Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА
“Орфей” театрынхан С.Жаргалсайханы зохиол “Шөнө дундын бүжиг” жүжгийг толилуулахаар бэлдэж байгаа билээ. Энэхүү бүтээл нь тус театрын уран бүтээлчдийн сонгосон анхны монгол зохиол юм. Жүжгийн продюссероор зохиолчийн хүү Ж.Билгүүн, найруулагчаар М.Батболд ажиллах ажээ. “Шөнө дундын бүжиг” жүжиг өмнө нь Монголын театрын тайзан дээр хоёр удаа тоглогдсон байдаг. Жүжигт сайхан сэтгэл, үнэнч хайр бус эд хөрөнгө, хөнгөн жаргалд автан амьдрах хүн сүрэг олон болж гэдгийг сонирхолтойгоор харуулдаг билээ. Энэ удаад жүжгийн гол дүр болох Шубирад залуу жүжигчин Д.Асардарь тоглох юм. Харин түүнээс өмнө гоо үзэсгэлэнтэй, халуухан бүсгүйн дүрийг хэн, хэн “амьдруулж” байсан бол.
Анхны Шубира У.Уранчимэг
“Шөнө дундын бүжиг” жүжгийг “Хувьсал” продакшныхан анх 2001 онд үзэгчдийн хүртээл болгож байв. Энэ цагт Шубирагийн дүрийг гавьяат жүжигчин У.Уранчимэг анхлан бүтээсэн байдаг. Одоогоос 20 гаруй жилийн өмнөх энэ бүтээл нь үзэгч, залуусыг байлдан дагуулж, олон удаагийн давтамжтай тоглосон ч үзэгчдийн суудал дүүрэн байв. У.Уранчимэг ч энэ дүрээрээ “Гэгээн муза” наадмын “Шилдэг эмэгтэй гол дүр” шагналыг хүртсэн. Энэхүү жүжгийг түүний залуу нас, гоо үзэсгэлэн, авьяас билэг чимсэн гэлтэй. Уран бүтээлийнх нь анхны гараа болсон энэхүү бүтээлээс хойш тэрбээр олон драмын жүжиг болон дэлгэцийн бүтээлд жүжигчин, найруулагчийн хувиар ажилласаар байна. У.Уранчимэг хамгийн сүүлд "Ноён эмэгтэй" киноны гол дүрээр гарч ирсэн бол тайзнаа Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжгийн Цэцэр хатны дүрийг бүтээсэн юм. |
Үзэсгэлэнт Шубира Г.Отгонцэцэг
10 жилийнхээ ойгоор буюу 2011 онд “Шөнө дундын бүжиг” жүжгийг “Хувьсал” продакшн дахин шинэчлэн тавьсан байдаг. Энэ үед үзэсгэлэнт Шубирагийн дүрийг жүжигчин Г.Отгонцэцэг амьдруулж байсан юм. Тэрбээр мөн л өөрийн дотоод мэдрэмж, мөн чанараараа бүжигчин эмэгтэйд гайхалтай хувирсан гэдэг. Энэ дүрийнхээ тухайд “Анх Г.Цоггэрэл ах "Хувьсал" продакшн 10 жилийнхээ ойг тохиолдуулан "Шөнө дундын бүжиг" жүжгээ тавих гэж байна. Чи Урнаа эгчийнхээ тоглож байсан Шубира гэдэг гол дүрийн эмэгтэйн дүрд тоглооч гэж санал тавьсан. Би дуртай хүлээж авсан. Хамгийн гол нь сайн уран бүтээлийн төлөө жүжигчин хүн хөдөлмөрлөх хэрэгтэй” гэж хэвлэлд ярьж байсан нь түүх болон үлджээ. Жүжигчин Г.Отгонцэцэгийн хувьд хамгийн сүүлд “Сычуаны сайн хүн”, “Ромёо Жульетта” жүжгээр үзэгчидтэй уулзсан билээ. |
Отгон Шубира Д.Асардарь
Одоо үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд буй “Орфей” театрын энэхүү бүтээлд Шубирагийн дүрд УДЭТ-ын жүжигчин Д.Асардарь тоглож байгаа юм. Тэрбээр театрт тэнцэх шалгалтаа Ц.Балдоржийн “Надаар тоглосон хайр” жүжгийн Цолмонтамирын дүр дээр тэнцэж театрт ороод анх ажилласан уран бүтээл нь найруулагч Ч.Түвшингийн “Жаргаагүй нар” жүжгийн Пунцагийн дүр байжээ. Харин хамгийн сүүлд театрын тайзан дээр ажилласан гол дүр нь найруулагч Б.Мөнх-Амьдралын “Миний аав супер баатар” жүжгийн хүү шоргоолжны дүр юм. Үүнээс гадна жүжигчин Д.Асардарийн хувьд дэлгэцийн бүтээлд ч одтой явна. Үүнийг нь нотлох уран бүтээлийн нэг нь “Нийслэл хүүхэн-2” кино билээ. Харин түүнийг энэ удаад залуухан, халуухан бүжигчин бүсгүйн дүрээр харах нь. |
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 17. ЛХАГВА ГАРАГ. № 98 (7083)