Д.ДАРАМБАЗАР

Кино урлагийг дэмжих сангийн 2023 оны сонгон шалгаруулалт эхэлсэнтэй холбогдуулан Монголын үндэсний кино урлагийн зөвлөлөөс мэдээлэл хийлээ. Кино урлагийн зөвлөлийн гишүүн Н.Ганхуяг “Өнгөрсөн оноос эхлэн кино урлагийн зөвлөлөөс уран бүтээлчдийн дунд төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулж байгаа. Түүнчлэн кино уран бүтээлчдийг дэмжих, кино уран бүтээл, сурталчилгаа, киноны сургалт, сэргээн хөрвүүлэх гэхчлэн цогц ажиллагааг явуулж байна. Шалгаруулалтад нийт 67 төсөл хамрагдсанаас 11 төсөлд эргэн төлөгдөх болон буцалтгүй хэлбэрээр санхүүжилт олгохоор болсон. Үүнээс ес нь уран сайхны болон баримтат кино. Харин сургалтын чиглэлээр цөөхөн төсөл ирсэн. Монголын кино урлагийг мэргэжлийн болон сонирхогчийн түвшнийх гэж ангилж болно. Харин бидний тухайд мэргэжлийн бүтээлийг дэмжинэ. Монгол хүн, зан заншил, байгаль ан амьтанд хэрцгийгээр хандсан, мансууруулах бодис, архи  тамхи, ижил хүйстний агуулгатай бүтээлийг дэмжихгүй. Кино хийнэ гэсэн болгонд санхүүжилт өгөөд байдаггүй гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Түүнчлэн кино урлагийг дэмжих сангаас шалгарсан бүтээлүүдэд эргэн төлөгдөх болон төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр дэмжлэг үзүүлж байгаа. Энэ жилийн сонгон шалгаруулалт тавдугаар сарын 31-нээс эхэлсэн.  Кино бүтээх төсөл, кино наадам сургалт зохион байгуулах зэрэг үндсэн дөрвөн төрөлд дэмжлэг үзүүлэхээр төлөвлөөд байгаа" гэв.

Эх сурвалж: www.zms.mn