Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА
Орос, Монгол, Хятад, Япон дөрвөн орны хамтарсан "Дэлхийн сонгодог Монголд" тоглолт амжилттай болж өндөрлөсөн. Тус тоглолтод оролцсон ОХУ-ын Красноярск хотын Дуурь бүжгийн академик театрын гоцлол дуучин Александр Михайловыг “Өөр зочин”-оор урьж ярилцлаа.
-Та Монголын дуурийн театрын тайзан дээр дууллаа. Уран бүтээлээ хүргэчихээд тайзнаас буухад ямар мэдрэмж төрсөн бэ?
-Тэр мөч үнэхээр гайхалтай байсан. Монголын үзэгчид намайг болон хүсэл зорилго нэгтэй уран бүтээлчдийг маань тийм дотно хүлээж авна гэж бодож байгаагүй учир төсөөллөөс илүү мэдрэмжийг надад өгсөн. Тайзнаас буусны дараа ч үзэгчдийн халуун алга ташилт үргэлжилсээр байсан нь сэтгэлд таатай мэдрэмжийг үлдээсэн байна.
-Монголд ирж тоглолт хийх саналыг та хэрхэн хүлээж авсан бэ?
-Би тоглолтод оролцоно гэж шийдсэнээсээ эхлээд л догдолсон. Монголчуудыг их найрсаг ард түмэн гэж сонссон учир биднийг хэрхэн хүлээж авах бол гэсэн бодол байсан. Би БНХАУ-ын дуурийн дуучин Жан Лэйтэй нэг нислэгээр ирсэн юм. Биднийг онгоцонд суусны дараа нисгэгчийн бүхээгнээс зарлагчаар “БНХАУ-ын Шаньси мужийн дуурийн театрын гоцлол дуучин Жан Лэй, ОХУ-ын гоцлол дуучин Александр Михайлов нарыг манай оронд очих гэж байгаад таатай байна, ая тухтай нисээрэй” гэж хэлсэн. Мөн онгоцноос буухад биднийг алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүүтэй угтсан. Монголчуудын хувьд чухал хүндээ л энэ хүндэтгэлийг үзүүлдэг гэж сонссон. Энэ хандлагууд нь надад таалагдсан шүү.
-Манай театрынхан та бүхнийг хэрхэн хүлээж авсан бэ. Ур чадварыг нь та хэрхэн дүгнэв?
-Биднийг их сайхан хүлээж авч, уран бүтээлээрээ бэлэг барьсан. Монголын сонгодог урлагийг дөнгөж ундарч буй булагтай зүйрлэдэг шүү дээ. Хэдийгээр сонгодог урлагийн олон зуун жилийн түүхгүй ч эрчимтэй хөгжиж, дуучид нь хоолойн цар хүрээгээрээ дэлхийд танигдаж байна. Монгол дуучид авьяастайгаас гадна их хөдөлмөрч юм билээ. Үүнийг Ө.Цэрэнчунт найзаасаа мэдэрсэн.
-Та дуучин Ө.Цэрэнчунттай та хамт ажиллаж байсан гэсэн үү?
-Бид нэг театрт хамт ажиллаж, нэг уран бүтээлд дуулж байсан юм. Ө.Цэрэнчунтын хувьд 2013-2016 оны хооронд ОХУ-д урилгаар ажиллаж байсан шүү дээ. Тэр үед “Евгений Онегин” дуурьт бид хамт ажиллаж байлаа. Би Онегинд, найз маань Ленскийд дуулсан. Хэдийгээр бид тайзан дээр дайсагнасан дүрд дуулдаг боловч амьдрал дээр их сайхан гэр бүлийн найзууд болж үлдсэн. Цаашдаа ч энэ нөхөрлөл үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна.
-Монгол дуу сонсож байв уу. Та үзэгчидтэй Монголоор “Сайн байна уу” гэж мэндэлж байсан?
-Бид Монголд ирж тоглолтоо хийхээр шийдсэн цагаасаа л Монголоор мэндлэхээс эхлээд ганц нэг үг сурч эхэлсэн. Монголчууд бие биетэйгээ мэнд мэдэж, сайхан ерөөл хэлдэг, сайхан уламжлалтай ард түмэн гэж сонссон. Мөн монгол хэл их яруу тансаг, сонсголонтой юм билээ. Ө.Цэрэнчунт найзынхаа монгол дуу дуулж байхыг олон удаа сонссон. Дуу бүхний ялгуу нь уянгалаг учир шууд сэтгэлд хүрсэн. Үг нь их зөөлөн, аргадаад байх шиг мэдрэмжийг төрүүлдэг юм билээ.Мөн монгол дуу эгшиглэхэд уудам тал, цэнхэр тэнгэр нүдэнд харагдсан. Яг л тал нутагт алхаж яваа юм шиг сайхан мэдрэмж төрж байлаа. Танай ард түмэн ч яг л тэр уудам тал шигээ уужим сэтгэлтэй байх аа.
