Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА
Хорвоо дээр орших долоон тэрбум гаруй хүн арьс өнгө, үзэл бодол, хүсэл сонирхол, соёл уламжлалаас эхлээд сонсдог хөгжим, уншдаг ном, үздэг киногоороо харилцан адилгүй. Тэр дундаа нас чацуу хүмүүс ч өссөн орчин, хувь хүний хандлага, төрсөн улсаасаа шалтгаалаад тэс өөр. Тиймээс бид Монголын болон дэлхийн нас чацуу алдартнуудын амьдралын хэв маяг, эерэг дадал, биеэ авч явах соёлоос хуваалцах “Чацуутнууд” буланг хүргэдэг билээ. Бид энэ удаад “B” продакшнаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн дуучин Э.Агиймаа болон дэлхийн дуучин Адель нарыг онцолж байна. Тэд хоёулаа 35 настай.
“Lonely night”-ийн эзэн Э.Агиймаа
Энэ цагийн Монголын рок попын ертөнцийн нэгэн шигтгээ болж буй дуучин бол Э.Агиймаа билээ. Тэрбээр анх уран бүтээлийн гараагаа Төрийн соёрхолт, “Камертон” хамтлагийн дуучин Б.Болдын “B” продакшнаас эхлүүлж байсан юм. Түүний бага нас 40 мянгатад өнгөрсөн бөгөөд 14-р сургуулийг төгссөн юм байна. Э.Агиймаа хэдийгээр урлагийн сургуульд сураагүй ч төрмөл авьяас, хүсэл мөрөөдөл нь ийнхүү урлагийн зам руу хөтөлжээ. Тэрбээр чөлөөт цагаараа усан спорт болоод фитнесээр хичээллэдэг охин байжээ. Э.Агиймаа анх таван настай байхдаа кинонд тоглосон гэвэл та итгэх үү. Тухайн үеийн олон улсын тоймч Б.Дашзэвэгийн бүтээлд ундаа зардаг охин болж гардаг гэнэ. Түүний хүүхэд насных нь фэн дуучин бол “Хайрын дууч” хэмээх С.Сэрчмаа юм. Бага байхаасаа л сургуулийнхаа урлагийн үзлэг, шинэ жилийн баярын цэнгүүнд түүний дууг дууж, дуучин болох хүсэл нь ундарсан юм байна. Э.Агиймаа “Hartford” институтэд Олон улсын харилцаа, сэтгүүлч мэргэжлээр нэг жил суралцсан гэдэг. Түүнийг хамгийн ихээр олонд таниулсан уран бүтээл нь “Lonely night” юм. Одоо ч залуус энэ дууг сонсох дуртай байдаг. Дуучин маань “Monday morning” цомог гаргасан нь нэлээдгүй амжилт дагуулсан байдаг. Тус цомогт “Lonely night”, “Надаас чи”, “Ирж байгаа чи минь”, “Хайрлах хүсэл” зэрэг хит дуунууд нь багтсан ажээ. Харин “Надаас чи” дуугаа “Вантед” студийнхэнтэй хамтарч дүрсжүүлсэн нь нэлээд өвөрмөц болж, тухайн үедээ шуугиан тарьж байсан юм. Э.Агиймаагийн дуучин болоод анх авсан цалин нь 130 мянган төгрөг байжээ. Үүнээс гадна дуучин бүсгүй дэлгэцийн бүтээлд ч хүч сориод үзсэн нэгэн. Тодруулбал “Lemon” студийн бүтээл “Луйврын хот” кинонд гол дүр бүтээсэн удаатай. Тэрбээр 2009 онд Улаан-Үдэ хотод болсон “Евро-Ази” хэмээх олон улсын фестивалиас тусгай байрын шагнал хүртэж, чансаатай дуучин гэдгээ баталсан. Мөн 22 настайдаа нүцгэн зургаа авхуулж шуугиан дэгдээж явсан цуутай бүсгүй. Түүний амьдралдаа баримталдаг жанжин шугам нь хүн чанараа алдахгүй байх. Хэсэг хугацаанд хувийн амьдралдаа анхаарч, хөөрхөн хүүгийн ээж болсон тэрбээр саяхнаас уран бүтээлдээ шаргуу оржээ. Бид дуучин Э.Агиймаатай хамгийн сүүлд “Яг түүн шиг” шоуны тайзан дээрээс уулзсан билээ.
