Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА 

Театрын улаан хамбан хөшиг нээгдэхэд бид бодит амьдралаас түр хугацаанд холдож, тайзан дээр ирсэн тэр зуун, тэр нийгэм, тэр үед уусдаг билээ. Театр бол хамгийн ойр харилцаа, амьд мэдрэмж. Өнөөдөр Монголын театрын урлаг хувьсан өөрчлөгдөж, шинэ цагийн салхи ч сэвэлзэж эхэлсэн. Авьяас нь ундарсан чадварлаг жүжигчдийн залгамж халаа болсон залуучууд театрын шинэ эринийг бүтээлцэж байгаагийн нэг нь залуу жүжигчин Б.Шинэбаяр юм. “Зууны мэдээ” сонин УДЭТ-ын тайзан дээр түүний бүтээсэн дүрүүдээс тавыг нь онцолж байна.   

 

“Жаргаагүй нар”-ын Нацагдорж 

Жүжигчин Б.Шинэбаярын бүтээсэн түүхэн дүр бол их зохиолч Дашдоржийн Нацагдорж билээ. УДЭТ зохиолчийн 100 насны ойд зориулан энэхүү бүтээлийг тоглосон юм. Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Түвшингийн хувьд залуу жүжигчинд энэ том дүр өгсөн нь нэг ёсны аз сорьсон явдал байв. Гэвч Б.Шинэбаяр найруулагчийнхаа итгэлийг алдалгүйгээр энэ бүтээлд тун чадварлаг тоглосон билээ. Тэрбээр дүрийнхээ тухай “Энэхүү дүр дээр ажиллахад зохиолчийн талаарх баримтат кино үзэхээс эхлээд дүрийн судалгаа их хийсэн. Манай жүжигт Д.Нацагдоржийн амьдралын 10 жилийг л харуулдаг. Энэ хүн юунд тэмүүлж, юунд зорьсон болоод хэрхэн Монголын шинэ цагийн утга зохиолын анхдагч болж, 31-хэн жил амьдарсан атлаа ард олны сэтгэлд мөнхөрсөн олон гайхалтай уран бүтээл үлдээж чадав аа гэдэг асуултын хариултыг л бид олохыг зорьсон.Би Нацагдоржийг их зөөлөн, холч ухаантай, гадны боловсрол эзэмшихийг хичээж явсныг нь бодоход шинийг эрэлхийлэгч хүн байв уу гэж бодсон” хэмээн дүрийнхээ тухай ярилцлага өгч байжээ.  

 

“Адууны түүх”-ийн Жанжаа 

Харин дараагийн онцлох дүр нь “Адууны түүх” жүжгийн Жанжаа болон офицерийн дүр юм. Тус жүжгийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар найруулагч тавьсан билээ. Зарим хүн энэ жүжигт түүнийг хоёр дүр дээр ажилласныг анзаараагүй байх. Тэгвэл жүжигчин Б.Шинэбаяр жүжгийн сургуулилтын явцад өөрөө хоёр дүр дээр ажиллах санал гаргажээ. Офицеийн дүрийн хувьд төлөв даруу нэгэн бол адуучин Жанжаагийн хувьд хурц, шийдэмгий, харгис, нас хэвийсэн өтөл хүний дүр юм. Нэг жүжигт хоёр хүний дүр дээр ажиллана гэдэг залуу уран бүтээлчийн хувьд хүндхэн даваа байсан нь лавтай. Энэ тухай тэрбээр “Б.Баатар найруулагч бол Монголын театрын урлагийн ноён оргилуудын нэг. Оюутан байхаасаа би Баатар гуайг биширч, битүүхэн эмээдэг байлаа. Мөн дотроо энэ мундаг хүний жүжигт ажиллахсан гэсэн мөрөөдөл тээж явсан. Энэ хүслээ биелүүлсэндээ баяртай байдаг. Офицерийн дүрээс гадна Жанжаагийн дүрд тоглосон нь миний өөрийгөө сорьж үзэх гэсэн хүсэлтэй холбоотой” гэжээ. 

