Б.Нямсүрэн
Хүннү гүрний 2232, Их Монгол улсын 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр цэнгэл наадмын нээлтийн ажиллагаа амжилттай боллоо. Энэ үеэр үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагч Б.Анар сэтгэгдлээ хуваалцсан юм.
Тэрбээр “Наадам гэдэг Монгол ард түмний энергийн төвлөрөл юм. Нэг цаг мөчид Монголын ард түмэн наадамчин болж бүгд эвлэлдэн нэгддэг. Энэ агуулгыг гаргахыг хичээсэн. Наадмын талбайд есөн өрлөг орж ирснээр эв нэгдлийг илэрхийлдэг, дуучдын уран бүтээл бүр эв нэгдлийг илэрхийлсэн. Бүх насны уран бүтээлчид хамрагдсан. Бидний өв соёл дэлхийд гарах хөшүүрэг болох юм гэдгийг харуулахыг зорилоо. Олон сар хамтдаа ажилласан наадмын зохион байгуулагч хамт олондоо баярлалаа. Зохион байгуулагчид бүгд “Ард түмэнд минь таалагдсан болов уу” гэж бодож суугаа байх. Анх удаа наадмын талбайд 120 морь орж ирлээ. Үндэсний их баяр наадмын бэлтгэл тавдугаар сараас эхэлсэн.” гэлээ.