын чулуу гэсэн хэдэн мөр сэтгэлд бууснаар тэмдэглэлээ өндөрлөе.

 

Зургийг М.БУЯНЖАРГАЛ.

2023.7.19.

 

Эх сурвалж “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 28. БААСАН ГАРАГ. № 148 (7133)