 

“Ромео Жульетта”-ийн Ромео 

Жүжигчин Б.Шинэбаярын энэ цаг үед брэндээ хийж, тодотгож яваа уран бүтээл нь “Ромео Жульетта” жүжиг билээ. Мөнхийн хайрын бэлгэдэл болсон энэ бүтээлийг анхлан Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Найдандорж сонгодог хэлбэрээр нь тавьж байсан бол 2015 онд Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Наранбаатар шинэчлэн тавихдаа түүнийг Ромеогийн дүрд тоглуулсан билээ. 2015 оноос театрын тайзнаа тасралтгүй тоглогдсоор байгаа энэ жүжиг мянга мянган залууст үнэнч хайрын үнэ цэнийг ойлгуулсан нь лавтай. Б.Шинэбаяр дурийнхээ тухай “Ромеогийн дүр бол миний тайзны уран бүтээлийн анхны гол дүр. Жүжигчин болох мөрөөдөлдөө хөтлөгдөж, СУИС-д элсэж орсон цагаасаа л энэхүү дүрд тоглохыг мөрөөддөг байлаа. Харин мөрөөдлөө биелүүлчихсэн зогсож байна гэхэд итгэмээргүй санагддаг. Мөн сонгодог жүжиг дээр ажилласан хүн дахин нэг их сургууль төгссөнтэй дүйцэхүйц туршлага, боловсрол хуримтлуулдаг гэлцдэг. Тэр ч утгаараа энэ дүрдээ шимтэн дурлаж, маш их хичээл зүтгэл гаргасан” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн билээ. 

 

“Сычуаны сайн хүн”-ий  Шу Фу

Түүний авьяас чадвар, торгон мэдрэмж найруулагч Э.Ёндоншаравын тавьсан “Сычуаны сайн хүн” туульсын жүжигт дахин тодорсон юм. Энэхүү бүтээл өнгөрсөн онд нээлтээ хийсэн бөгөөд найруулагчийн тавилт, зураачийн шийдэл нь Монголын театрын урлагт нэгэн шигтгээ, тод мөр үлдээсэн гэхэд хэлсдэхгүй. Харин жүжигчин Б.Шинэбаяр энэ бүтээлд үсчин Шу фугийн дүр дээр ажилласан. Тэрбээр үзэсгэлэнт Шен Тид дурласан ч өөрийн болгож чаддаггүй. Б.Шинэбаяр дүрийнхээ тухай “Миний хувьд энэхүү жүжигт усчин залуу Шу Фугийн дүрийг бүтээсэн. Өнөөгийн нийгэмд хүнд юу дутагдаж буйг, үүний дагуу юуг анхаарах ёстойг харуулна. Хүний хамгийн том хэрэгцээ болон үнэт зүйл чухам юу байхыг тус дүрээр илэрхийлэхийг зорьсон. Миний хувьд урьд өмнө нь ихэвчлэн дурлалт залуугийн  дүрд тоглож байсан. Хүмүүс ч энэ дүрүүдээр төсөөлж байж магадгүй. Харин энэхүү жүжигт өөрөөсөө өөр хүнийг харуулахыг хүссэн. Өөрөөр хэлбэл, дан ганц дурлалт залуу төдийгүй, хүмүүсийн төсөөлөөгүй өнцгийг гаргахыг зорьж ажилласан гэх үү дээ” хэмээсэн юм. 

 

“Тоглоомчид”-ийн Ихарев 

УДЭТ саяхан энэ оны анхны шинэ уран бүтээлээ өлгийдөж авсан нь Оросын алдарт зохиолч Н.В.Гоголийн “Тоглоомчид” жүжиг байв. Найруулагч Э.Ёндоншаравын ур ухаанаар боссон энэ бүтээлд Б.Шинэбаяр гол дүр буюу зартай мөрийтэй тоглоомчин Ихаревийн дүр дээр ажиллаж байгаа юм. Нүүр хувиргалт, дүр сонголтоосоо эхлээд сонирхол татаж буй тус бүтээл ирэх сараас дахин үзэгчдийн хүртээл болж эхлэх юм.  Оросын нэгэн хотын буурчийн газар 80 мянган рубль хожсон, гарамгай мөрийтэй тоглоомчин Ихарев иржээ. Тэр хөзрийн тоглоомны хаан байж болох ч амьдралын тоглоомонд хэр одтой байх бол.  Энэхүү жүжиг нь хүний хямд, амархан аргаар баяжих гэсэн хүсэл шунал, луйврын тухай өгүүлэх юм. Хэдийгээр 1800-гаад оны үед бичигдсэн зохиол боловч хэлэх гэсэн санаа нь бидний амьдарч буй энэ тоглоом шиг цаг үед ч байсаар байгаа нь жүжгийн үнэ цэнийг улам тодотгож байна хэмээн уран бүтээлчид нь тодотгожээ. Харин жүжигчин Б.Шинэбаяр энэ удаад луйварчны дүрд хэрхэн хувирах бол. Энэ асуултын хариуг та УДЭТ-ын тайзнаас хайгаарай. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 19. БААСАН ГАРАГ. № 100 (7085)