Баатарын НЯМСҮРЭН

Их спортын дэвжээнд амжилтаа тунхаглаж яваа тамирчин цөөнгүй бий. Тиймээс “Зууны мэдээ” сонин “Амжилтын эзэн” буландаа чөлөөт бөхийн ОУХМ, үндэсний шигшээ багийн тамирчин  З.Занабазарыг урилаа.

 

-Та сүүлд оролцсон тэмцээнийхээ талаар хуваалцахгүй юу?

-Өнгөрсөн сард  Киргиз Улсын нийслэл Бишкек хотод болсон Азийн аварга шалгаруулах оноо олгох тэмцээнд  57 кг-д  зодоглоод ирлээ. Тэмцээнээс өмнө сарын хугацаанд АНУ-д хамтарсан бэлтгэлд хамрагдсан. Өөрийн бодож байсан барилдаанаа гаргаж чадаагүй ч алдаанаасаа суралцсан шүү.

-Өнгөрсөн онд ДАШТ-ий хүрэл медалийг эх орондоо авч ирсэн. Тухайн үед таны 57 кг-ийн жинд олон тамирчин өрсөлдсөн юм билээ?

-Гаргасан амжилт бүр минь үнэ цэнтэй санагддаг. Дэлхийн аваргын хүрэл медаль сайхан. Тус тэмцээн Серби улсын нийслэл Белград хотод болсон ба 50 гаруй орны шилдэг тамирчид оролцсон юм. Манай жинд 33 тамирчин өрсөлдсөн. Хүрэл медалийн төлөө Хятадын туршлагатай тамирчинтай учраа таарч ялсан.

-Тухайн үед сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэж дэвжээ рүү гарсан бэ?

-Анх удаа ДАШТ-д орж байгаа болохоор сэтгэл зүйгээ сайн бэлдсэн. Харин хүрэл медалийн төлөө барилдахын өмнө бага зэргийн сандралтай  байлаа. Дэвжээнд гарахын өмнө шигшээ багийн дасгалжуулагч багш Б.Баттулга, Б.Батзориг багш нар “Монголчууд Хятад тамирчдад хожигддоггүй юм” гэж хэлсэн. Үүнийг сонсоод сэтгэл зүй өөрчлөгдсөн.

-Бөхөөр хичээллээд олон төлөвшлийг олж авсан байх. Шигшээ багт хэзээнээс харьяалагдсан бэ?

- Бөхөөр хичээллээд тэвчээр хатуужилд суралцсан. Мөн цаг баримталж сурсан даа. Олон нийтийн газар биеэ зөв авч явдаг, бусадтай харьцаж сурдаг юм билээ. Тамирчин хүн амжилт гаргахын тулд хорт зуршлаас хол байх хэрэгтэй. Мөн сэтгэл зүй чухал байдаг.  Би 2014 оны өвлөөс шигшээ багтаа харьяалагдсан. Харин  2016-2018 он хүртэл завсарлаад эргэж орсон. Тиймээс шигшээ багтаа ороод багагүй цаг хугацааг үдсэн байна. Бүхий л тамирчнаас үлгэр дууриалал авч суралцсан. Мөн Э.Ням-Очир ахаасаа заавар зөвлөгөө авч суралцдаг.

-Тамирчдын хувьд анхны тэмцээн нь үнэ цэнтэй байдаг. Та анхны оролцсон тэмцээнийхээ талаар дурсаач?

-Анх Монгени цогцолборын нэрэмжит өсвөрийн тэмцээнээс  2009 онд хүрэл медаль хүртсэн. Үүнээсээ их урам авч билээ. Би 2007 оноос чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхэлсэн. Тэмүүжин спорт сургалтын төвд Ц.Гантөгс, И.Моломжамц багш нарынхаа удирдлага дор бэлтгэл хийсэн. Аав болон авга ах нар маань барилддаг. Авга ах маань аймгийн заан Д.Ганбат гэж хүн бий. Мөн ээжийн аав  сайхан биетэй, барилддаг хүн байсан юм билээ.  Энэ сайхан хүмүүсийн үргэлжлэл болж барилдаж яваадаа талархдаг. Тиймээс дүү бид хоёрыг барилдуулна гээд Өмнөговь аймгаас хот руу шилжиж орж байлаа. Энэ үеэс л бөхийн спортод эргэлт буцалтгүй орсон.

-Удахгүй олимп болно. Тамирчин хүний мөрөөдөл цэнгэлийн манлайд хүрэх байх?

-Би багагүй хугацааг чөлөөт бөхөд зориуллаа. Тиймээс тамирчин хүний гол зорилго олимп дэлхийн аваргат өндөр амжилт гаргах. Миний хувьд одоогоор энэ жилийн ДАШТ-д оролцохоор бэлтгэлдээ шамдаж байна. Энэ тэмцээнд амжилт гаргаж олимпын эрхээ авах нь чухал. Ойрын зорилго гэвэл Олимпын оноо олгох тэмцээн Унгар улсад  энэ сарын 9-нд болно. Тус тэмцээнд амжилттай оролцоод эрэмбээ ахиулахыг хичээж байна. Тухайн тэмцээнд тамирчид өөрсдөө зардалаа гаргаж явдаг. Манай улсаас 10 тамирчин явна.  Жин бүрт амжилтаараа тэргүүлж буй эхний дөрвөн тамирчин зоондоо ордог. Тиймээс их хариуцлагатай байх хэрэгтэй. Би  жиндээ дэлхийд гуравт эрэмбэлэгдэж байна.

-Амжилт гаргахын тулд бэлтгэлээс гадна судалгаа чухал байх даа?

-Оролцох тэмцээнүүдийн өрсөлдөх тамирчдын барилдааны онцлогийг нь судална. Судлахгүйгээр ямар ч мэдээлэлгүй очвол амжилт гаргахад бэрх. Одоогоор тэмцээн дөхсөн учраас бэлтгэлийн ачааллаа багасгасан. Тиймээс өдөрт хоёроос гурван цагийн бэлтгэл хийж байна. Миний ард үргэлж дэмждэг Хилчин спорт хороо, үндэсний шигшээ баг, "Хан Богд" хайрхан компани, Өмнөговь аймгийн ЗДТГ, гэр бүл ах дүүсийнхээ ачийг хариулахыг төлөө хичээж байна. Мөн дэмжиж туслах компани байгууллага байвал хамтарч ажиллахад бэлэн гэдгээ хэлмээр байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 5. ЛХАГВА ГАРАГ. № 133, 134 (7118, 7119)