Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА
УДБЭТ-ын уран бүтээлчид 60 дахь улирлын хаалтын тоглолтоо А.Аданы дэлхийн сонгодог бүтээл болох “Жизель” балетаар хаасан юм. Энэхүү тоглолтын гол онцлог нь тайзнаа шинэ Жизель “төрсөн” явдал байв. Тодруулбал энэ удаад тайзнаа УДБЭТ-ын шинэхэн гоцлооч Г.Нямцэрэн энэ дүрээр өөрийгөө тунхагласан юм.
Гэнэн цайлган Жизель
Тариачин бүсгүй Жизель Альберт хэмээх залууд дурлажээ. Тэд хамтдаа бүжиглэнэ. Гэхдээ энэ жаргал нь үүрдийнх бус зуурдынх байсныг хэн ч мэдэхгүй. Гэтэл Жизельд сэтгэлтэй болсон ойн захирагч Ганс Альбертийн гэрт нууцаар орж, түүнийг язгууртан угсааны хүн болохыг мэднэ. Ганс Жизелийг хууртаж байгааг нотлохын тулд Альбертын гэрээс сэлмийг нь хулгайлна. Энэ үед дурлалт хосууд бүжин наадаж, нэг нэгнээсээ хагацаж үл чадна. Тэд ийм гэгээнээр эхэлдэг. Гэвч гэнэн цайлган охины хайр сэтгэл, хүсэл мөрөөдөл нь түүнийг өөр ертөнц рүү авч оддог билээ. Мөнхийн хайрыг өгүүлсэн энэхүү бүжгэн жүжиг дэлхийн өнцөг булан бүрт өөр өөрийн онцлогоор тавигдаж, өнөө бидний үед иржээ. Энэхүү бүтээл нь эмэгтэй бүжигчнээс ур чадвараас гадна гүн гүнзгий дотоод мэдрэмж шаарддаг. Тиймээс ч гоцлооч бүхэн Жизельд бүжиглэхийг мөрөөддөг гэлтэй. Балетчин Г.Нямцэрэнгийн хувьд ч энэ мөрөөдлөө УДБЭТ-ын тайзнаа биелүүлсэн юм.
“Дон Кихот” балетын Китри
Шинэхэн гоцлооч Г.Нямцэрэнгийн хувьд зургаан настайгаасаа балетаар хичээллэж эхэлжээ. Ийнхүү долоон настайдаа мэргэжлийн сургуульд нь элсч, 2010 онд ОХУ-ын Пермь хотын балетын сургуульд Нина Петровна Костарева багшийн удирдлага дор суралцаж, 2018 онд сургуулиа төгссөн аж. Ингээд эх орныхоо театрт хөл тавьжээ. Тэрбээр Х.Гэрэлчимэг багшийн шавь байхдаа анх “Шелкунчик” балетад тоглосноор анхны тайзан дээрээ гарсан гэдэг. Үүнээс гадна 2019 онд ОХУ-ын Буриадын Улаан-Үдэ хотод болсон олонэ улсын балетын наадмаас хүрэл медаль хүртэж, чадварлаг бүжигчин болохоо харуулсан удаатай.
Г.Нямцэрэн одоогоор театрт П.И.Чайковский “Хунт нуур” балетын Вальс, Жижиг хун, “Цөмөөхөй “балетын Кукил, Л.Минкусийн “Дон Кихот” балетын Китри зэрэг олон бүжгийн гол болон туслах дүрийг бүтээгээд байгаа юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 10. ДАВАА ГАРАГ. № 138 (7123)