Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

 

УДБЭТ-ын уран бүтээлчид У.Шекспирийн алдарт “Макбет” зохиолоос сэдэвлэсэн Ж.Вердийн “Макбет” дуурийг амжилттай тоглосон. Энэхүү бүтээлийн гол дүр болох ноён Макбетад дуучин Э.Бумхүү болон Л.Бүүвэйбаатар нар гоцолсон билээ. Дуучдын тухай мэдээллийг хүргэе.

Л.Бүүвэйбаатар

 

УДБЭТ-ын шинэ бүтээл Ж.Вердийн “Макбет” дуурийн эхний өдрийн тоглолтыг тус театрын залуу дуучин Л.Бүүвэйбаатар нээж, ноён Макбетад гоцолсон юм. Залуу дуучны хувьд энэхүү дэлхийн сонгодог бүтээлийг эх орныхоо хөрсөнд авчрахдаа өөртөө итгэлтэй, дуулалтын хувьд хүчирхэг, жүжиглэлтийн хувьд дүрийнхээ дотоод зөрчил, мөн чанарыг төгс илэрхийлж чадав. Тэрбээр “Театр маань  60 насныхаа ойтой золгож байна. Ойн хүрээнд Ж.Вердийн "Макбет" дуурьт дууллаа. Дуурийг хөгжмийн зохиолч Ж.Верди 1847 онд тавьсан түүхтэй. Үүний дараагаар зарим нэг шүүмжид өртөж, хэтэрхий хүнд зохиол байна гэсний дараа 1865 онд дахин засвар хийж, Парист нээлтээ хийсэн байдаг” гэсэн юм. Л.Бүүвэйбаатар анх улстөрч болохыг мөрөөддөг байжээ. Гэвч дунд сургуульд байхдаа дуучин болохоор шийдсэн гэдэг. Сургуульд байхдаа “Дэнсээ юу” дууг дуулах дуртай байсан гэнэ. Хамгийн сонин нь Хөгжим, бүжгийн консерваторид ороод энэ дууг дуулсан Х.Үнэнхүү багшийнхаа шавь болсон ажээ. Ингээд 2011 оны есдүгээр сард УДБЭТ-ын гоцлол дууны ангид орсон байна. Түүний хамгийн анх дуулсан гол дүрийн нэг нь “Учиртай гурван толгой” дуурийн Юндэн. Дуучин Л.Бүүвэйбаатар энэхүү бүтээлд одоогоор 10 гаруй удаа гоцлоод байгаа аж.

 

Э.Бумхүү

 

Энэ цагийн шилдэг дуучдын нэг Соёлын тэргүүний ажилтан, УДБЭТ-ын гоцлол дуучин Э.Бумхүү ноён Макбетад гоцоллоо. Тэрбээр завхан аймгийн Тэс суманд төржээ. 2002 онд Завхан аймгийн Хөгжим бүжгийн сургуулийг дуу хөгжмийн багш мэргэжлээр, 2005 онд тус сургуулийг дуучин мэргэжлээр, 2008 онд СУИС-ийг дуурийн дуучин мэргэжлээр гавьяат жүжигчин М.Найдалмаа багшийн удирдлага дор суралцаж төгссөн аж. Энэ цагаас хойш өнөөдрийг хүртэл УДБЭТ-т гоцлол дуучнаар ажиллаж байна.Э.Бумхүү анх 2011 онд  ОХУ-ын Буриадад болсон Ардын жүжигчин Л.Л.Линховойнагийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанаас гран-при шагнал авч, хэр чансаатай дуучин гэдгээ харуулж байв. Тиймээс ч ноён Макбет гэсэн дуулалтын хувьд хоолойн чадал шаардсан энэ дүрийг тэрбээр нас, туршлага, хоолойн цар хүрээгээрээ амжилттай авч гарч чадсан юм. Э.Бумхүү дуучны нэрийн хуудас болсон дүрийн нэг нь “Учиртай гурван толгой” дуурийн Балган.Тэрбээр энэ дүрд нийт 53 удаа гоцолсон ажээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 15. ДАВАА ГАРАГ. № 96 (7081)