П.АМГАЛАН

 

Монголын кино урлагт өөрийн орон зайг бүтээж, үзэгчдийг  дэлгэцийн өмнө уяж чадсан олон  дүрийн эзэн жүжигчин, найруулагч  Б.Амарсайханыг “Зууны мэдээ” сонин “Дэлхийн хүн” буландаа онцолж байна. Тэрбээр жүжигчний замналаас найруулагч руу хөрвөж содон, сонирхолтой ертөнц бүхий дэлгэцийн бүтээлээр үзэгчтэй уулзаад буй.

 

“Марко Поло”-гын Аригбөх

 

Б.Амарсайхан “Бодлын хулгайч” киноны Гантулгын дүрийг бүтээж байсан цаг саяхан. Киноны төгсгөлд ээжтэйгээ уулзаж байгаа, дүрээ  аргадаж  буй нь түүнийг ямар чадварлаг жүжигчин бэ гэдгийг харуулсан. Ийм л олон гайхалтай дүр түүний уран бүтээлийн санд бий.

Тэр бол дэлхийн хүн. Ийн тодотгосны учир нь Б.Амарсайхан Монголын кино урлагийн түүхэнд нэгэн тод жимийг татаж  холливудын кинонд тоглосон уран бүтээлчдийн нэг юм. Тэрбээр 2014 онд түүхэн “Марко Поло” 10 ангитай кинонд Аригбөхийн дүрийг бүтээж дэлхийд уран бүтээлийн замналаа эхлүүлсэн. Уг кинонд 34 орны уран бүтээлч тоглосон бөгөөд  90 сая ам.долларын өртгөөр бүтсэн дэлхийн сор бүтээлийн нэг болж чадсан юм. Нью-Йорк хотын “Broadway” дахь “AMC Loews” театрт “Марко Поло” киноны нээлт болж тэрбээр улаан хивсний ёслолд эхнэрийнхээ хамт  алхсан ховорхон агшны эзэн болж байв.

 

“Оскар”-т нэр дэвшсэн “Эргэж ирэхгүй намар”

 

Б.Амарсайхан уран бүтээ­лийнхээ замналд шинэ мөрийг татсан нь  найруулагч байв. Олон ч кинонд гол болон туслах дүр бүтээсэн тэрбээр найруулагчаар ажиллахдаа дотортой, үнэн өнгө төрхийг гаргаж чадсан юм. Түүний анхны ерөнхий найруулагчаар ажилласан “Эргэж ирэхгүй намар” кино олон улсын наадмуудад амжилттай оролцсон. Тэрбээр хүн бүхний өмнө тулгарч байгаа асуудлыг  “Эргэж ирэхгүй намар”-аар гаргахыг зорьжээ. Түүний энэхүү зорилго биелэлээ олж, үзэгчид, кино шүүмжлэгчдийн хараанд өртөж, дэлхийд хүртэл нээлтээ хийсэн юм.

Уг кино Канадын Бритиш Колумбын Ванкувер хотод жил бүр зохион байгуулдаг  Ванкуверын олон улсын кино наадмаас “Үзэгчдийн нэрэмжит шагнал”-ыг хүртэж, амжилтын замнал нь эхэлсэн. Мөн тус киноны Түнтүүлэйгийн дүрд тоглосон Г.Тэнүүн-Эрдэнэ хүү  Швейцарын Фрибургийн олон улсын кино наадмын "Шилдэг дүрийн шагнал"-ыг хүртсэн билээ. Уран бүтээлч бүр  “Оскар”-д нэр дэвшиж, тайзан дээр нь алхах хүсэл тээдэг. Тэгвэл Б.Амарсайханы ерөнхий найруулагчаар ажилласан “Эргэж ирэхгүй намар  “Оскар”-ын наадамд оролцсон Монгол Улсын  долоо дахь бүтээл  болсон юм.

Жүжигчний замналаар олон жил алхаж, урлагийн гал тогоонд буцалсан түүнийг найруулагчийн нүд, өнцөг, сэтгэлгээ нь дэлхийд хөтөлж чадсан. Түүний дараагийн уран бүтээлүүд ч дэлхийд илүү тод мөрөөр гэрэлтэх нь гарцаагүй биз.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023.6.13 МЯГМАР № 116 (7101)