Ч.ГАНТУЛГА

 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дүрслэх урлаг” буландаа Хархорин сумын “Хархорум” музейд нээлтээ хийсэн “Монголын нэг өдөр” үзэсгэлэнгийн тухай онцолж байна. 

 

Орчин цагийн урлаг, технологийн шийдэл

 

Олон улсын музейн өдрийг тохиолдуулан Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн санаачилгаар  “Монголын нэг өдөр” нүүдлийн үзэсгэлэнг Өвөрхангай аймгийн Хархорин сумын "Хархорум" музейд энэ сарын 18-нд нээлээ. Энэхүү үзэсгэлэнг ”Алсын хараа-2050” буюу манай улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд зохион байгуулснаараа онцлог. Харин үзэсгэлэнгийн зорилго нь монгол ёс заншил, уламжлалаа түгээн дэлгэрүүлж, хайрлан хамгаалж, сурталчилан таниулахад оршиж байв. Үүнээс гадна тус үзэсгэлэн нь1995 оны Засгийн газрын 241 дүгээр тогтоолоор Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт дурсгал зүйлийн зэрэглэлд бүртгэгдсэн Б.Шаравын “Монголын нэг өдөр” бүтээлийн хуулбарыг бүтээлд дүрслэгдсэн үйл явдлыг орчин үеийн амьдралтай харьцуулж, гэрэл, анимэйшнээр баяжуулан үзүүлсэн юм.

 

Эх хувилбарыг Дүрслэх урлагийн музейд хадгалж буй

 

“Олон улсын шилдэг бүтээлийн сан”-д нэгдсэн Монголын таван музейн 58 бүтээл дэлхийн өвд багтсан байна. Олноо марзан хэмээн алдаршсан Б.Шарав “Монголын нэг өдөр” бүтээлдээ монголчуудын өдөр тутмын амьдрал, үндэсний ёс заншил, ахуй орчныг харуулж, ертөнцийн ерийн ба ерийн бус, ил, далд утга учрыг илэрхийлжээ. Ийнхүү нэг өдрийн амьдрал төдийгүй нэг насны явдал, байгаль, хүн, нийгмийн далд нарийн хэлхээ холбоо мөн чанарыг уран сайхны өвөрмөц содон дүр дүрслэлээр дамжуулан илэрхийлсэн байдаг юм.  “Монголын нэг өдөр” бүтээлийн эх хувийг өдгөө Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд хадгалж байгаа юм. Харин хуулбарласан зургийг нь музейн үзмэрт тавьдаг бөгөөд эх хувийг тусгай тохиолдолд л фондноос гаргадаг гэнэ. Тус бүтээлийг 1970-1980 оны хооронд ОХУ-д сэргээн засварласан байна. Энэхүү хосгүй үнэт бүтээлийг 100 гаруй сая төгрөгөөр үнэлсэн байдаг билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 22. ДАВАА ГАРАГ. № 101 (7086)