Д.ЦЭРЭННАДМИД

 

Энэ жиийн баяр наадмын бөх тун чиг сонирхолтой болов доо. Чухам юу нь наадамчдын сонирхол татсан бэ гэвэл бөх сонирхогчдын таавар үнэхээр будилсан гэж болно. Ер нь ийм наадам зүгээр байдаг. Наадмын өмнөх заал, танхимын барилдаан огт худлаа байсан шиг санагдсан. Бөх сонирхогчид  энэ жил түрүүлэх бөхийн тоонд даян аварга Н.Батсуурь, аварга О.Хангай, улсын арслан Б.Орхонбаяр, улсын заан Б.Бат-Өлзий, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ нарын хэн нэгийг түрүүлнэ гэж төсөөлж байлаа. Бас улсын арслан Р.Пүрэвдагва, улсын аварга П.Бүрэнтөгс, улсын гарьд М.Бадарч, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын харцага Б.Зоригтбаатар нарыг дээгүүр барилдана гэцгээж байсан юм.

Гэтэл хоёрын даваанаас улсын арслан Р.Пүрэвдагваас эхлээд таамагт "нэр дэвшигчид" унаад өгөв. Тавын даваанд аварга П.Бүрэнтөгс зургаагийн даваанд улсын арслан Б.Орхонбаяр нар аймгийн арслан Г.Ганхуягт цуваад уначихав. Улсын заан Бат-Өлзий аймгийн арслан Э.Ууганбаярт тахимаа өгөв.

Тэгээд түрүүлэх найдвар даян аварга Н.Батсуурь, аварга О.Хангай нар дээр төвлөрсөн. Тэгтэл тэр хоёр аварга наймын даваанд учраагаа дийлсэнгүй. Ингээд улсын гарьд М.Бадарч, улсын харцага Ц.Бямба-Отгон нар үзүүр, түрүүнд үлддэг байгаа. Тэр хоёрын барилдаан тун ч удсангүй. Гарьд маань харцагыг тахимдаад гэдрэг харуулчихав. Үндэсний бөхийн алтан цомын эзэн Архангайхан одтой наадаж, Цэнхэр сумын харьяат "Алдар" спорт хороо, Бөхбилэгт дэвжээ, "Буян" компанийн бөх М.Бадарч улсын наадмын анхны түрүүгээ авч арслан цол хүртлээ. М.Бадарч гарьд үнэхээр одтой байлаа. Тэрбээр ёстой гарлаа, давлаа гэхээр барилдсан. О.Хангай аваргатай 31 минут барилдсаныг эс тооцвол бусад даваанд учраагаа ердөө 1-3 минутад орхиж байсан юм.

Цагийн тооцоог үзвэл тэр жаран минут арай хүрэхгүй хугацаанд ес давсан байлаа. Үзүүр бөх нь Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, өнгөрсөн жилийн улсын харцага Ц.Бямба-Отгон байв. Тэр заан цолыг алгасч гарьд цолтон боллоо. Тэднээс гадна шинэ цолтон өмнөх жилүүдээс цөөн төрсөн гэж болох.

Архангай аймгийн арслан С.Сүхбат, Ховд аймгийн арслан Г.Ганхуяг нар улсын харцага, Увс аймгийн арслан Д.Тогтохжаргал, Архангай аймгийн арслан П.Отгонбаатар, Төв аймгийн арслан Э.Ууганбаяр нар улсын начин болсон. Бусад бөхчүүдийн тухай нурших нь илүүц биз. Харин таавар будилуулагчдын тухай хэлэх ёстой байх.

Юуны түрүүнд наадамчдын хэлдгээр "жижигхэн дайсан" гэгдсэн Ховд аймгийн арслан Г.Ганхуяг дөрвийн даваанд улсын аварга П.Бүрэнтөгсийг, тавын даваанд улсын гарьд Ө.Бат-Оршихыг, зургаагийн даваанд улсын арслан Б.Орхонбаярыг дараалуулан хаяж цэнгэлдэх дүүрсэн шуугиан тарив.