Грэммийн шагналт Адель
Нэрт дуучин Адель Лори Блю Адкинс 1988 онд Лондон хотод төрсөн ажээ. Түүний гэр бүл маш ядуу байв. Цагаачид ихэвчлэн бөөгнөрдөг, ядуусын хороололд амьдардаг байсан аж. Адель ээжийнхээ гар дээр өсчээ. Учир нь түүнийг нялх байхад нь аав нь орхиод явсан байна. Гэвч цаг хугацаа өнгөрч, Аделийн нэр хүнд өсч эхлэхэд аав нь охиныхоо тухай сонинд ярилцлага өгч, мөнгө олдог болжээ. Түүний дуулах авьяасыг анх ээж болон эмээ нь нээж, хэрхэн дуулахыг зааж өгсөн гэдэг. Ингээд бяцхан Адель сургуулийн концертод “Rise” дууг дуулсан нь танхим дүүрэн үзэгчдийг алмайруулсан байна. Тэрбээр сайн дуулдагч ч амжилтад хүрнэ гэдэгтээ итгэдэггүй байсан гэнэ. Учир нь түүний дүр төрх нь шоу бизнесийн жишгээс дэндүү хол байв. Учир нь 2008 он хүртэл дуучин мааань 134 кг жинтэй байсан юм. 2006 онд Адель өөрийн дуулсан хэд хэдэн бичлэг хийснийг найзууд нь “MySpace” сайт дээр байршуулсан байна. Энэ нь Британийн дуу бичлэгийн “XL Recordings” компанийн томоохон үйлдвэрлэгчдийн анхаарлыг татаж эхэлжээ. Дуучин бүсгүйн анхны сингл болох "Hometown Glory" нь 2007 онд гарсан. Харин анхны хит дуу нь Их Британийн үндэсний чартуудад хоёрдугаар байр эзэлсэн “Chasing Pavements” дуу байв. Хоёр долоо хоногийн дараа дуучны анхны "19" цомог бэлэн болж, дэлхий даяар алдаршиж, түүнд олон шагнал авчирсан байдаг. Түүний анхны цомог дэлхий даяар долоон сая гаруй хувь борлуулагдсан байна. Аделийн өмнөхөөсөө ч илүү алдартай цомог нь "21" билээ. Энэ нь “Колумбиа Рекордс” компанитай хамтран ажилласны үр дүн байв. Энэхүү цомог дэлхийн дуу хөгжмийн бүхий л алдартай, том шагналыг авсан түүхтэй. Цомогт орсон дуунууд АНУ-ын, Их Британийн чартуудын жагсаалтыг тэргүүлж, оны тэргүүлэгч болж байжээ. Ийнхүү Адель 2012 онд алдарт Грэммийн шагналыг хүртсэн. Адель нийт 100 гаруй шагнал хүртсэн байдаг. Үүнээс хамгийн хүндтэй нь мэдээж Их Британийн эзэнт гүрний одон юм. Түүнчлэн тэрбээр гурван шагналын дээд амжилтаар Гиннесийн номонд бичигдсэн гавьяатай. 2011 онд Адель томоохон хөрөнгө оруулалтын компанийн эзэн Саймон Конекитай танилцжээ. Ингээд 2012 оны намар тэд Анжело Жеймс хэмээх хүүтэй болсон. Аделийг хэвийн бус оддын нэг гэж нэрлэдэг ажээ. Учир нь бусад дуучин, жүжигчигчид бүх төрлийн шоунд хэд хэдэн удаа оролцож байхад тэрбээр зөвхөн өөрийнхөө хүссэн зүйлийг л дуулдаг.
Аделийн зарим шүтэн бишрэгчид нь түүнийг онцгой шивээстэй гэдгийг тэр бүр мэддэггүй гэнэ. Тэгвэл түүний чихний ард “A” үсгийг шивсэн байдаг ажээ. Энэ нь түүний бяцхан хүү Анжелогийн нэрийн эхний үсэг аж. Мөн гартаа “Paradise” гэх шивээстэй бөгөөд үүнийгээ Нью Йоркт хийлгэж байжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 21. БААСАН ГАРАГ. № 143 (7128)