Дамдинрагчаагийн ДАРАМБАЗАР
Чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх олон төрлийн спорт тоглоом бий. Тэдгээрээс хэн илүү цагаа зориулж, хөдөлмөрлөсөн нь мэргэжлийн түвшний тамирчин болдог онцлогтой төрөл бол биллиардын спорт юм. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа биллиардын спортын мастер, улсын хоёр удаагийн аварга А.Дэлгэрхүүг урьж ярилцлаа. Тэрбээр дэлхийн гурван удаагийн аварга Гарит Поттсыг “JOY MASTER” тэмцээний шигшээ наймд ялж байсан туршлагатай тамирчин юм.
-Та “JOY MASTER” тэмцээнд Америкийн Гарит Поттсыг ялж байсан. Тэр үеийн мэдрэмж, дурсамжийг эргээд сэргээвэл?
-Биллиард бол Хятадаас гаралтай спорт. Тиймээс ч Хятадын тамирчид дэлхийн томоохон тэмцээнд дээгүүр өрсөлддөг. Харин хятад тамирчдыг ялдаг ганц хүн бол Гарит Поттс. Тэрбээр биллиардын ДАШТ таван удаа болоход гуравт нь түрүүлж байсан. Би тухайн жил бэлтгэл сайн байсан ч эрх олгох тэмцээнд хангалттай байж чадаагүй учир ДАШТ-д цагаан хуудсаар оролцохоор болсон. Хятадад очоод эхний тоглолтдоо ялалт байгуулсан. Харин дараагийн тоглолтоо Гарит Поттстой хийхээр болсон юм. Тэмцээний өмнө шүтэж явдаг тамирчинтайгаа зураг даруулж байсан бол хэдэн хормын дараа л түүний эсрэг тоглохоор болж билээ. Тухайн үед тэмцээнээ энэ хүрээд өндөрлүүлэх нь дээ гэсэн бодол орж ирсэн. Тоглолт эхлээд хэсэг ажсан. Бусдын адил л тоглож байна. Жижиг алдааг ч гаргаж байсан нь хожих шалтгаан болсон. Ингэж л дэлхийн томоохон мастерыг хожиж, шигшээ наймд шалгарсан түүхтэй. Харин дараа нь мөн Америкийн тамирчинтай таарч тоглоод ялагдсан ч энэ тэмцээнээр Монголынхоо дээд амжилтыг тогтоосон.
-“JOY MASTER” бол чансаа өндөр тэмцээн. Та энэ тэмцээнд оролцохын тулд хэдэн жилийг зориулав?
-Би 1999 оноос биллиардын спортоор хичээллэсэн. 2004-2009 он хүртэл Монголынхоо топ зэрэглэлд багтдаг байлаа. Харин 2009 оноос гадаад руу суралцахаар явсан. Эргээд эх орондоо иртэл залуу, шилдэг тамирчдаа хожиж чадахгүй байсан. Тиймээс өмнөх үеийнхээ тоглолтод хүрэхийн тулд дөрвөн жилийг зориулсан. Хичээсний үр дүнд “JOY MASTER” тэмцээнд оролцох боломжтой болж, бэлтгэлээ улам эрчимжүүлсэн. Тэгэхээр энэ тэмцээнд оролцохын төлөө нийт найман жилийг зарцуулсан гэсэн үг. Тэмцээнд оролцдог жилээ Монголынхоо бүх тамирчдыг хождог болсон. Ингэснээр тус тэмцээнд дээгүүр амжилт үзүүлэх итгэл улам нэмэгдсэн. Тэмцээнд оролцсоны дараа хоёр ч удаа ДАШТ-д амжилттай оролцсон шүү.
-Тэмцээний үеэр өрсөлдөгчийнхөө тактикыг урьдчилж мэдэх тохиолдол гарах уу?
-Шилдэг биллиардчид тоглолтын өмнө тактик боловсруулдаггүй. Төлөвлөгөө гаргахаас илүү, ямар арга барилыг ашиглавал зохистой гэдгийг боддог. Бөмбөг хаана байрлаж байхаас хамаараад довтлох уу, нуух уу гэдгээ бодох хэрэгтэй. Хэрэв эсрэг багийн бөмбөгийг нууж чадаагүй бол хожигдох магадлал нэмэгддэг. Тиймээс биллиардын бөмбөгний байрлалыг ямар газар аваачихаас хожил шийдэгддэг.
-Биллиардын спортоор хичээллэснээр хувь хүн ямар ур чадварыг эзэмших бол. Энэ спортын давуу тал нь юу вэ?
-Биллиард нь тооцооллын спорт. Шатартай л адилхан гэсэн үг. Хэрхэн нүүх тухайгаа боддог шиг толгойгоо л сайн ажиллуулдаг. Мөн сэтгэл санааны хувьд тайван байлгаж, цохилтоо хийхийг шаарддаг. Мөн чимээгүй орчинд амьсгал авахгүйгээр анхаарлаа төвлөрүүлснээр өрсөлдөгчөөсөө илүү оноо авна. Энэ л биллиардын спортын ялгагдах онцлог юм. Үүнээс гадна хүний зан чанарыг төлөвшүүлж, тэвчээртэй, тооцоололтой амьдрах чадварыг бий болгодог давуу талтай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 113 (7098)