Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА
Энэ цагийн Монголын тайз, дэлгэцийн бүтээлд авьяас билгээрээ “цойлж” яваа олон эмэгтэй уран бүтээлч бий. Харин тэдний дундаас энэ удаад жүжигчин Б.Одончимэгийг онцолж байна. Уран бүтээлийн гараагаа УДЭТ-аас эхэлж, 13 жил тайзны жүжигт хүч үзсэн тэрбээр сүүлийн жилүүдэд дэлгэцийн уран бүтээлийг чимэх болсон. Ялангуяа “Фантастик” продакшны кинонуудад тоглож, өөрийн ур чадвар, торгон мэдрэмжээ гайхуулж явна. Тиймээс жүжигчин Б.Одончимэгийн дэлгэцэнд бүтээсэн онцлох таван дүрийг танилцуулъя.
“Аз жаргалын шок”-ийн эхнэр
2014 онд нээлтээ хийсэн Фантастик” продакшны дэлгэцийн хоёр дахь уран бүтээл “Аз жаргалын шок” кинонд жүжигчин Б.Одончимэг анх гол дүр бүтээсэн байдаг. Уран зөгнөлт, фантастик жанрын энэ бүтээл гол дүрийн эхнэр нөхөр хоёрын хүйс солигдож буй хөгжилтэй үйл явдлаар эхэлдэг. Тус кинонд гэр бүлийн үнэ цэн, хос хоёрын харилцан ойлголцлын тухай өгүүлснээрээ онцлог. Б.Одончимэг киноныхоо тухай “Би энэ бүтээлээс өмнө нь хэд, хэдэн кинонд туслах дүр бүтээсэн. Харин анхны гол дүр минь “Аз жаргалын шок” кино юм. Мөн манай Б.Тамираагийн анхны бие даасан бүтээл. Үеэл маань надад чи л энэ дүрийг бүтээж чадна гэж итгэсэн. Тиймээс эрэгтэй найзуудаасаа судалгаа хийж байгаад дүр дээрээ ажилласан. Кино нээсний дараа олон хүнээс урмын үг сонссон. Тэгэхээр энэ дүр маань хүмүүст их хүрсэн юм болов уу” гэж сэтгэгдлээ илэрхийлсэн юм.
“Том толгойтын романс”-ийн захирал
Б.Одончимэгийн дараагийн онцлох дүр бол “Том толгойтын романс” киноны захирал эмэгтэйн дүр юм. Италийн алдарт кино зохиолч Lina Wertmüller-ийн зохиолоос сэдэвлэсэн тус бүтээлд том группын өв залгамжлагч бүсгүйн адармаатай амьдрал түүнийг энгийн нэгэн аж ахуйч, цахилгаанчин залуутай учруулж буй тухай өгүүлдэг. Гэнэтийн ослоос болж ухаан санаагаа алдсан бүсгүй гурван хүүхдийн ээж болж, гэр хорооллын амьдралын бүхий л нугачааг туулах болно. Түүний нөхөр болох тус группын дэд ерөнхийлөгч болон түүний төрсөн ах хоёр хувилдаж бүсгүйн хөрөнгийг өөрсдийн болгох гэсэн далд санааг өвөрлөж байгаа нь киноны гол зөрчил юм. Тус кинонд Б.Одончимэгийн жүжигчний уран чадвар, мэдрэмж, дүрээрээ өгүүлэх харизм илүү хүчтэй, тод харагддаг билээ. Тэрбээр дүрийнхээ тухай “Энэ дүр дээр ажилласандаа сэтгэл хангалуун байдаг. Учир нь жүжигчний хувьд илүү дэвшиж, хөгжих боломжийг надад олгосон” гэж киноны нээлтийн үеэр сэтгэгдлээ хуваалцаж байжээ.