Бас аймгийн арслан С.Сүхбат, улсын заан М.Лхагвагэрэлийг, аймгийн арслан Э.Ууганбаяр улсын заан Б.Бат-Өлзийг орхисон юм. Архангайхны нэг гол найдвар О.Мөнх-Эрдэнийг улсын харцага Г.Бадрах тахим өгүүлсэн. Энэ бүхэн баяр наадмын гол "сюрприз" нь байв. Бөхийн хувьд дараа жилийн наадам хүртэл ярих юмтай болсон шүү.

Хэн нэгэн бөхийн найраа байсан уу гэж асууж мэднэ. Тэгвэл гурвын даваанаас эхлээд хэн нэгний давааг ахиулах дүр зураг зөндөө л харагдсан. Тавын буюу начны даваанд яльгүй задлан хийж үзэхэд аварга С.Мөнхбат нутгийнхаа дүү Д.Тогтохжаргалд тахимаа өгч харагдсан. За яахав. Энийг байдаг л юм гэе. Цаана нь энэ даваанд сөхөрсөн улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Д.Анар нар амаа андуурч аваагүй л болов уу. Найраагүй наадам гэж байдаггүй л бололтойдог. Харин улсын заан Б.Бат-Өлзийд амлуулсан аймгийн арслан Э.Ууганбаяр үнэнхүү хүч үзэж байж даваагаа авсанд баяр хүргэх ёстой. За тэгээд сайны хажуугаар саар гэгчээр наадам халтартуулж үзэгчдийг бухимдуулсан явдал бас гарлаа. Энэ тухай заавал хэлэх ёстой байх. Энэ нь наадмын өмнө Засгийн газраас батлан гаргасан Үндэсний бөхийн дүрмийн шинэчлэл.

Дүрэм бүхэлдээ биш л дээ. Хаялцаагүй удсан хоёр бөхөд гурван үе шаттай 60 минутын хугацаа өгч тэр хугацаанд хаялцаагүй нөхцөлд нэгд нь идэвхээр гээд нөгөөг нь унасан тооцдог. Хэдэн мянган жилийн уламжлалыг эвдсэн тэр дүрэм үндсээрээ буруу байна гэдэг нь харагдлаа.

Үндэсний бөхийн цагт хавчигддаггүй эртний уламжлалтайн учир энэ буруудлыг Засгийн баталсан дүрэм гэж хаацайлах ч буруу биз. Засаглана гэдэг хүний хүчин зүйлээс хамааралтай учир алдаж болно. Харин алдаагаа засаж ч болно. Хаялцаагүй хоёр бөхийн аль нэгийг нь унасанд тооцох хасах нь зайлшгүй хэрэгтэй гэж үзэх юм бол хоёуланг нь хасч яагаад болдоггүй юм бэ.

Дүрэмгүй байх үед тээр жил хоёр Мөнхийг удаан барилдсан гээд хасч байсан түүх бий. Тэгвэл бас хэдхэн жилийн өмнө хоёр Эрдэнэ дөрвөн цаг гаруй барилдаад хаялцахгүй удахад наадамчид огт дургүйцээгүй үзээд л байсан. Үндэсний бөхийн дүрэм болохгүй байгаа учир үзэгч олныг талцуулж баяр наадмын нэр сүрийг бүдгэрүүлж байна шүү дээ.

Улсын арслан Ц.Содномдорж, улсын начин Б.Даваа-Очир нарын бөхчүүд унаагүй байж унасанд тооцогдон алдаатай дүрмийн золиос болов. Дунд шөвөгт үлдээд байсан Ц.Содномдорж арслангийн хувьд хэрэв даян аваргыг давсан бол цаашлаад ямар ч амжилтад хүрч мэдэхээр өнгөтэй байсан. Өөрөө ч энэ жил нэг үзээд алдъя гэж наадамд ирснээ хэлсэн байна лээ. Дүрмийн алдааг түргэн засаасай билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 17. ДАВАА ГАРАГ. № 139 (7124)