-Хүүхдийн үзвэр өндөр чанартай байх ёстой-

Хүүхдийн уран бүтээлийн “Dream Day” театрынхан Эх үрсийн баярын хамгийн гоё үзвэр гэсэн тодотголтойгоор “Алиса” хүүхдийн жүжгийг тавьж байгаа юм. Тун удахгүй тавдугаар сарын 31-нд нээлтийг нь хийж, зургадугаар сарын 4-нийг дуустал таван өдрийн турш тоглох аж.

“Эм Си Пи” ХХК-ийн дэргэдэх“Dream Day” театрыг үүсгэн байгуулагч, уг жүжгийн ерөнхий продюсер, хатагтай Б.Энхсайхантай шинэ бүтээлийнх нь талаар товч ярилцлаа.

-Танай театр гурван сарын дараа хүүхдийн бүрэн хэмжээний хоёр дахь жүжгээ тайзнаа тавьж байна. Хурдтай байна шүү.

-Тийм ээ. Манай хамт олон үнэхээр хурдтай ажилладаг. Зоримог, хийнэ гэснээ тултал хийж байж санаа амардаг зарчимч хүмүүс байдаг. “Dream day” театр түр зуурын сэтгэл хөдлөлөөс бий болоогүй. “Эм Си Пи” компани өнгөрсөн 20 жилийн турш өөрсдөө болон захиалагчдын хүсэлтийн дагуу хүүхдэд зориулсан үйл ажиллагаа, эвэнт, арга хэмжээ зохион байгуулах бүртээ “Манай улсад хүүхдэд зориулсан чанартай, мэргэжлийн түвшний үзвэр үйлчилгээ, урлагийн бүтээл байдаг ч болоосой” гэж байнга бодож, ярилцаж, хүсэж байсан сэтгэлээс урган гарсан юм. Тиймээс бид дараагийн бүтээлүүдээ ч эртнээс төлөвлөсөн. Жишээ нь, ирэх өвөл шинэ жилийн баяраар алдарт “Гринч” жүжгийг тавина. 

-Яагаад “Алиса”-г сонгосон бэ?

-Английн зохиолч Льюис Кэроллын бүтээл “Алиса” бол зөвхөн хүүхдэд төдийгүй томчуудын хувьд ч тэр, сэтгэлгээний эрх чөлөөний бэлгэдэл болсон дэлхийн сонгодог зохиол шүү дээ. Бид уг зохиолоос сэдэвлэж, тайзны цоо шинэ хувилбарыг өөрсдийнхөөрөө гаргаж ирж байгаагаар онцлог. “Боломжгүй зүйл гэж байхгүй, бүх зүйл боломжтой. Гагцхүү чи өөрөө дотроо төсөөлж чадвал боломжгүй зүйлийг ч бүтээх хүч чиний дотор бий” гэсэн маш гоё мэссэжтэйгээр найруулан тавьж байна.  

 

-Уран бүтээлийн багаа танилцуулах уу. Жүжгийн бэлтгэл ид өрнөж байна уу?

-“Алиса” олны хэсэг ихтэй. Дэлхий даяар Walt Disney-н хүүхэлдэй болон кино найруулагч Тим Буртон, Жэймс Бобин нарын найруулгаар Холливудын алдартнуудын амилуулсан сэтгэлд хоногшсон өвөрмөц амьтдын дүр олонтойг нь мэднэ. Үүгээрээ маш онцгой бүтээл. Жүжгийн тайз тэр чигээрээ Алисагийн төсөөллийн ертөнц учир нэг талаас уран бүтээлчдэдээ ч мөн өөрсдийнхөө төсөөллөөр чөлөөтэй ажиллах бололцоо олгож байгаа гэсэн үг. Аль ч насны хүн үзэхэд сонирхолтой жүжиг болж байгаа.

Найруулагчаар авьяаслаг залуу найруулагч А.Аззаяа ажиллаж байна. Уран бүтээлчдийн багаа мэргэжлийн, эрч хүчтэй, чадварлаг залуусаар бүрдүүлсэн. Жүжигчин тус бүр өөрсдийн бүтээж буй дүрээ хичээнгүйлэн амилуулж, “Үзэгч хүүхдүүдийн бага насны тод, жаргалтай дурсамжуудын нэг нь “Алиса” жүжиг байгаасай” гэсэн чин сэтгэлээр хичээж байна.

 

-“Алиса” нь бусад ижил төрлийн үзвэрээс юугаар онцлог вэ?

-Манай “Эм Си Пи” компанийн бусдад хүлээн зөвшөөрөгдсөн, үйлчлүүлэгчдийн зүгээс ч баталгаа өгдөг нэг зүйл бол чанар. Жүжиг байна уу, ер нь аливаа ажил, үйлчилгээ хүүхдэд зориулсан байх тусмаа илүү чанартай байх ёстой. Тэгээд ч олон үзэгч хүүхдүүдийн хувьд “Алиса” маань театрт тайзны бүтээл үзсэн анхны дурсамж нь болох болов уу. Мөн орон зайн хязгааргүй төсөөллийн ертөнцийг тайзнаа үзүүлж буй тул тусгайлан зөвхөн “Алиса”-д зориулсан хөгжим, тайз, фото зургийн гоёмсог булан зэргийг бэлдсэн.

-Хөгжим шинээр бичиж байгаа гэсэн үг үү?

-Тиймээ, бид өмнөх бүтээлдээ хөгжмийн шинэчилсэн найруулга хийж байсан бол энэ удаад “Алиса – Төсөөллийн хүч” жүжигт зориулан авьяаслаг хөгжмийн зохиолч, найруулагч Д.Нямхүү, Х.Цэцэн нар цоо шинэ хөгжим бичиж, найруулга хийж байгаа. Бүтэн цомгийн хэмжээний оригиналь хөгжим зохиогдож байна.

 

-Том хэмжээний бүтээл төрж байгаа сэтгэгдэл төрж байна. Нийт хэдэн уран бүтээлч оролцож байгаа вэ?

-Зөвхөн бүрэлдэхүүний хувьд гэхэд гол дүрийн есөн дүрээс гадна олны хэсгийн туслах жүжигчид, бүжигчид бий. Мөн тайзны техникийн ажилтнууд, зохион байгуулалтын баг гээд нийт 50 орчим хүн ажиллаж байна. Хүүхдийн жүжиг гэхээр баг зүүж хүүхдүүдийг хэдэн минут уйдаахгүй байлгаад гаргахыг хэлэхгүй. Урлагаар дамжуулж, тэр дундаа чанартай мэргэжлийн уран бүтээлчдийн бүтээлээр дамжуулж хүүхдүүдэд боловсрол олгох нь гол зорилго. Хүүхдийн уран бүтээлийн “Dream Day” театрын маань баримталдаг зарчим, үйл ажиллагааны чиг шугам ийм юм.