“Гэрлэн дохио” киноны Тамираа
Харин түүнийг чимсэн дараагийн нэгэн дүр бол “Гэрлэн дохио” киноны Тамираагийн дүр билээ. “Хүлэгү” пикчерсийн энэхүү ээлжит бүтээлд гурван найзын амьдралын тухай өгүүлдэг юм. Тус бүтээлд мөн л гэр бүл, хайр сэтгэлийн үнэ цэнийн тухай өгүүлсэн байдгаараа онцлог. “Боловсрол” суваг телевизийн бүтээсэн энэ кино үзэгчдийг дэлгэцийн өмнө “уяж” байсан олон ангитын нэг юм. Жүжигчин Б.Одончимэг тус киноны тухай “ Энэхүү инээдмийн кинонд А.Өнөржаргал буюу Өөскө ахтайгаа хамтарч нэг гэр бүлийн хосын дүрд тоглосон. Кино гарч эхэлснээс хойш хүмүүс надаас чи их ааштай юу гэж асуух болсон. Гэтэл би дүрээсээ тэс өөр хүн. Харин киноны хувьд гэр бүлийн амьдралыг бага зэргийн хэтрүүлэгтэй л үзүүлсэн. Найруулагч маань Тамираагийн дүрийг "Гэрлэн дохио" киноны улаан гэрэл шүү гэж хэлж байсан учир дүрээ их хурц гаргах гэж хичээсэн. Гэхдээ бид энэ киногоор нийгэмд гэр бүлийн амьдрал ийм байж болохгүй гэсэн мессежийг л өгөхийг зорьсон” хэмээн ярьжээ.
“37-р Точка”-гийн Бурмаа
“Фантастик” продакшны уран бүтээл жилээс жилд чанаржиж, чангарсаар яваа билээ. Үүний хамгийн том жишээ нь “37-р Точка” кино юм. Тус продакшн энэхүү бүтээлийг 10 жилийн ойдоо зориулан бүтээж байв. Нээлтээ хийсэн цагаасаа үзэгчдийг байлдан дагуулсан энэ бүтээлд өнчин таван хүүхдийн хувь тавилангийн тухай өгүүлдэг. Тэд өсч том болоод өөр өөрийн амьдралыг бүтээдэг ч содон, сонирхолтой сэжмээр нэг гэр бүл болж холбогдсон учир учиг зангилаа нь тайлагдтал хувь тавилан нь салдаггүй. Энэхүү кинонд жүжигчин Б.Одончимэг Бурмаа хэмээх худалдагч эмэгтэйн дүр дээр ажилласан билээ. Хэлэх гэснээ хэнээс ч айлгүй хэлчихдэг тэр эмэгтэй бол ах дүү тавын нэг болох Болдоогийн эхнэр билээ. Бурмаагийн дүрийн тухай сэтгүүлч Л.Мөнхбаясгалан “Жүжигчин Б.Одончимэг бол заяамал өнгөөрөө гарч ирж яваа чадварлаг жүжигчдийн нэг. Харин Бурмаагийн дүр бол нийгэмд жинхэнэ утгаараа оршиж буй мянга мянган эмэгтэйн төлөөлөл. Нөхөр нь гэмт хэрэгтэн бай ч хайрлана. Тэр амьдралдаа, хайрандаа дэндүү үнэнч” хэмээн онцолсон нь бий.
“Солонго Үүл”-ийн Жаргал
Жүжигчин Б.Одончимэгийн сүүлийн үеийн уран бүтээл гэвэл жүжигчин Г.Нарансолонготой хамтран тоглосон “Солонго Үүл ” кино юм. Тус бүтээлд Эрхүү хотод алга болсон хүүгээ хайж холын замд гарсан ээж, хүчирхийлэгч нөхрөөсөө оргох хөдөөний эхнэр хоёрын санаандгүй учрал, зовлон нэгтнүүдийн нөхөрлөл, адал явдлын талаар өгүүлдэг юм. Харин тэрхүү хөөрхийлөлтэй, хөдөөний эмэгтэй Жаргал нь жүжигчин Б.Одончимэг юм. Тэрбээр энэхүү бүтээлийн тухай “Киноны трэйлер дундуур эмэгтэй хүн эрх чөлөөтэй байхын тулд бусдаас зөвшөөрөл гуйх ёсгүй гэсэн үг гардаг. Энэ бол үнэн. Эмэгтэй хүн аз жаргалтай амьдрах гэж ирдэг. Эмэгтэй хүмүүс хамтдаа байж, дуу хоолойгоо нэгтгэж, хүчтэй байж, эрх чөлөөнийхөө төлөө урагшаа тэмүүлцгээе. Энэ киног үзсэн эмэгтэй хүн бүр нэг урсгалаараа биш, өөрөө ямар нэгэн алхам хийх ёстой юм байна гэсэн жаахан ч гэсэн сэргэлт авч үлдээсэй гэж энэ уран бүтээлийг хийсэн” хэмээн ярьсан байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 5. ЛХАГВА ГАРАГ. № 133, 134 (7118, 7119)