-“Дэлхийн сонгодог Монголд” төсөл хэрэгжүүлэх санаа хэрхэн төрсөн бэ?
-Бидний гол зорилго бол дэлхийн сонгодог бүтээлүүдийг Монголд төдийгүй дэлхийд таниулах. Энэ зорилгоо биелүүлэхийн төлөө их олон жил хамтдаа хөдөлмөрлөх байх. Нэгэнт л зорьж тэмүүлснийх бидэнд сонгодог урлагийн гайхамшгийг Азид, цаашлаад дэлхийд мэдрүүлэхсэн гэсэн дэврүүн мөрөөдөл бий.
-Манай улсаас гадна дараагийн тоглолт хийх орны нэр тодорсон уу?
-Бидний зорилго болоод тоглолтын эхлэл цэг нь Монгол Улс. Хэзээ нэгэн цагт эргээд харахад энэ сайхан орноос мөрөөдлөө эхлүүлэхээр хамтдаа алхаж байснаараа бид бахархах байх. Харин ирэх аравдугаар сард ОХУ-д тоглолтоо хийхээр бэлтгэл ажил явагдаж байна. Үүний дараа БНХАУ-д тоглохоор төлөвлөж байгаа бол Японы талаас ч биднийг зориод ирвэл тоглолт хийх боломжтой гэсэн хариу өгсөн. Үүнээс гадна бидэнд БНСУ-аас ирж тоглолтоо толилуулаач гэж санал тавьсан гээд энэ жилийн хувьд аяны богц дүүрэн байх нь.
-Бүгд үндэс угсаа, шашин соёл өөр болохоор ойлголцоход хэр хүндрэлтэй байсан бэ?
-Бидний хүсэл зорилго нэг. Тиймээс хамтарч ажиллахад хүндрэл учраагүй. Бусад уран бүтээлчид маань ч Азидаа хүлээн зөвшөөрөгдсөн энэ цагийн шилдэг дуучид, бүжигчин. Дуурийн дуучин бидний хувьд сонгодог урлаг гэдэг нэг зүрх, нэг хэлтэй улс. Тайзан дээр дуулж байхдаа энэ урлагаараа бахархаж, омогшдог онцлогтой. Мөн ямар ч орны уран бүтээлчтэй дуулсан энэ бол харь хүн гэсэн бодол төрж байсангүй. Харин ч тухайн уран бүтээлчид бид бие биенээсээ суралцаж, өөрийн орны ёс заншил, сонгодог театрын түүхээс хуваалцдаг
-Та манай дуурийн урлаг, театрын тухай судалж байсан уу?
-Монголын театрын тухай найзаасаа сонсож байсан. Мөн цахим ертөнцөөс ч олон мэдээлэл уншсан. Танай театр энэ жил түүхт 60 жилийн ойтойгоо золгож байгаа гэсэн. Анх П.И.Чайковскийн “Евгений Онегин” дууриар нээлтээ хийж байсан тухай уншсан. Улсдаа ганц байдаг энэхүү театрт авьяаслаг олон уран бүтээлч ажиллаж, хувь нэмрээ оруулж байхыг нь харахад бахархмаар санагдаж байна.
-Сонгодог урлагийн юу нь таныг ингэж соронзон мэт татдаг юм бэ?
-Магадгүй сонгодог урлаг гэдгийн гайхамшгийг хүн бүр, дуучин бүхэн өөрийн мэдрэмжээр хүлээж авч тайлбарлах байх. Миний хувьд сэтгэл зүрхэнд минь байраа олсон бүхэл бүтэн ертөнц юм шиг санагддаг. Мөн энэ урлаг дэлхийн соёл. Хэрэв бид дэлхийн бүх улс оронтой ямар нэг нэгдсэн хэлээр ярихаар бол сонгодог урлагаар ярилцаж чадна. Тиймээс дэлхийн нэгдсэн хэл сонгодог урлагийг танай сайхан оронд төдийгүй дэлхийн бусад оронд таниулж, сурталчилмаар байна.
-Та дөрөв тайзан дээр хамтдаа байхдаа илүү хүчтэй, зоримог харагдаж байсан?
-Өнөөдөр дэлхийн сонгодог урлагт Европын дуучид үнэ цэн, эрэлттэй байна. Харин сүүлийн жилүүдэд Хятад болон Монголын дуучид энэ салбарт хүч түрэн орж ирж байгаад уран бүтээлч хүнийхээ хувьд баяртай байна.Бид өөр ямар ч салбарт хамтарч ажиллах боломжгүй байлаа ч соёл урлаг, сонгодог урлагаар нэгдмэл байж чадна. Мөн ганцхан би бус өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт энэ урлагийн төлөө хөдөлмөрлөж яваа залуу уран бүтээлч олон бий. Тиймээс бид хамтдаа байхдаа илүү хүчтэй байж, дуу хоолой минь олон хүнд хүрнэ гэж бодож байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 9. БААСАН ГАРАГ. № 114 (7099)