Дамдинрагчаагийн ДАРАМБАЗАР

 

Монгол тамирчид пауэрлифтингээр дэлхийд өндөр амжилт үзүүлж байна. Жишээлбэл, Ази, дэлхий, олимпын дээд амжилтыг эзэмшиж байгаа юм. Манай хүчтэнгүүд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын Сан Сити хотод болсон пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аваргаас багийн амжилтаар хоёрдугаар байрт шалгарсан. Богц арвинтай энэ тэмцээнээс Г.Сумъяасүрэн, Д.Түмэнжаргал нар алтан медалийг өвөртөлсөн билээ. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор Г.Сумъяасүрэн, Д.Түмэнжаргал нарыг онцолж байна.

 

Монголын анхны эмэгтэй дэлхийн аварга Г.СУМЪЯАСҮРЭН

-Би Өвөрхангай аймгийн Уянга сумын ерөнхий боловсролын сургуульд суралцдаг. Анх чөлөөт бөхөөр хичээллэдэг байсан. Бэлтгэлээ хийж байхад багш  “Пауэрлифтингийн тэмцээнд оролцох уу” гэж асуусан цагаас пауэрлифтингээр хичээллэх болсон. Тухайн үед багш чөлөөт бөхийн бэлтгэлээс өөр шүү гэж сануулсан. Маргааш нь ирээд өргөөд үзтэл болмоор санагдсан. Багш ч өмнөхөөсөө ахиу өргөж тэмцээнд түрүүлнэ гэдгийг ойлгуулсан. Тэгэхээр нь 20 кг-ийг нэмж өргөх гэтэл чадаагүй. Гэтэл багш “Ингэж огцом өргөвөл гэмтэнэ. Даах хэмжээндээ тааруул” гэсэн зөвлөгөө өгсөн юм. Ингээд анхны тэмцээндээ алтан медаль хүртэж, улсын аваргад оролцохоор болсон. Улсын аваргад түрүүлснээр чөлөөт бөхөө орхиж, пауэрлифтингээр хичээллэж эхэлсэн. Аймгийн аваргад ганц, хоёрхон удаа оролцсон охин Азийн аваргын тэмцээнд оролцоно гэж төсөөлж байгаагүй. Ингээд хэрэглэлгүй төрөлд нь мөнгөн медаль хүртээд их баярласан. Тэмцээний дараа дасгалжуулагч “Тэмцээн дуусаагүй шүү охин минь. Дахиад нэг төрөл бий. Чиний бэлтгэл дээр өргөж байсныг дийлэх тамирчин алга” гэж хэлсэн нь алтан медаль хүртэх урам зоригийг бадраасан. Энэ амжилтаараа ДАШТ-д оролцохоор болж, Монголын анхны эмэгтэй дэлхийн аварга гэх цолыг хүртлээ. ДАШТ-д амжилт үзүүлнэ гэхээс илүү айдастай оролцсон. Учир нь анх удаа гадны оронд очиж үзэх учир мэдэхгүй газар луу явчих вий, алдаа гаргах вий, жиндээ орж чадах уу гэсэн эмзэглэл байсан. Тэмцээн ч эхэлж, эхний захиалгаа өгсөн. Эхний захиалгаа давж чадвал дараагийнх амархан гэдэг сэтгэл зүйтэй оролцсон учраас алдах эрх байгаагүй.

Яг өргөх гэсэн чинь “Би даах болов уу” гэсэн бодол орж ирсэн. Гэтэл багш “Хурдан өргөөрэй” гэхэд нь сандарсандаа гэнэт өргөчихсөн. Хэрэв айдсаа ялж чадаагүй бол түрүүлэхгүй. Тэмцээнээс ирээд олон хүнээс урмын үг сонссон. Ах, эгч нар илүү амжилт үзүүлээрэй гэж захисан болохоор наймдугаар сард болох Азийн аваргад түрүүлэхийг хичээнэ. Мөн  олон удаагийн дэлхийн аварга болохын төлөө илүү сайн бэлтгэлээ хийнэ гэсэн зорилгыг тавьсан.

 

Монголын дээд амжилтыг эзэмшигч Д.Түмэнжаргал

-Миний бага нас Төв аймгийн Бүрэн суманд өнгөрсөн. Дөрвөн ах, дөрвөн эгчтэй айлын бага хүү. Дунд сургуулиа төгсөөд ЭЕШ өгсөн боловч хүссэн оноогоо авч чадаагүй.  Ингээд яахаа мэдэхгүй явж байхдаа бодибилдингийн багш дасгалжуулагч бэлтгэнэ  гэсэн сонины зар уншсан юм. Зарын  дагуу шууд Мон-Алтиус сургууль дээр очсон. Дунд сургуульд байхдаа аймгийн арслан Ж.Эрдэнэбат ахын  удирдлага дор бодибилдингээр хичээллэдэг байсан юм.  Ингээд ур чадварын шалгалт өгөөд багш, дасгалжуулагч мэргэжлээр суралцаж эхэлсэн. Н.Батбаяр, н.Ганболд, н.Жамц багш нарын удирдлага дор бэлтгэлээ хийж, их зүйл сурсан даа. Харин сургуулиа төгсөхийн өмнө 2008 оноос тэмцээнд оролцож эхэлсэн. Ингээд 2010 оноос пауэрлифтингээр хичээллэж эхэлсэн юм. Энэ спортоор хичээллэснээс хойш ДАШТ-д найман удаа оролцлоо. Ингэхдээ хоёр удаа VI, IV байрт шалгарч, хоёр жил дараалан эхний шатанд хасагдаж байсан. Харин сүүлийн тэмцээндээ  зорилгоо биелүүлж, дэлхийн аварга болсон. Пауэрлифтинг бол цаг хугацааны спорт гэдгийг ойлголоо. Жил ирэх тусам өмнөх алдаан дээрээ суралцаж, чамбайрдаг юм байна. Тэмцээнд оролцохдоо чихэвчээр дуу сонсож, төвлөрөх дуртай. Чихэвчээ салгаад босоход илүү тэнхээтэй болчихсон байдаг. Энэ нь сэтгэл зүйтэй л холбоотой болов уу. Энэ жилийн тэмцээний хувд өрсөлдөгчид их хүчтэй байсан. Тэмцээний дараа манай орон яалт ч үгүй бөхийн орон юм байна гэж бодогдсон.

Монгол тамирчид үнэхээр бяртай. Бусад орны тамирчдаас ялгарах гол онцлог нь тэр. Мөн амжилтад хүрэхэд хичээл зүтгэл их чухал. Энэ жилийн хувьд манай тамирчид бэлтгэл сайн байсан. Тэр нь ч гаргасан амжилтаас нь харагдаж байна. Олон улс ч монгол тамирчдыг бэлтгэлээ сайн хийдэг, өсөх ирэээдүйтэй гэж магтаж байлаа.  Мөн аливаа тэмцээнд оролцоход дэмжлэг чухал. Бэлтгэл, сургуулилтаа хиймээр байдаг. Гэтэл явах зардлын мөнгө нь бодогдоод тайван ч байж чадахгүй үе бий. Энэ бүхэнд туслаж пауэрлифтингийн спортыг тодорхой хэмжээнд дэмжиж, ойлгодог хүмүүстээ талархал илэрхийлье.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023.6.13 МЯГМАР № 116 (7101)