Б.Нямсүрэн

Сурын талбайд 15-17 насны харваа эхэлж  байв. Харваачдын дунд цайвар цэнхэр өнгийн дээлтэй хүү эвэр нумаа хичээнгүйлэн татах нь бусдаас онцгой харагдана. Түүнийг С.Баттулга гэдэг. Өнгөрсөн жилийн улсын баяр наадмын  сурын харваанд 12-14 насны төрөлд тэргүүн байрт шалгарч байжээ. Түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэж байна.

-Сайхан наадаж байна уу. Улсын баяр наадамд аль аймгаас оролцож байна вэ?

-Сайхан наадаж байна. Та сайхан наадаж байна уу. Би Баянхонгор аймгаас хоёр дахь жилдээ үндэсний их баяр наадмын сурын харваанд оролцож байна. Манай аймгийн өсвөрийн тамирчдыг бэлтгэдэг хоёр багш бий. Энэ жил үеийн харваач их нэмэгджээ. Тиймээс өрсөлдөөнтэй тэмцээн болж байна. Үндэсний их баяр наадмын харваа ганцаарчилсан төрлөөр явагддаг.

-Улсын наадам харваачаас их  хариуцлага шаарддаг байх?

-Улсын наадам жилд нэг удаа болдог учраас их хариуцлагатай. Талбайд гараад харвахдаа анхаарлаа сайн төвлөрүүлэх нь чухал. Мөн өөрөөс шалтгаалах зүйлээ тултал гаргадаг. Тухайлбал, мэдрүүлж тулгах, хараагаа тааруулах гээд.

-Сур харваагаар хичээллээд удаагүй байхдаа том амжилт гаргасан гэж сонссон?  

-Өнгөрсөн жил өөрийн хүсэл сонирхлоороо сур харваагаар хичээллэсэн. Баянхонгор аймгийн Спортын хорооны сур харвааны багш Б.Мөнх-Эрдэнэ гэж бий. Багшийнхаа хичээллүүлдэг дугуйланд элссэн. Гэр бүлийнхэн маань өөрийгөө хөгжүүлэхэд их дэмжиж тусалдаг. Тиймдээ ч Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, үндэсний их баяр наадмын сурын харваанд 12-14 насны ангилалд амжилттай оролцсон. Би 28 сумаас 24 онож түрүүлсэн. Мөн манай аймгийн хоёр хүүхэд нэг нь хоёрдугаар байр, нөгөө нь дөрөвт орсон. Тухайн үед их баярласан. Мөн аав ээж, багш нарынхаа ачийг багахан ч гэсэн хариуллаа гэж боддог. Тэд ч надаар бахархаж, баяр хүргэж, магтах нь сайхан санагдсан. Хэзээ ч мартахгүй дурсамж болж үлдсэн. Мөн аймгийнхаа наадмын хүүхдийн төрөлд гуравдугаар байр эзэлсэн.

-Түрүүлнэ гэдэгтээ хэр итгэлтэй байсан бэ?

-Амжилт гаргахад бэлтгэл сургуулилтаас гадна сэтгэл зүй их чухал. Би түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байсан. Нэг найзтайгаа хоёулаа түрүүг авна гэсэн зорилго тавиад түүндээ хүрсэн дээ.  Спорт хүнийг төлөвшүүлдэг гэдэг нь үнэн юм билээ. Сур харваагаар хичээллээд өөрийгөө ялсан. Мөн тэвчээрт суралцсандаа талархдаг. Аливаад хандах хандлага өөрчлөгдсөн шүү. Бэрхшээл тохиолдсон ч даваад гардаг дайчин зан сурсан. Мөн багш, найзуудаасаа үлгэр дууриал авдаг. Миний найзууд их зөв хүмүүжилтэй, суралцах зүйл ихтэй. Мөн нэгэндээ алдааг нь хэлдэг.

-Энэ жилийн бэлтгэл хэр байна. Улсын наадмаас гадна өөр тэмцээнд орох уу?

-Ямар ч спортын тамирчин байнгын бэлтгэл сургуулилттай байдаг. Энэ жил бугуйндаа гэмтэл аваад саяхан эдгэсэн. Гэхдээ л бэлтгэлээ таслахгүйг хичээлээ. Баяр наадамдаа зориулж дөрөвдүгээр сараас бэлтгэлээ эрчимжүүлсэн. Миний оролцож байгаа тэмцээн өнөөдөр дуусна. Тиймээс маргааш Баянхонгор аймгийнхаа баяр наадамд оролцох бодолтой байна. Миний ард үргэлж түшдэг гэр бүл, багш нар, ах дүүс, найз нутгийн зон олондоо  баяр наадмын мэнд хүргэе, сайхан наадаарай.

-Цаашдын зорилго, мөрөөдлөөсөө хуваалцаач?

-Хүн зорилготой байх хэрэгтэй гэж боддог. Сурын харваагаар тууштай хичээллэж улсын Дархан мэргэн болно. Мөн хичээлдээ шамдаж IT инженер болох мөрөөдөлтэй.  

Эх сурвалж www.zms.mn