Д.ЦЭРЭННАДМИД

 

Ядамдоржийн Бадамсүрэн гэдэг нөхрийг олон хүн танина л даа. Даангүй зохиолч, яруу найрагчдын хүрээнийхэн, сэтгүүлчид андахгүй ээ.

Тэр ер нь хэн юм бэ гэвэл монгол орон зах зээлд хөл тавьж байсан ороо бусгаадуу цаг үед  хайрын гэх тодотголтой чөлөөт хэвлэл “Хонгор зул” сониныг анх гаргасан. Тэгснээр Хонгорзулын Бадамсүрэн гэгдэн танигдах болсон юм.

Цаашлаад Алаг хорвоо, Янаг хорвоо гэсэн нэртэй сонинууд төрүүлж байсан төдийгүй нэгэн үе Монголын уран зохиолын түүчээ “Утга зохиол, урлаг” сонины ерөнхий эрхлэгч байсан удаа ч бий.

Мөн 1994 оноос хайрын дууны болон яруу найргийн наадмыг анх санаачилсан. “Хонгор зул” номын сан цувралаар 21 найрагчийн шүлгийн түүврийг эрхлэн гаргасан хүн.

Ингэснээр хайр гэдэг бол сүүдэртэй бүхнийг ариусгаж хүн болоод амьтны зүрх сэтгэлийг гэрэлтүүлж байдгийг магтан дуулсан байдаг.

Тэгвэл өнөөдөр энэ хүн “Оддын сормуус” нэртэй яруу найргийн бэсрэгхэн  номоороо уншигчидтайгаа мэндэллээ.

Я.Бадамсүрэн энэ номдоо “Залуу нас, хайр минь чи мөнх амьдарна” хэмээн тунхаглажээ.

Энэ номыг нь ариутган шүүсэн Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Данзангийн Нямаа хэлэхдээ:

-Оддын сормуус дэрвэсхийх агшин бол энэ найрагчийн хувьд “Нарны эрвээхэй цэцгийн баланд согтохтой ахуй нэгэн жаргалан” гэжээ. Хайр гэдэг сэрж мэдрэхүйн баталгаа юм гэдгийг Я.Бадамсүрэн шүлэг бүхнээрээ хэлж өгсөн нь энэ шинэ номоос нь харагдаж байх шиг.

“Оддын сормуус” ном дотроо таван бүлэгтэй юм. Бүлэг бүр нь “Би, Нар”, “Сар, Од” гэсэн нэртэй. Тэргүүн бүлэг нь гэхэд “Аглагт нүүдэлчний охин шувуудын сонсголон нарны зүүрмэгт сэрнэ, Аяа түүний шүүдэрт гоо сэтгэлийн ариуныг  юутай зүйрлэнэм бэ?” гэж эхлэх бөгөөд энд хайрын уянгын шүлгүүд багтсан бол “Од” бүлэгт “дурлалын балыг амталж дууны хорвоод жаргаах” дууны яруу найраг нь уншигдана.

Д.Нацагдоржийн нэрэмжит болон Монголын зохиолчдын эвлэлийн шагналт Я.Бадамсүрэнгийн хайрын шүлгүүдийг уншихуйд хэн нэгэн зүгээр нэгэн сэтгэлтэй бүсгүйтэйгээ уулзаж халуухан гарыг нь атгаж, тэвэрч үнсээд маргааш уулзахын болзоо тавьсан тухай энүүхэн хамар хашаанаас даваагүй ахархан сэтгэхүйгээс арай тасарсан мөрүүд олон байдаг юм.

Гагцхүү хайр дурлал, сэтгэлээ илчлэх явц удаан байх тусмаа нандин гэдгийг түүний шүлэг, дууны яруу найраг “хэлдэг”

Дуучин М.Бямбажавын дуулдаг “Би өөрийнхөөрөө” гэдэг дууг олон хүн мэдэх, аялах байх л даа.

“Эхлэл төгсгөл минь

Хорвоогийн жамаас хазайхгүй

Эндэж дахин алдахгүй

Өөдөө тэмүүлж амьдраарай” гэж бүхэлд нь хэлбэл хайр шингээж сургаал хайрласан дуу бий. Түүний хайрыг дуулсан шүлгүүдээс зүрх сэтгэлийн торгон мэдрэмж, яруу найргийн омголон дуу цалгиа харагдаад байна.

Үйлийн үргүй ганц сэтгэл нь өвдөх

Ээждээ би хайртай гэдэг

Үнсэхийн ч чөлөө өгөлгүй “Удахгүй ирнэ” гэж яарахад

Үзтэл нулимсаа нууж сэмрэн үлддэг

Ээждээ би хайртай гэдэг гэсэн мөрүүд эх хүний хайрын үнэнийг мэдрүүлэх бол “Усны дусал шиг сэтгэл” шүлэгтээ

Мөр мөрөө түшин эрхэлж

Мөндөөхөө нуураа цэнгүүлэхсэн

Мөнгөн оддын ичингүйрэлд

Уруулын хээ ихэрлүүлэхсэн гэжээ. Үүнийг уншихад одод ичин анивалзах дор дурлалт бүсгүйгээ үнсэх гэдгийг уруулын хээ ихэрлүүлнэ гэж хэлэхээр бүр нандин байгаа биз.

Яруу найргийг далай гэвэл тэнд цутгадаг олон гол горхины нэг нь хайрын шүлэг байх. Тэгвэл тэр хайрын шүлгийн гольдрилыг шулуутгагч нь Я.Бадамсүрэн гэж хэлье.

“Оддын сормуус” яруу найргийн ном бүх талаараа өвөрмөц. Тиймээс олигтой, олиггүй тав, гурван шүлэг тэрлэчихээд “би яруу найрагч” гэж шоволзох дуртай залуус энэ Я.Бадамсүрэнг уншаасай билээ.

Эцэст нь хэлэхэд Я.Бадамсүрэнгийн яруу найраг, бэсрэгхэн өгүүллэгүүд нь түүнийг мундаг бүтээлч хэр авъяаслаг юм бэ? гэдгийг илтгэж байна шүү. Харин галт ус л гай болоод байдаг нь дараа болдог юм даа. Энэ “товарищ”-д. Юутай ч тэр энэ удаа оддын сормуусыг сөхөж тэндээс гэрэлтэх ер бусын гэрэлнээ сэлгүүцэн цоглог явнам.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 7. БААСАН ГАРАГ. № 136, 137 (7121, 7122)